Манайх уул уурхайн салбарын өрсөлдөх чадвараараа зургаад оржээ

Эрдэс баялгийн салбарын өрсөлдөх чадвар, хариуцлага, үр ашгийг нэмэгдүүлэх зорилго бүхий “Эрдэс баялгийн салбар 2025” олон нийтийн хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.

Уул уурхайн яамнаас зохион байгуулж буй уг хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүндэтгэлийн үг хэллээ.Тэрээр эдийн засгийн тулгаар салбар уул уурхай салбар нь хурдацтай хөгжиж байгааг онцолсон юм. Дээрх хэлэлцүүлгийн үеэр Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчин ба хөгжлийн стратеги” сэдэвт илтгэл тавьлаа. Түүний илтгэлд Уул уурхайн салбар нь ДНБ-ий 17 хувь, экспортын 81 хувь, улсын төсөвт 23 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтад 73 хувийг тус тус эзэлж буйг онцоллоо.

Түүнчлэн Геологийн судалгааны ажилд зарцуулагдах санхүүжилт 2014 онд 10 тэрбум төгрөг. Үүнээс: 1:50,000-ны геологийн зураглал, ерөнхий эрлийн ажилд 75 хувь, “Улсын Геозураг-200” төсөлд 9 хувь, сэдэвчилсэн судалгаа ба гадаад хамтын ажиллагаанд 16 хувийг зарцуулахаар болсон байна. Монгол Улсын эрдэс баялгийн нөөцийн дийлэнх хэсэг нь төв, зүүн бүсүүдэд байгаа бол баруун аймгуудад судалгаа төдийлөн хийгдээд байгаа талаар тэрээр хэлсэн юм. Улсын хэмжээнд нийт 3055 тусгай зөвшөөрөл байгаагаас ашиглалтын 1292, хайгуулын 1763 байна. Энэ нь нийт тусгай зөвшөөрөлтэй талбайн 9,7 хувийг эзэлж байна. Харин газрын тосны салбарын хувьд хэтийн төлөв бүхий хайгуулын 30 талбай ялгаснаас өнөөдрийн байдлаар 20 талбайд 16 гэрээлэгч Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан, Засгийн газраар батлуулан ажиллаж байна. Газрын тосны баталгаат нөөц 332.6 сая тонн, Газрын тосны ашиглалтын баталгаат зэрэглэлийн нөөц 43.2 сая тонн байна. 1998-2012 оны хооронд нийт 13.9 сая баррель буюу 1.8 сая тонн газрын тос олборлож, 13.3 сая баррель буюу 1.8 сая тонн тосыг экспортолсон байна.

Монгол Улс уул уурхайн салбарын өрсөлдөх чадвараараа 6 дугаар байрт оржээ. Манай улсын эрдэс бүтээгдэхүүний үнэ, бүтээгдэхүүний чанар, олборлолтын зардал, цалин, татвар, хууль эрх зүйн орчин таатай байдаг нь өрсөлдөх чадвараар дэлхийд дээгүүрт бичигдэх нэг үзүүлэлт болсон байна. Сайны хажуугаар саар гэгчээр уул уурхайн салбарт сөрөг зүйл байгаа талаар Уул уурхайн сайд хэллээ. Тухайлбал Нийлүүлэлтийн тогтвортой байдал, тээвэрлэлтийн зардал өндөр, санхүүгийн чадавхи, бизнес хэлэлцээр, арилжааны гэрээ байгуулах чадвар муу, худалдан авагчийн тоо цөөн зэрэг нь нөлөөлдөг байна.
Иймд Монгол Улсын уул уурхайн салбарыг өрсөлдөх чадвар, үр ашгийг нэмэгдүүлэхэд талаар дараах дүгнэлтийг хийж байгаа талаараа хэлэлцүүлэгт оролцогчдод танилцууллаа. Үүнд Уул уурхай, газрын тосны салбар нь ойрын ирээдүйд эдийн засгийн тогтвортой хөгжлийн гол хөдөлгүүр юм гэдгийг нийтээр хүлээн зөвшөөрөх, Эрхзүйн орчин нь урт хугацаанд тогтвортой, ойлгомжтой, өрсөлдөх чадвартай байх, Бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх хөгжлийн стратегийг боловсруулж алсын хараатай хөгжих /2025/, Тус салбарын хөгжлийн талаар нийгмийн зөвшилцөлд хүрэх, оролцогч талуудын дунд нэгдсэн ойлголт бий болгох ёстой гэлээ.

Мөн үр ашгийг дээшлүүлэхийн тулд тээвэр ложистик зэрэг дэд бүтцийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, зах зээлээ өргөжүүлэх, худалдан авагчийн тоог нэмэгдүүлэх, санхүүжилтийн боломжийг өсгөх, эрдэс, түүхий эдийн боловсруулалтын түвшинг олон улсын жишигт хүргэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, газрын хэвлийн дэх эрдсийг нээж, баялгийн нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Үндэсний геологийн албыг байгуулах, ирээдүйн хөрөнгө оруулалтыг татах, Үндэсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор гадаад, дотоодын зах зээл дээр төр, хувийн хэвшил хамтран салбарын маркетинг, PR-ын нэгдсэн цогц бодлого хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа талаараа дурдлаа.

“Эрдэс баялгийн салбараас Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл”, “Эрдэс баялгийн салбар ба хүний эрх, хүрээлэн буй орчин”, “Эрдэс баялгийн салбар ба олон нийтийн оролцоо, орон нутгийн хөгжил”, “Эрдэс баялгийн салбарын бүтээмж, өрсөлдөх чадвар” гэсэн дөрвөн салбар хуралдаантай болж буй энэхүү хэлэлцүүлэгт 300 гаруй зочид, төлөөлөгчид оролцлоо. “Эрдэс баялгийн салбараас Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл” салбар хуралдаанд УИХ¬-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, “Эрдэс баялгийн салбар ба хүний эрх, хүрээлэн буй орчин” салбар хуралдаанд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, “Эрдэс баялгийн салбар ба олон нийтийн оролцоо, орон нутгийн хөгжил” Энержи Ресурс ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл, “Эрдэс баялгийн салбарын бүтээмж, өрсөлдөх чадвар” салбар хуралдаанд Монголын экспортлогчдын холбооны ерөнхийлөгч Д.Галсандорж нар тус тус илтгэл тавьж оролцлоо. Хэлэлцүүлэгт оролцогчид хуралдаан даргалагч нараас сонирхсон асуултандаа хариулт авсан юм.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ