Уул уурхайн яам, Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо хамтран ажиллана
Уул уурхайн яам Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо ТББ хооронд Монгол Улсад алтны салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллаж Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх, зохистой төлөвлөлтийн дагуу алтыг олборлох, баяжуулах, боловсруулах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийг стандартын дагуу гүйцэтгэх, хуулийг дээдлэх, ил тод хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зорилгоор харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичигт Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Т.Ганболд нар гарын үсэг зурлаа.
Дээрх санамж бичгийн хүрээнд Монгол Улсын эрдэнэсийн санг арвижуулах, валютын нөөцийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтөд хувь нэмэрээ оруулах, хууль бус олборлолт, борлуулалтын сүлжээг арилгах, алтны салбарыг хөгжүүлэх богино, дунд, урт хугацааны хөтөлбөрийг боловсруулах, салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх, алт олборлолт, баяжуулалтын технологийг сайжруулах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллана.
Уул уурхайн яамны зүгээс алтны салбарт техник, технологийн шинэчлэл хийх, тоног төхөөрөмжийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулахад бодлогын дэмжлэг үзүүлэх, төрийн захиргааны байгууллагын хүнд суртлыг багасгах, алтны салбарын үйл ажиллагаанд аль болох хямд үүсвэртэй санхүүжилт босгоход дэмжлэг үзүүлэхэд хамтарч ажиллах юм.
Өнөөдрийн байгуулсан Санамж бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Алтны салбарыг хөгжүүлэх зөвлөл”-ийг байгуулан ажиллаж үйл ажиллагааг нь тогтмолжуулснаар алтны салбарт хэрэгжүүлэх бодлогыг бодитой ажил хэрэг болгох юм.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ