“Самурай” бондыг энэ сард гаргах боломжтой болохыг Японы талаас баталгаажууллаа
Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны баталгаатайгаар гаргахаар төлөвлөөд байгаа “Самурай” бондыг энэ сард гаргах боломжтой болохыг Японы талаас баталгаажууллаа. Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны баталгаатайгаар Японы зах зээл дээрээс хөрөнгө босгох “Самурай” бонд нь гаргагч байгууллагын зээлжих зэрэглэлээс үл хамааран хөрөнгийн эх үүсвэрийг хямд үнээр татах чадвартай байдгаараа онцлог байдаг.
Өнгөрсөн есдүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Япон улсад хийсэн айлчлалын үеэр иенийн бондыг Японы зах зээл дээр гаргахаар болсон юм. Харин хамгийн сүүлд Японы Олон улсын хамтын ажиллагааны банкнаас ирүүлсэн мэдээллээр “Самурай” бондын өгөөж 60-75 суурь нэгж байх төлөвтэй байна. Энэ нь Олон улсын хөрөнгө оруулалтын банкууд болон бусад компанийн бондын өгөөжтэй харьцуулахад хоёр дахин бага хүүгээр гаргах боломжтой гэсэн үг юм. Учир нь “Bank of America Merrill Lynch”-ийн мэдээлснээр олон улсын хэмжээнд компанийн бондын өгөөж дунджаар 122 суурь нэгж байдаг ажээ. Японы Олон улсын хамтын ажиллагааны банк Монгол Улсын Хөгжлийн банкнаас гаргах “Самурай” бондод баталгаа гаргаж байгаа нь хүүгийн түвшин бага байхад голлох нөлөө үзүүлж байгаа юм. Санхүүжилтийн хувьд олон улсын жишгээр бонд гаргаснаас хойш ажлын таван өдрийн дотор орж ирэх ёстой байдаг. Японы хөрөнгийн зах зээл дээр олон улсын хамтын ажиллагааны банкны баталгаатайгаар бонд гаргахад бонд гаргаж байгаа байгууллагын өөрийн зээлжих зэрэглэлээс үл хамааран Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны ААА зэрэглэл нь гол баталгаа болдог байна.
Өөрөөр хэлбэл Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны баталгаа нь хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээх нэг гол хүчин зүйл болдог ажээ. Япон улсын хувьд хуримтлал нь эдийн засгаасаа бараг гурав дахин том, 15 их наяд ам.доллартай тэнцэх иенийн хуримтлалтай учир эндээс санхүүжилт босгоход хялбар байдаг байна. Харин гуравдугаарт Япон улсын Засгийн газраас 15 жил үргэлжилсэн дифляцийг арилгаж, экспортоо дэмжихийн тулд иенийн ханшийг илүү сулруулах бодлого баримталж байгаа учраас иенийн санхүүжилт урт хугацаандаа хямдрах боломжтой гэдгийг Монгол Улсын хөгжлийн банкны зүгээс өмнө нь мэдээлж байсан юм. Энэхүү санхүүжилтийг бизнес эрхлэгчдэд хоёр улсын хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжихэд зориулан, хамтарч хэрэгжүүлэх төслүүдийг санхүүжүүлэхэд түлхүү ашиглах юм байна. Ингэснээр, Монгол Улсын бизнес эрхлэгчид илүү урт хугацааны, хямд санхүүжилт авах боломж бүрдэж байна.
www.bloombergtv.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ