Асашёорюүг нэг удаа өршөөчихөөч

Манай редакцийн info@bataar.mn цахим хаягаар нэгэн уншигчийн маань нийтлэж өгнө үү гэсэн захидал ирснийг бид таатай хүлээн авлаа.

Улсын баяр наадмын дараа залгаад шахам эхэлсэн сумдын түүхт ойн баярууд болж, хол газраас зорин очигсдын хөлд дарагдаж, сонин сайхан ихтэй наадамлаж байгаа. Түүний нэг жишээ болж Өвөрхангай аймгийн Хужирт сумын 90 жилийн ойн наадмаар Асашёорюү Д.Дагвадорж бөхийн барилдаанд зодоглож хэн хүнгүй л шуугив. Энэ үеэр их аваргын гэр бүлийнхэн төрөлх сумынхаа ойд зориулж орох, гарах хаалга барьж өгчээ. Бүгд л түүнд баяр хүргэв. Тэгээд араас нь муулж эхэллээ.

Сүмогийн 68 дахь их аварга төрөлх сумынхаа ойд улсын заан аавынхаа малгайг өмсөөд зодоглочихож гэнэ. 1996 онд өсвөрийн бөхийн барилдаанд түрүүлж шонхор цол авч байсан байж улсын зааны малгайг өмслөө, начин дүү нь заан ахынхаа малгайг өмсөөд наадамд гарч болох юмуу, Б.Гантогтох гарьд дархан аварга аавынхаа малгайг өмсөж зодогловол яах вэ гэнэ. Үндэсний бөхийн холбоо хариуцлагагүй аав хүү хоёрт хариуцлага тооцох хэрэгтэй, үндэсний бөхийг доромжиллоо гэнэ.

Монголчуудаа гэж. Үндэсний бөхийнхөө дэвжээнд албан ёсоор зодоглолгүй дэлхийн хэмжээний спортод их аварга цолыг нь гуядаж аваад бөхчүүдийг нь бярдаж шидэж байгаад зодог тайлж ирсэн их аваргаа монголчууд бид ад шоо үзээд ч яах билээ. Дэлхийд Монголынхоо нэрийг гаргасан хүчтэн төрсөн газар шороондоо эрхлээ л биз, аавынхаа "заан" малгайг нэг өмсөж монгол түмэндээ гангараа л биз. Харин ч тэр аварга арслан болж байгаа байр машинаар бялхаж яваа улсын цолтнууд нутаг орондоо бариад байгуулаад өгчихсөн юм хаана байгааг харахгүй л байна.

Хариуцлага тооцлоо гээд үндэсний бөхөөр зодоглохгүй шүү гэлтэй биш, өтөл болсон зааныг төдөн сар барилдуулахгүй гэх биш. Ид энэ спортоор хичээллэж яваа улсын цолтнуудтай бол харин хариуцлага ярьж болноо. Мөн бөхийн жудгаа гээж зүлэг ногоон дэвжээг нохой зодооны талбар болгочихоод байгаа бөхчүүдтэйгөө хариуцлага тооцож чадаж байгаа билүү. Япончууд шиг тэгтлээ их ёс ёмбогор байж чадаа юу.

Сонгинохайрхайн дүүргийн 18-р хорооны иргэн Б.Бат-Өлзий

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин