Ноён доллар "солиорч", Засгийн газрын буулт хийсэн жил
“Bataar.mn” мэдээллийн вэбсайтын зүгээс улиран одож буй 2013 онд Монгол Улсын нийгмийн бүхий л салбаруудад ямар ямар онцлох үйл явдлууд болж өнгөрснийг энэ долоо хоногт цувралаар нэрлэх болно.
Өнөөдрийн хувьд манай орны эдийн засгийн амьдралд өрнөсөн үйл явдлуудаас хамгийн дуулиан дагуулсан үйл явдлыг онцлон нэрлэж байна.
1. Ам.долларын ханш хаданд гарав
Ам.долларын ханш гэнэт хүчээ авч, 1700 төгрөг давсан. Тогтвортой байсан ам.долларын ханш өссөн нь Монголын энэ оны санхүү, эдийн засгийн түүхэнд хараар тэмдэглэгдэн үлдэхээс өөр аргагүй үзэгдэл боллоо.
2009 оны гуравдугаар сард нэг ам.доллар 1800 төгрөг шүргэн алдаж байсан яг л тэр хар бараан дүр зураг давтагдсан гэхэд болно. Валютын ханш чангарах хэрээр импортоос хамааралтай манай эдийн засаг сульдаж бүхий л төрлийн барааны үнэ тэнгэрт хаддаг. Энэ хэрээр хөөрхий ард түмний нуруун дээрх ачаа л нэмэгддэг.
Ерөнхий сайд Н. Алтанхуяг болохоор гаднаас нэг ч валют орж ирэхээ больсноос ам.долларын эрэлт нэмэгдэж ,ханш нь өсөөд байна гэж учирласан нь Засгийн газар, Монгол банкны зүгээс ноён долларын довтолгоог зогсоож хүчрэхэд хэцүү гэдгийн нотолгоо болсон юм.
Гэвч эрх баригчид хашралгүй 2014 оны төсвөө батлахдаа ам.долларын ханшийг 1384 төгрөгөөр тооцов. Харин сөрөг хүчин болох МАН ам.долларын ханш 2000 төгрөгт хүрэх нь тодорхой бөгөөд энэ нь мөнгөний буруу бодлоготой холбоотой хэмээн мэдэгдлээ.
2. Нүүрсний үнэ энэ жил 40 хувиар уналаа
Улсын орлогын дийлэнхийг бүрдүүлдэг нүүрсний тухайд олборлолт 28.6 сая тонн буюу 92.8 хувь, татварын орлого бүрдүүлэлт 241 тэрбум төгрөг буюу 58.9 хувьтай байна. Энэ нь 2013 онд нүүрсний үнэ дунджаар 40 хувийн уналттай байсныг харуулж буй. Харин арваннэгдүгээр сарын эцсийн байдлаар 15.9 сая тонн нүүрсийг экспортолсон нь 2013 оны эхний улиралд нүүрсний үнэ огцом унасантай холбоотой юм. Үнэ ийнхүү огцом унаснаас компаниуд алдагдал хүлээхгүйн тулд нүүрсээ экспортлохоо азнаж, нөхцөл байдлыг ажиглаж байсан. Ирэх жилүүдэд төмөр замын төслийг хэрэгжүүлж, амжилттай байгуулж чадваас нүүрсний экспортын тээвэр, ложистикийн зардал 50 хувиар буурах боломжтой ажээ.
4. Найман хувийн хүүтэй зээл
Энэ жил эдийн засгийн өсөлтийг аварсан нь яах аргагүй үл хөдлөх хөрөнгийн салбар. Тэр дундаа орон сууцны зах зээл байсан гэдэгтэй маргах хүнгүй. Энэ бол найман хувийн хүүтэй орон сууцны зээл байлаа. Засгийн газар иргэдэд жилийн найман хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай зээл олгох журмыг батлаад хэрэгжүүлж буй бөгөөд урьдчилгаа 30 хүртэлх хувийг төлсөн иргэдэд хөтөлбөрт хамрагдах боломжийг олгосон билээ. Засгийн газар “өмнө орон сууцны зээлд хамрагдан 16 хувийн хүүгээр байр авсан иргэдийн хувьд 8 хувийн хүүтэй зээл рүү шилжсэн 13800 иргэн байна. Харин шинээр найман хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрт хамрагдсан 2947 зээлдэгч байна” гэж мэдэгдэж байна.
5. Оюутолгойн шантааж, Засгийн газрын буулт
Монголын Засгийн газар өнгөрсөн жилээс “Оюутолгой”-н гэрээг шинэчлэх тал дээр хатуу байр суурь баримталж байгаа билээ. Оюутолгойн 34 хувийг эзэмшиж буй төр эзэмшлээ 50 хувь хүртэл өсгөж, 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх байр суурьтай байсан. Гэвч Оюутолгой далд уурхайгаа зогсоож 2000 гаруй Монгол ажилчныг гэрт нь буцааж тохуурхлаа. Ямартай ч Монголын Засгийн газар буулт хийж, нэг хэсэг ассан гал шиг дүрэлзэж байсан Оюутолгойг тойрсон хэрүүл намжмал байдалд ороод байна. Гэхдээ Засгийн газар яг ямар буулт хийсэн нь тодорхой бус байсаар шинэ онтой золгож байна.
6. Чингис бонд ба түүний үргэлжлэл болох Самурай бонд
Улс орны их бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилгоор Монгол Улсын Засгийн газрын гаргасан Чингис бондыг гаргасан. Нийтдээ 1.5 тэрбум, 580 сая ам.долларын Чингис бондын хөрөнгөөр нийтдээ 204 төсөлд хоёр их наяд төгрөгийн санхүүжилт, дэмжлэг үзүүлэхээр төлөвлөсөн. Тэгвэл одоогийн байдлаар 930 тэрбум төгрөгийг нь зарцуулжээ. Анх Чингис бондыг 4.1-5.1 хувийн хүүтэйгээр гаргасан. Тухайн үедээ энэ нь хамгийн хямд эх үүсвэр байлаа. Гэтэл одоо олон улсын зах зээл дээрх Чингис бондын хоёрдогч зах зээлийн хүү долоо орчим хувьд хүрч өссөн. Энэхүү Чингис бондтой залган Самурай бондыг энэ сард Япон улсын зах зээл дээр амжилттай арилжаалсан. Самурай бондын хугацаа 10 жил, хүү нь 1.52 хувь байх нь. 30 тэрбум иен нь 600 орчим сая ам.доллартай тэнцэж байгаа аж. “Самурай” бондын хөрөнгийг Япон, Монгол хоёр улсын хамтарсан томоохон дэд бүтэц, нийгмийн бүтээн байгуулалтын төслүүд болон газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг үйл ажиллагаанд ашиглахаар зорьж буй билээ. Түүнчлэн “Самурай” бондыг амжилттай арилжаалсны дараа ам.долларын ханш огцом буурч эхэллээ хэмээн үзэх хүмүүс байгаа.
Bataar.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ