Алт, мөнгөний ханш буурна гэжээ

Ирэх онд алтны үнэ буурах магадлалтай гэж UBS хөрөнгө оруулалтын банк мэдээлснийг marketwatch.com цахим хуудас дамжуулжээ. Тэдний үзэж буйгаар 2014 онд унци алтны ханш дунджаар 1200 ам.доллар байх гэнэ. Тэд мөн мөнгөний үнэ доошилно гэж тооцоолсон бөгөөд унци нь дунджаар 20.5 “ногоон”-той дүйнэ гэж үзсэн байна.

Шинжээчдийн таамаглаж буйгаар хөрөнгө оруулагчид шаргал металл худалдан авах хэмжээгээ бууруулах төлөвтэй аж. Өчигдөр Лондоны металлын бирж дэх алтны үнэ буурч, сүүлийн таван сарынхаа доод түвшинд хүрлээ. АНУ-ын эдийн засаг сэргэж буй тухай мэдээлэл цацагдсан нь уг таваарын үнэ уруудах шалтгаан болсныг “Bloomberg” дурджээ.

Энэ сарын 17-18-нд болох Холбооны нөөцийн сангийн хурлаас гарах шийдвэр алтны ханшид нөлөөлөх нь тодорхой гэж шинжээчид бичиж байна. Өчигдөр Нью-Йоркийн “Comex” биржид ирэх хоёрдугаар сард нийлүүлэх үнэт металлын үнэ 0.5 хувиар бууран унци нь 1214.8 ам.доллартай тэнцлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ