Энэ оны эдийн засгийг тольдох уу
Өнгөрсөн онд монголын эдийн засаг хүндхэн байдалд байлаа. Дэлхийн санхүүгийн салбарыг доргиосон сорилтууд Монголын эдийн засгийг тойрсонгүй. Гадаад зах зээл дэх ашигт малтмалын үнийн уналт, түүхий эдийн экспортын бууралт, хөрөнгө оруулагчдын дүрвэлт, энэ бүхэн Монголын эдийн засагт багагүй цохилт өгсөн юм. Гэхдээ зөвхөн улс орны санхүүгийн байдал муудсан биш, бизнесийн салбарт уналт, доргилт мэдрэгдэж, иргэдийн амьдралд эдийн засгийн хямрал сөрөг нөлөөллөө үзүүлж эхэлсэн тийм жил улиран өнгөрлөө.
Харин ирэх онд монголын эдийн засгийн байдал ямархуу байхыг эдийн засагчид тольдож байна. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайд асан, гавъяат эдийн засагч Д.Бямбасүрэн “Чалкогийн өрийг энэ онд дуусгаж чадна гэсэн амлалтаар бол ирэх онд нүүрсний экспортын орлого орж ирэх учиртай. Ирэх жил ахиж бонд, зээл гаргах юм бол эргээд дарамт болно. Төсвийн хувьд энэ жил батлахдаа нэлээд олон зүйл дээр нийтийг молгидсон өнгө аяс ажиглагдлаа. Ирэх жил төсвийн алдагдал гайгүй гарах байх. Гадаадын хөрөнгө оруулалтад ч их найдах угаас дэмий л дээ.Татвараа царцаачихлаа. Гадныхны өмнө буулт их хийх уг нь хэмжээ хязгаартай байх ёстой. Одоогийн нөхцөл байдлыг харахад ирэх жил юмны үнэ бууна гэж байхгүй, төгрөгийн ханшийн уналт үргэлжлэх байх. Гэсэн ч эдийн засгийн өсөлтөөрөө тэнцвэрээ хангаж, цэгцэлж чадах биз дээ” хэмээн ирэх оны эдийн засгийг таамагласан байна.
Харин Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Д.Содном "1.5 тэрбум ам.долларын бонд буюу зээл. Орж ирсэн эх үүсвэрийг буруу гэж бодохгүй байна. Харин хөгжлийнхөө чиглэлийг тодорхойлоод ямар төсөл нь үр ашигтай байх юм. Гарах үр ашгаасаа бондынхоо зээлийг ямар хугацаанд төлөх талаар тооцоолол хийсэн бол зөв байх байсан. Миний хувьд буруу явчихлаа гэж бодож байна. Ирэх онд Японоос орж ирэх 2.1 тэрбум ам.долларын Самурай бондын талаар ярьж байна. Үүнийг гаргаж болно. Эхлээд аваад дараа нь яах вэ гэж бодож болохгүй" гэв.
Энэ оны эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх нэг чухал хүчин зүйл бол Оюутолгойн асуудал. Оюутолгой ирэх жилийнхээ төсвийг баталж байгаа нь эдийн засаг илаашрах нэг боломж байж болох юм гэсэн ойлголтыг өгч байна. Өөрөөр хэлбэл, Оюутолгой компани ирэх онд 150-175 мянган тонн зэс агуулсан баяжмал, 700-750 мянган унц алтны агууламжтай баяжмал экспортлохоор төлөвлөсөн байна. Мөн үйл ажиллагааныхаа зардлыг нэг тэрбум орчим ам.доллараар тооцоолж, үйлдвэрлэлээ оны эхний сард хэвийн байдалд оруулахаар болсноос харахад Монголд валютын урсгал нэмэгдэх төлөвтэй байна.
Мөн "Эрдэнэс Тавантолгой" ирэх жилийн эхний саруудад өрөө дуусгана гэж мэдэгдсэн. Хэрэв зээ хэлсэндээ хүрч чадах аваас зүүн Цанхийн нүүрснээс багагүй мөнгө орж ирэх нь лав. Цаашлаад "Самурай бонд"-ын хөрөнгө ороод ирвэл Монголын эдийн засагт томоохон цус сэлбэлт болно.
Энэ мэтчилэн эдийн засгийг сайжруулах олон хүчин зүйлс байгаа. Гэхдээ энэ бүхэн бодлого боловсруулагчид, хууль батлагчдаас хамаарна. Тэд алдаагаа давтахгүй, улстөржихгүй байх аваас хямралаас хагацах боломж байна.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ