Хүнсний гол нэрийн барааны үнэ 0.4 хувиар буурчээ

Үндэсний статистикийн газрын мэдээлснээр энэ сарын 22-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 3.6 хувиар өсч, өмнөх долоо хоногийнхоос 0.4 хувиар буурсан байна.

Тодруулбал, хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 7.0 хувь, үхрийн ястай мах 7.9 хувь, үхрийн цул мах 8.6 хувь, адууны мах 10.0 хувь, ямааны мах 9.8 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногийнхоос хонины ястай махны үнэ 1.2 хувиар буурч, үхрийн ястай мах 0.8 хувь, үхрийн цул мах 1.3 хувь, адууны мах 0.6 хувиар өсч, ямааны махны үнэ өөрчлөлтгүй байна. 2014 оны 1-р сарын 22-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 7445 төгрөг, хонины цул мах 7525 төгрөг, үхрийн /ястай/ мах 8420 төгрөг, үхрийн цул мах 9965 төгрөг, адууны мах 6700 төгрөг, ямааны мах 5700 төгрөгийн үнэтэй байв.

Мөн дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 3.3 хувь, дээд зэргийн савласан гурил 2.0 хувь, 1-р зэргийн задгай гурил 1.3 хувиар өсч, 2-р зэргийн гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх долоо хоногийнхоос дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 2.0 хувиар өсч, дээд зэргийн савласан гурил 0.4 хувиар буурч, 1-р зэргийн задгай гурил, 2-р зэргийн гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ