Монголбанкинд сонголт бий...

Сүүлийн өдрүүдэд ам.долларын ханш чангарч, иргэд олон нийт бухимдаж буй. Өнгөрсөн оны долоодугаар сараас хойш ханш аажмаар чангарсаар өнөөдрийн төвшинд 1800 төгрөгийг даваад байгаа. Улмаар “Монголбанк ам.долларын ханшийг барихгүй байна” гэх шүүмжлэл өрнөж буй.

Энэ талаар Монголбанкны Валют, эдийн засгийн газрын захирал Г.Дэлгэрсайхан өнөөдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Төв банкнаас ханшийн хөдөлгөөнийг байнга ажиглаж, зах зээлд ханшийн хэт хэлбэлзэл үүсэхээс сэргийлэн интервенци хийсээр ирсэн. Интервенцийг бид гадаад валютын нийлүүлэлт талаас нь дуудлага худалдаа явуулах замаар хийдэг.

Үүнээс гадна төгрөг талаас нь төв банкны үнэт цаасны арилжаа зохион байгуулах замаар ханшид нөлөөлдгийг хүмүүс тэр бүр анзаардаггүй байж болох юм” гэжээ. Өөрөөр хэлбэл, Төв банкны хувьд ам.доллар болон бусад валютын ханшийн хэлбэлзлийг анхааралтай ажиглаж, зохих арга хэмжээ авч байгаа юм.

Тэгвэл ханш яагаад буурахгүй байна вэ гэж асууж болно. Хэрвээ ханшийг бууруулъя гэвэл Төв банк тодорхой бодлогын арга хэмжээ авах бүрэн боломжтой. Энэ нь бодлогын хүүг өсгөх юм. 2009 оны эдийн засгийн хямралын үед бодлогын хүүг өсгөснөөр ханшийн огцом өсөлтийг дарж байсан удаатай. Гэхдээ үүний нөгөө талд хямралд монголчууд 100 мянга гаруй ажлын байраа алдсан. Хоёр банк дампуурч, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хүндэрч, барилгын салбар бүрэн зогсонги байдалд орсон гэхэд болно.

Энэ удаад ч бас хэрвээ ханшийг бууруулъя гээд бодлогын хүүг өсгөвөл ажлын байрны алдагдал бий болохоор байгаа юм. Бодлогын хүүг өсгөснөөр ам.долларын ханшийг 1500, 1600 төгрөг болгож бууруулж болно. Гэхдээ үүний нөгөө талд 100-150 мянган ажлын байрны алдагдал бий болох эрсдэлтэй. Мэдээж энэ нь Монголын нийт эдийн засагт илүү хор уршигтай, иргэдийн амьдрал, амьжиргаанд шууд нөлөөлөх муу шийдвэр болох юм.

Нөгөөтэйгүүр Монгол Улс Төв банкны тухай хуулиараа валютын ханшийг зах зээлийн нөхцөл байдалтайгаа уялдаж, уян хатан тогтох зарчмыг гаргаж өгсөн.

Өөрөөр хэлбэл, ханш зах зээлийн зарчмаараа явах ёстой. Зах зээлийн зарчмаараа ханш чангарахаар байгаа бол Монголбанк энэхүү хөдөлгөөний эрчийг сааруулахад анхаарч болох юм. Харин зах зээлийнхээ жамаар өсөж буй ханшийг шууд бодлогын арга хэрэгслээр бууруулах нь Монголбанкны үүрэг биш. Нөгөөтэйгүүр зах зээлийн иймэрхүү үндсэн суурь, зарчмын эсрэг арга хэмжээ эдийн засагт сөргөөр нөлөөлдөг “жамтай”.

Ам.долларын ханшийн өнөөгийн нөхцөл байдлын тухайд 2013 оноос эхлэлтэй гадаад зах зээлийн хүндрэлээс үүдэлтэй гэдгийг мэргэжилтнүүд хэлж буй. Өнгөрсөн онд валютын орох урсгал 50 гаруй хувиар буурсан. Мөн экспорт буурч, импорт нэмэгдсэнээр гадаад худалдааны алдагдал түүхэндээ анх удаа хоёр тэрбум ам.долларыг давсан билээ. Энэ мэтээр дотоодын зах зээл дэх ам.долларын хэмжээ буурсан. Үүний нөгөө талд ам.долларын эрэлт хэвээр байгаа учраас зах зээлийн зарчмаараа ханш чангарсан.

Гэхдээ энэхүү ханшийн чангаралт Монголын эдийн засагт өнгөрсөн 20 гаруй жилийн турш “буглаж” байсан гажгийг засаж буй. Тодруулбал, сар бүр 300 сая ам.долларын алдагдал хүлээдэг байсан гадаад худалдааны нөхцөл байдал энэ он гарсаар ердөө 10 орчим сая ам.долларт л хэлбэлзэж байна. Бараг л гадаад худалдаа алдагдалгүй болж эхэлсэн.

Гэсэн хэдий ч цаашдаа ам.долларын орох урсгал сайжрахгүй бол ханш чангарах дарамт байсаар л байна. Он гарсаар ажиглагдаж эхэлсэн эерэг үр дүн оны сүүлийн хагаст муудаж ч магадгүй юм. Өөрөөр хэлбэл, ам.долларын ханш цаашдаа улам нэмэгдэхийг ч үгүйсгэхгүй.

Тэгэхээр ханшийг тогтвортой байлгая гэвэл төр засгийнхан ам.доллар оруулж ирдэг сувгаа нээж, валютын урсгалыг л буй болгох хэрэгтэй байх. Тэгж байж, ханш тогтворжиж, цаашлаад буурах замдаа орно.

Түүнээс биш ханшийг бууруулах гэж байна гээд бодлогын хүүг өсгөж, ард түмнийг хохироож болохгүй биз ээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ