Гар дээрээс валютын худалдаа эрхэлдэг хүмүүс хамтран ББСБ байгуулж болно

Банк болон банк бус санхүүгийн байгууллагын тухай хуулиар гадаад валютын худалдааны үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэхээр хуульчлагдсан байдаг.

Тиймээс Санхүүгийн зохицуулах хороо эдгээр байгууллагуудын зохицуулалтаар ханган ажилладаг. Тийм ч учраас энэ хуулийнхаа хүрээнд гадаад валютын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хороо олгож байгаа.

Валют солих цэг үйл ажиллагаа явуулах болсонтой холбогдуулаад 2007 оны Санхүүгийн зохицуулах хороонд болсон санхүүг тогтвортой байлгах зөвлөх хуралдааны шийдвэрээр валют солих цэгийг цэгцлэх асуудлыг эхлүүлсэн. Гэсэн хэдий ч гар дээрээс валютын арилжаа эрхлэх үйлдэл тасрахгүй байгаа.

Тиймээс зөвшөөрөлгүйгээр гар дээрээс валютын арилжаа эрхэлж байгаа иргэдэд хандан мэдэгдэл гаргасан юм. Уг мэдээллийн мөрөөр “Найман шарга” валютын худалдааны төвийг зорилоо.

“Найман шарга” худалдааны төвийн ойролцоо зөвшөөрөгдсөн байранд валютын худалдаа эрхэлж байгаа иргэдээс гадна зам дагуу машин дотроосоо валютын худалдаа эрхэлж байгаа хүмүүс буюу олны хэлж заншсанаар ченжүүд олон байдаг байна. Үүний хажуугаар “Юань, доллар авна” хэмээн явах хүмүүс ч байна.

Эдгээр хүмүүс гадаад валют авна гэж байгаа хэдий ч бас зардаг аж. 50 орчим насны эмэгтэйгээс нэгэн залуу 1300 ам.доллар авч байгаа харагдав. Ам.доллар худалдан авсан залуугаас яагаад “ченжээс” худалдан авалт хийж байгааг сонирхсон юм. тэр залуугийн хэлж буйгаар бол зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа газрыг бодвол эдгээр хүмүүс арай хямд зардаг ажээ.

Ингээд тус газарт гар дээрээс валютын худалдаа явуулдаг н.Нарангэрэлтэй цөөн хором ярилцсан юм.

-Санхүүгийн зохицуулах хорооноос гар дээрээс валютын наймаа эрхэлдэг хүмүүсийн үйл ажиллагааг зогсоох талаар мэдээлэл гаргасан гэж байсан. Та сонссон уу?

-Сонсоогүй юм байна. Гэхдээ энэ жил ярьж байгаа асуудал биш шүү дээ. Байнга л ингэж ярьж байдаг юм. Бид нарыг л зөвшөөрөлгүй гээд байж болохгүй байх. Энэ павильонд ч гэсэн зөвшөөрөлгүй хүмүүс зөндөө байдаг.

-Гар дээрээс валютын наймаа эрхэлдэг хүмүүс хамтраад ББСБ байгуулан ажиллах боломжтой юм байна лээ?

-Өмнө би энд хамт ажилладаг байсан дөрвөн хүнтэй нийлж ББСБ байгуулах гэж үзсэн. Гэтэл их зардаг гарсан. Тэгээд дээрээс нь 100 сая төгрөг байх шаардлагатай гээд байсан. Тийм мөнгөтэй хүн энд ажиллах уу. Та нар бодоод үз дээ.

-Хуурамч валют худалдаалах зэрэг сөрөг үйлдэл гар дээрээс валют худалдаалдаг хүмүүсээс их гардаг тухай ярих юм билээ?

-Бид нар юу гэж мөнгөөрөө хуурамч валют авч байх юм. Ямар ч хоёр хүн тийм үйлдэл хийхгүй. Хааяа тийм хуурамч дэвсгэрт орж ирдэг л юм. Гэхдээ тэр нь харахад андашгүй байдаг.

Ийнхүү ченжүүд хээв нэг ярьж байсан юм. Уг нь Санхүүгийн зохицуулах хороо жил бүр төлөвлөгөө гарган, үүнийхээ дагуу хяналт шалгалт хийдэг болсон байна. Тухайбал хамгийн сүүлийн мэдээллээр бол өнгөрсөн ес болон аравдугаар сард ажиллах төлөвлөгөөг гарган төлөвлөгөөний дагуу ажиллажээ.

Мөн энэ хооронд гурван удаагийн хяналт шалгалтыг “Найман шарга” валютын худалдааны төвд хийсэн хэмээж байсан. Харин өнөөдрийн байдлаар арваннэг болон арванхоёрдугаар сард хийх ажлын талаар төлөвлөгөө гаргаж байгаа юм байна.

Мөн дээр нь “Найман шарга”-д үйл ажиллагаа явуулж байгаа түрээслэгч нарт мэдэгдэл хүргүүлсэн. Учир нь түрээслэгчид тусгай зөвшөөрөлгүй иргэд лангуу павальон түрүүслэх ажиллагаа явуулж байгаа. Тиймээс цаашид тусгай зөвшөөрөлгүй хүмүүст лангуу түрээслэхээс татгалзахыг сануулжээ. Мөн Санхүүгийн зохицуулах хороо нийслэлийн Засаг дарга болон Чингэлтэйдүүргийн цагдаа болон татварын хэлтсүүдтэй хамтран ажиллах талаар албан бичиг хүргүүлсэн.

Ингээд энэ асуудлын талаар Санхүүгийн зохицуулах хорооны Бичиг санхүүгийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Баянмөнхөөс дараахь тодруулгыг авсан юм.

-Саяхан Санхүүгийн зохицуулах хорооноос валют арилжаалж байгаа байгууллагад шалгалт хийсэн гэсэн. Энэ талаар?

- Манай зүгээс зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүйгээр гар дээрээс валютын арилжаа эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдүүдэд хандан мэдэгдэл гаргасан байгаа. Зөвшөөрөлтэй хүмүүс арваннэгдүгээр сарын 15-ны дотор Санхүүгийн зохицуулах хороонд зөвшөөрөлтэй холбогдох баримт материалыг ирүүлэх шаардлагатай.

Харин ингээгүй тохиолдолд банк бус санхүүгийн тухай хуулид зааснаар зөвшөөрөлгүй валютын арилжаа эрхэлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20-30 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ноогдуулна мэдэгдсэн. Мөн тусгай зөвшөөрөлтэй банк бус санхүүгийн байгууллагуудад Санхүүгийн зохицуулах хорооноос тавьж байгаа шаардлагыг сахиж ажиллаач гэсэн мэдэгдэл хүргүүлсэн.

Тухайлбал, иргэд валют худалдан авч байгаа болон худалдаж байгаа тохиолдолдбаримт өгөхийг шаардаж байгаа юм. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт олон нийтэд зориулан гар дээрээс авч валют баталгаагүй байгаа тул битгий аваач ээ, мөн аливаа эрсдэл гарвал баримт байхгүй байгаа учраас баримтаа заавал авч байх хэрэгтэй гэсэн сэрэмжлүүлэг гаргасан.

-Гар дээрээс валютын арилжаа эрхэлж байгаа хүмүүсийг цэгцлэнэ гэсэн?

-Энэ асуудлыг энэ жил л ярьж байгаа юм биш. 2007 онд Санхүүгийн зохицуулах хороонд валют солих цэгийн хяналт зохицуулалт шилжүүлэх үед ч гэсэн ярьж байсан. Харин иргэд тухайн үед “Бид энэ ажлыг олон жил хийсэн.

Энэ ажлыг минь зогсоовол амьдралаа яах юм” гэх зэрэг олон тайлбар хийж байсан. Тиймээс бид нар асуудлыг аль болох эерэгээр шийдэхээр тэдгээр хүмүүсийн дүрмийн санг харьцангуй багаар тогтоож өгсөн.Гар дээрээс валютын арилжаа эрхэлж байгаа асуулыг аль болох таслан зогсоохыг зорьж байгаа.

Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс рүү албан бичиг явуулсан нь үүнтэй холбоотой. Энэ асуудлын талаар банк бус санхүүгийн байгууллагууд бас санал ирүүлж байгаа. Юу вэ гэхээр “Бид хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байхад зарим нь гар дээрээс валют арилжмж байна. Ингэснээр салбарын нэр хүндэд муугаар нөлөөлж байна” гэсэн. Харин зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагуудаа хуулийн хүрээнд ажиллуулах болно.

-Гар дээрээс валют арилжаалдаг хүмүүс тусгай зөвшөөрөлгүй гэсэн. Гэтэл дүрмийн санг нь тогтоож өгсөн гэхээр сонин сонсогдож байна?

-Улаанбаатарт үйл ажиллагаа явуулах банк бус санхүүгийн байгууллагын дүрмийн сан 400 сая төгрөг байдаг юм. Харин тухайн үед бид нар валютын худалдааг гар дээрээс явуулдаг иргэдийн амьжиргааны эх үүсвэрийг нь таслахгүйн тулд банк бус санхүүгийн байгууллага байгуулаад 50 сая төгрөгийн дүрмийн сантайгаар ажиллах зөвшөөрөл гаргасан.Харин дараагаар нь дүрмийн сангийн доод хэмжээг нь 100 сая болгон нэмэгдүүлсэн.

-Тэгэхээр тусгай зөвшөөрөл олгохгүй, үйл ажиллагааг нь зогсооно гэсэн үг үү?

-Бид нар тэдгээр иргэдийг хамтран банк бус санхүүгийн байгууллага байгуулахаад ажиллаж болно гэж багаа юм. Ингэвэл тусгай зөвшөөрөл авах боломжтойн дээриргэдийн аюулгүй байдал хангагдаж байгаа юм.

Ямартай ч эхлээд Санхүүгийн зохицуулах хороонд хүсэлтэй тавьчих, дараагаар нь бид хуулийн дагуу үйл ажиллагаа эрхлэх боломжийг нь нээж өгье гэж байгаа юм. Түүнээс биш юу юугүй болохгүй, үйл ажиллагааг нь зогсооно гээгүй.

-Хүсэлт авах хугацааг заасан уу?

-Энэ сарын 15-ны дотор хүсэлтэй ирүүлнэ гэсэн мэдэгдэл гаргасан.

-Тусгай зөвшөөрөл авахад тавигдах шалгуур гэж байгаа байх?

-Санхүүгийн зохицуулах хорооны 2008 оны 186 дугаар тогтоолоор батлагдсан Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журам байдаг.

Энэ журамд ББСБ байгуулахад зөвшөөрөл хүссэнтэй хлбогдуулан Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлэх баримт, материалын жагсаалт, нөхцөл шаардлага нь тодорхой байж байгаа. Үүний дагуу баримт бүрдүүлээд ирвэл манай хороо зөвшөөрөл олгох боломжтой.

-Банк бус санхүүгийн байгууллагууд валютын өсөлтөд бид нөлөөлдөггүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Гэтэл зарим хүмүүс томоохон ББСБ-ууд өсгөдөг гэх юм?

-Валютын өсөлт бууралт нь төгрөгийн ханшийн уналт гэсэн үг шүү дээ. Тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлж байгаа ББСБ-уудын валютын эргэлт улсын хэмжээн дэх валютын эргэлтийн 3-5 хувийг л эзэлдэг.

Тиймээс ийм хэмжээний эргэлт ханшийн савлагаанд нөлөөлж чадах уу гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэтэл валютын арилжааны дийлэнхийг арилжааны банзкууд хийдэг. Энэ асуудалд бас хэлэх юм байгаа. Тэр нь валютын биржийн асуудал юм. Бид удаа дараалан валютын биржтэй холбоотой асуудлаар үнэлэлт, дүгнэлт өгөн ажиллаж ирсэн.

Мөн уг биржтэй холбоотой асуудлыг Монголбанкинд хүргүүлэхээр ажиллаж байгаа. Валютын дуудлага худалдаа Монголбанкин дээр явагддаг. Тэр дуудлага худалдаанд арилжааны банкиуд л оролцдог. Гэтэл ББСБ-ууд огт орохгүй байгаа. Тэгэхээр дийлэнх валютын арилжааны урсгад арилжааны банкуудаар л явж байгаа. Тиймээс ББСБ-ууд нөлөөлөх боломжгүй.

Г.Баярцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ