“Самурай” бондын талаар хэн, юу хэлэв?

Монгол Улсын хөгжлийн банкны дансанд Японы зах зээлээс зээлж авахаар тохиролцсон хөрөнгөний тал хэсэг нь болох 30 тэрбум иен орж ирлээ. 30 тэрбум иен өнөөгийн ханшаар 285 сая ам.доллартай тэнцэж байна. Хэдийгээр Монгол Улсын гадаад өр нэмэгдэж байгаа ч эдийн засаг хүндхэн байгаа энэ цаг үед дуугүй авах зам л байсан юм. Засгийн газар “Самурай” бондыг жилийн 1.52 хувийн хүүтэй гаргах талаар ярьж байсан. Харин энэ бондын санхүүжилт, эдийн засагт авчирах өгөөжийн талаар эдийн засагчид байр сууриа илэрхийллээ.

Эдийн засагч Б.Лхагважав

“2014 оны төвсийн тодотголоор Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн өрийнхөө хэмжээнд дахин нэмэлт өөрчлөлт оруулах байх. Одоо нэгэнт дансанд орж ирсэн учраас эргэлдүүлэхээс өөр арга байхгүй. Учир нь, гадаад валютын нөөцгүй болсон энэ үед “гал унтраахад” хэрэгтэй. Гэхдээ японууд бондын мөн­гөө хэрхэн зориулалтаар нь ашиглаж байгаа эсэхийг байнга хянана. Олон улсын зээлдэгч нараас “Самурай”, “Чингис” бондыг авахын тулд манай улс тодорхой гэрээ хэлэлцээр хийсэн. Гэхдээ эдгээр гэрээ үргэлж нууц байж ирсэн нь эрсдэлтэй байгаа.”

МУИС-ийн багш, дэд профессор Б.Эрдэнэбат

Манай улсын ДНБ-д эзлэх гадаадын өрийн хэмжээ богино хугацаанд маш хурдан өсч байна. Бүтээн байгуулах, хөрөнгө босгох гэж бонд гаргаж байгаа ч гадныханд сул харагдах нэг шалтгаан болж байна. Гадны хөрөнгийг татах гэж мэрийж байгаа өнөөгийн нөхцөлд өр тавихаар ярьж байгаа нь оновчгүй шийдвэр. Ер нь хөрөнгө оруулагчид тухайн орны хэр их өртэй, авсан мөнгөө хэрхэн төлөх чадвартай эсэхийг түрүүлж харж, судалдаг. Ийм нөхцөлд бид хөрөнгө оруулагчдыг айлгаж байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр “Самурай” бонд гаргах болсон нь арилжааны банкуудад муу үр дагавар авчирна.
Манайд олон улсын зах зээлд бонд гаргаж, хөрөнгө босгож байгаа хэд хэдэн банк бий. Тэдний бондын чансааг олон улсын зах зээлд улсынх нь өрийн үзүүлэлтийг харж тогтоодог. Манай улсын банкуудын хувьд зээлжих зэрэглэлд нь сөрөг нөлөө бий болоод байна.

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн

“Өндөр хөгжилтэй, том гүрэнтэй хамтарч ажиллаж байгаа нь авууштай. Японуудаас сурах зүйл бидэнд их бий. Өмнө нь байнга тусламж авдаг байсан бол одоо илүү хариуцлагатай замаар мөнгө авах гэж байгаа нь сайн. Япончууд арай бэлэн мөнгө өгөхгүй байх”

“Mongolian Investment Banking group”-ын гүйцэтгэх захирал А.Билгүүн

Миний ойлгосноор бондын жил бүрийн төлбөр буюу купонд баталгаа гаргаж өгч байгаа юм билээ. Жил бүрийн төлбөрийн 90 хувьд нь баталгаа гаргаж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Монголын зээлжих эрхэд Японы засгийн газраас шууд хөнгөлөлттэй зээл өгч байна уу гэж харагдаж байна. “Самурай” бондын хувьд хамгийн эрсдэлтэй зүйл бол иен. Учир нь Японы Төвбанкнаас мөнгөний зөөлөн бодлого барьж, өнгөрсөн нэг жилийн хугацаанд иен 25 хувиар унасан. Үүнийг барьж чадах уу, үгүй юу гэдэг бол валютын эрсдэл. Өөрөөр хэлбэл, иен өсөөд эхэлбэл “Самурай” бондод хүлээх хариуцлага өндөрсөнө.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ