Монгол Улсад хөрөнгө оруулвал зорилгодоо үнэнч байхыг шаардана
Австрали улсад 'Mongolian Mining Summit 2013' буюу Монголын уул уурхайн дээд хэмжээний уулзалт 10 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд болж өнгөрлөө. Энэхүү уулзалтад Монголын уул уурхайн 14 компани, түүний дотор Оюу Толгой компанийн төлөөлөгчид оролцож Монгол Улсын төр засагтай холбоо харилцаагаа сайжруулах арга зам, орон нутгийн хүрээнд түншлэлийг хэрхэн хөгжүүлэх, хөрөнгө оруулалт хийх боломж, гарч болзошгүй хүндрэл бэрхшээл хийгээд тэдгээрийг даван туулах арга замуудын талаар мэдээлэл хийж, туршлагаасаа солилцлоо.
Уг дээд хэмжээний уулзалтад Оюу Толгой ХХК-ийг төлөөлөн тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Батсүх, Хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцаа хариуцсан Дэд ерөнхийлөгч Хьюстон Спенсер нар оролцов.
10 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаан дээр ТУЗ-ийн дарга Г.Батсүх хэлсэн үгэндээ “Монголчууд бид өөрсдийгөө шаардлага гарсан үед шинэлэг шийдэл олж чаддаг хүмүүс гэж үздэг. Бид шинэ зүйлийг туршихаас айдаггүй, аливаа асуудалд прагматик байдлаар хандаж шийдвэрлэх гарц хайдаг. Байгалийн баялаг нь манай улсын хувьд зовлон биш, харин бэлэг болох ёстой гэдэгт бид итгэлтэй байна. Гэхдээ ардчилал өндөр хөгжсөн оронд энэ зорилтод хүрэхэд заримдаа тийм ч амар байдаггүй бөгөөд олон саад бэрхшээлтэй тулгардаг юм байна” хэмээн онцлон тэмдэглэв.
Тэрээр цааш нь “Эдгээр ололт амжилт, саад бэрхшээлийн хэлбэлзлийг үл харгалзан, урт хугацааны хандлага нь байнга нааштай байсан бөгөөд улам олон хөрөнгө оруулагчид манай улсын урт хугацааны бодит хандлага хийгээд тэвчээртэй, тууштай байснаар ямар үр дүнд хүрэх боломжтойг ойлгон мэдэрч байгаа” гэв.
Харин 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаан дээр Дэд ерөнхийлөгч Хьюстон Спенсер хэлсэн үгийнхээ эхэнд Оюу Толгой төсөл нь урт хугацааны төсөл болохыг онцлон тэмдэглэв.
Мөн “Өнгөрөгч хэдэн сард хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээг үзээд Монголд итгэх Рио Тинтогийн итгэл алдарч байна гэж та нар бодож байсан байх. Гэвч үнэн чанартаа тийм биш. Мэдээж шийдвэрлэвэл зохих асуудлууд бий. Гэхдээ Оюу Толгойд байгаа хүн бүрээс та зөвхөн өөдрөг сэтгэл, хүсэл тэмүүллийг л сонсох болно. Энэхүү өөдрөг байдал юуг илтгэж байгаа вэ гэвэл макро түвшинд байдал өөрчлөгдөөгүй хэвээр байна. Манай төсөл бол олон үеийг хамрах урт удаан хугацааны төсөл учир бидний бодит үнэ цэнийг тухайн нэг цаг үеийн хэмжүүрээр хэмжих нь учир дутагдалтай болно” гэсэн юм.
Тэрээр цааш нь “Оюу Толгойн туршлагаас авах маш энгийн нэгэн сургамж бол Монголд хөрөнгө оруулалт хийх нь асар урт хугацааны итгэл үнэмшил шаардагдана. Оюу Толгойд гэрэлт ирээдүй бий. Өнөөдрийн энэ агшин бол урт удаан, амжилт бүхий түүхийн нэг л хором юм” хэмээн онцлов.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ