452.8 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг арилжааллаа
Монголбанк нэг долоо хоногтой 452.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий Төвбанкны үнэт цаасыг 10.5 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжааллаа. 11 дүгээр сарын нэгний байдлаар нэг долоо хоногтой Төвбанкны үнэт цаасны үлдэгдэл 1378.7 тэрбум төгрөг болж байна.
Нэг долоо хоногийн хугацаатай Төвбанкны үнэт цаас нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Анх тогтмол хүүтэй, борлогдох хэмжээ нь хязгаарлалтгүй байсан уг үнэт цаасыг 2007 оны долдугаар сард анх нэвтрүүлжээ. Харин Төвбанкны үнэт цаасны хүүг зах зээлийн зарчимд илүү нийцтэй болгох, төгрөг болон валютын захын өгөөжийн тэнцвэр тогтох боломжийг бүрдүүлэх зорилгоор 2010 оны тавдугаар сараас эхлэн долоо хоногийн хугацаатай Төвбанкны үнэт цаасны арилжааг тодорхой интервалд хүүгээр өрсөлдөх хэлбэрээр зохион байгуулж эхлээд байна.
Ингэхдээ банкуудын ирүүлэх хүүгийн саналын дээд, доод хязгаарыг бодлогын хүүгээс +/-2 нэгж хувь байхаар тогтоож бодлогын зорилтот хүү уг арилжааны голч хүү байх аж. Энэхүү голч хүү нь дунд хугацаанд банк хоорондын захын хүүг үйл ажиллагааны зорилт болгон ажиллах суурь нөхцлийг бүрдүүлэх болно гэж Монголбанкнаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ