Нэг өрөө байр 64 сая төгрөгийн үнэтэй байна
Иргэд орон сууцны найман хувийн хүүтэй зээлд хамрагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хооронд байрны үнэ хэрхэн өссөн болоод зах зээл хэрхэн өөрчлөгдөж буй мэдээллийг товчлон хүргэе.
Уржигдрын байдлаар ХААН банкны орон сууцны зээлийн хүү сард 1.5-1.6 байсан бол Худалдаа хөгжлийн банкных 1.5-1.65 хувьтай байлаа. Харилцагчдынх нь дийлэнх нь найман хувийн хүүтэй зээлийг сонгох болсныг банкны төлөөлөгчид онцолж байлаа. Зээлийн урьдчилгааг 40 хувиас дээш хэмжээгээр төлбөл банкууд хүүг нь 1.5 хувиар тооцдог байна. “Голомт” банкинд урьдчилгаа төлбөрийн 30-49 хувийг төлбөл зээлийн сарын хүү 1.7 хувь, урьдчилгааны 50 хувь ба түүнээс дээш хэмжээний төлбөрийг төлбөл 1.6 хувийн хүүг санал болгож байна.
Үл хөдлөх хөрөнгө зуучлалын газруудын хувьд орон сууц ийм үнэтэй байлаа. ”БЕСТА” хөрөнгө зуучлалын газраас мэдээлснээр Баянзүрх дүүрэгт 24 ам метр талбайтай нэг өрөө байр 64 сая төгрөг, Сүхбаатар дүүрэгт 36 ам метр талбайтай байр 80 сая төгрөг, Баянгол дүүрэгт 34 ам метр талбайтай орон сууц 60 сая төгрөгийн үнэтэй байв.
Өнгөрсөн даваа гаригийн байдлаар “Буянт-Ухаа” хорооллын орон сууцанд 9081 хүн хүсэлтээ ирүүлжээ. Үүнээс төрийн албан хаагч 3987 байсан бол хөгжлийн бэрхшээлтэй иргэн 980 байна.
Дашрамд дурдахад, “Мастер Пропертиз” компанийн гаргасан өнгөрсөн сарын судалгаагаар байрны үнэ өнгөрсөн оныхтой харьцуулахад 11.1 хувь буюу 231.2 мянган төгрөгөөр, өмнөх сараас 1.1 хувь буюу 24.2 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ