Юанийн бондоо арилжиж эхэлжээ
Худалдаа хөгжлийн банк мягмар гаригаас юанийн бонд арилжиж эхэлсэн байна. Хэдий хэмжээний юанийн хөрөнгө оруулалт төвлөрүүлэхээр зэхсэн нь одоогоор нууц байна. Юанийн зах зээлд гаргаж буй Монголын анхны өрийн бичгийн эргэн төлөгдөх хугацаа нь гурван жил гэнэ. Хөрөнгө оруулагчдын үйлчилгээний “Moody’s” агентлаг Худалдаа хөгжлийн банкны зээлжих хэтийн төлөвийг тодорхойлсноос долоо хоногийн дараа арилжаалагдаж эхэлж буй эл үнэт цаасанд хөрөнгө оруулагчид 10.25 хувийн өгөөж санал болгосон тухай “Bloomberg” агентлаг тодотгожээ.
Засгийн газрын бондтой харьцуулахад компанийн өрийн бичгийн өгөөжийг өндөр тогтоодог ч юаниар илэрхийлэгдэх үнэт цаасны өгөөж дунджаар 4.05 хувь байдаг бол манай улсын зээлдүүлэгчийнх харьцангуй өндөр байгаа юм. Тухайлбал, Хятадын “Peking University Founder” групп өнгөрсөн долоо хоногт гурван жилийн хугацаатай 1.2 тэрбум юанийн бондыг 5.875 хувийн хүүтэйгээр арилжжээ. Худалдаа хөгжлийн банк одоогоор 407 сая ам.доллартай дүйцэхүйц өрийн бичиг, зээлтэй юм байна. 2012 оны есдүгээр сард тус банк гурван жилийн хугацаатай 300 сая ам.долларын бондыг 8.5 хувийн өгөөжтэйгээр зах зээлд амжилттай арилжсан ба одоогоор өгөөж нь 9.1 хувьд хүрээд байгаа аж.
Дашрамд дуулгахад, эх газрын Хятадаас гаднах зах зээлд юанийн бонд арилжих нь сүүлийн жилүүдэд эрчимжиж, энэ онд л гэхэд олон улсын бизнес эрхлэгчид 570 тэрбум юань энэ зах зээлээс төвлөрүүлэхээр зэхжээ.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ