Э.Бат-Үүл Ерөнхий сайдын алдааг давтах уу
Улаанбаатар хот бонд гаргах нь. Өчигдөр болсон нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар Улаанбаатар хотын бонд гаргах талаар хэлэлцсэн. Хэрвээ энэ асуудал батлагдвал ирэх жилээс гаргана. Хэдийгээр энэ асуудал өмнө нь хоёр ч удаа яригдаж байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшлогдсон. Шинэчлэлийн Засгийн газраас “Чингис” бондыг гаргаж, тухайн үедээ сүр дуулиантайгаар их гавьяа байгуулсан хүн шиг зан гаргаж байсан. Гэтэл удсан ч үгүй Чингис бондын үнэн төрх илчлэгдсэн юм.
Нийслэлийн Засаг дарга маань энэ Ерөнхий сайд Н.Алтанхуягийн алдааг давтах вий дээ. УИХ-аас өнгөрсөн аравдугаар сарын 20-нд Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолыг баталснаар эхний ээлжинд 1.5 тэрбум ам.долларын үнэт цаасыг олон улсын зах зээлд арилжаалах үүрэг хүлээсэн юм. Энэхүү даалгаврыг Шинэчлэлийн Засгийн газар амжилттай гүйцэтгэснээр өнгөрсөн арваннэгдүгээр сарын 28-нд олон улсын зах зээлд “Чингис” бондыг арилжаалсан. Хэдийгээр анхандаа эрсдлийг сайн тооцоолсон хэмээн Ерөнхий сайд мэдэгдэж эхэлсэн ч өнөөдрийн байдлаар энэхүү тооцоолол ташаа болох нь тогтооогдож байна.
Тухайлбал, Хөрөнгө оруулах томоохон төсөл хөтөлбөр нь боловсруулагдаагүй, тооцоо судалгаа, зураг төсөл нь бэлэн болоогүй, түүнчлэн, барилга, зам зэрэг бүтээн байгуулалтын ажил явуулах боломжгүй өвлийн улиралд Засгийн газрын бондыг арилжаалсан нь алдаатай шийдвэр болсон гэж үзэж байгаа. Үүний улмаас өнөөг хүртэл хугацаанд бондын эх үүсвэрийг огт ашиглаагүй байхад бондын хүүгийн төлбөрт 50.0 орчим тэрбум төгрөгийг төлөхөөр болж байгаа нь өрийн дарамтыг нэмэгдүүлж байна. Засгийн газар эдийн засгийн тооцоо судалгаа, ТЭЗҮ, зураг төсөл нь бэлэн болсон төсөл хөтөлбөртөө тохирсон хэмжээний бондыг үе шаттайгаар олон улсын санхүүгийн зах зээл дээр арилжаалах боломжтой байсныг анхаарч үзээгүй байна. Өнөөдрийн энэ эдийн засгийн хүнд байдал “Чингис” бондоос үүдэлтэй. “Чингис” бондын хүүгийн төлбөрт өнөөдрийн байдлаар 37,7 сая ам.доллар буюу 54,4 тэрбум төгрөг төлсөн бөгөөд үндсэн өрийг 2018, 2022 онд буцаан төлөх ажээ. Гэтэл ийнхүү амжилтыг бус их өрийг дагуулж байхад Улаанбаатар хот бонд гаргах талаар хэр зохимжтой бол. Аливаа хүн алдаанаасаа суралцдаг. Түүний адилаар Э.Бат-Үүл Ерөнхий сайдын алдаанаас суралцаж, энэ асуудалд нухацтай хандах нь зүйн хэрэг байх аа.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ