Увайгүй эрчүүдийг ингэж шийтгэее

Ц.Туяад 22 жилийн ял оноолоо. Татварын байцаагч бүсгүйг 75 удаа хутгалж, аминд нь хүрсэн хүүхэн гэдгийг хүмүүс мэдэж байгаа байх. Нэг нь шороонд булуулж, нөгөө нь шоронд орсон энэ эмгэнэлтэй хэргийн талаар монголчууд өнгөрсөн хугацаанд бишгүй шуугилаа. Үнэхээр ч зүрх эмтрэм бодохоос аймшигтай хэрэг. Алуулсан, алсан хоёр эмэгтэйн аль алиных нь өмнөөс харамсч байна. Яагаад гэвэл би ч гэсэн бүсгүй хүн. Хэн хэн нь өдөр бүр гийх энэ гэрэлт ертөнцийн нарыг харж, бүсгүй хүний хувиар эрхэмсэг, ихэмсэг, тансаг сайхан амьдрахаар тэмүүлж, тэмцэж явсан хүүхнүүд. Мөн үрээ гээд өмөлзөх эхчүүд байсан юм.

Хүний бүсгүй үрийг хэрцгийгээр хөнөөлөө гэж Ц.Туяаг жигшин зэвүүцэж, чичлэх нь дийлэнх байгаа. Ц.Туяа өөрөө ч энэлэл, шаналалд унаж, амьдын тамд хатаж, хийсэн хэрэгтээ харуусан шоронгийн хүйтэн цемент дээр толгойгоо шааж суугаа. Тэр хүүхнийг аллаа гээд ч энэ залуутай ханилж, сууж чадсангүй харанхуй өрөөнд гансарч байна. Ийм хэрэггүй эрийн төлөө яах гэж амьдралаа золиослов доо хэмээн өөрийгөө зүхэж байгаа. Түүний оронд өөрийгөө тавиад үзэхэд ингэж л бодогдож байна. Нэгэнт амьд үхдэл болчихсон түүнийг одоо харааж, чичээд яах билээ.

Харин хоёр хүүхний амьдралаар тоглосон тэр залуу гол буруутан нь. Мөнгөтэй, өнгөтэй, ямар ч хүүхэн араасаа гүйлгэхээр яах аргагүй сайхан залуу юм гэсэн. Тиймдээ ч долдугаар сарын 1-ний шөнө хоёр хүүхэн хотод алалдаж байхад дараагийнхаа хүүхнийг уургалчихсан, амралтанд зугаацаж байсан гэж бодохоор гол горойж байна. Өөрийнх нь төлөө амьдралаа зольж, буурал суусан үсээ шидмэсээр боочихоод газар ширтэж зогсоо бүсгүйг харж, бах таваа хангах гэсэн шиг шүүх хурал дээр нь нүүр бардам ирсэн байхыг нь яана. Муу сайн хүүхнүүд миний төлөө ингэж алалцах гэж гэсэн шиг бохь зажлан, өөрийгөө гайхуулан дүүхэлзэж байсан. Хар нүдний шилээр гангарч, хараа дээгүүр суугаа түүний энэ дүр зураг хэнд ч таалагдаагүй. Нэгэн цагт харааг нь булааж явсан эрийнхээ өмнө өмхөрсөн мод шиг өнгө зүсгүй болчихоод толгой гудайлгаж зогсохыг ямар ч эмэгтэй хүсэхгүй. Энэ утгаар нь Туяаг өрөвдөж, өмнөөс нь харамсч байна. Гэхдээ хэрцгий хэрэг үйлдсэнийг нь өмөөрөх гэсэнгүй. Гагцхүү түүнийг ийм байдалд оруулсан тэр "гоё" залууг жигшин, зэвүүцэх хэрэгтэй.

Даанч энэ залууд хариуцлага тооцож, ял зэм хүлээлгэх хууль манайд алга. Гэр бүл үймүүлэгч, элдэв садар самуун явдалтнуудыг гэмт хэрэгтнээр татдаг садар самууны хуультай улс дэлхийд бий. Ийм хуультай орнуудад Батболд шиг гэм үйлдсэн нөхөр нэг ч гишгэх газаргүй, ял шийтгэлд унадаг гэж байгаа. Харин эр хүн садар самуун явдалтай байх нь хамаагүй. Тэднийг араар тавьдаг эм хүний явдлыг тэвчдэггүй, бузар гэмт хэрэг хэмээн үздэг заншлын хууль лалын ертөнцөд хаалтгүй хэрэгждэг. Улс түмний дунд ёс заншил шиг уламжлагдаад ирчихсэн энэ харгислалаараа лалын шашинтнууд цуугай. Хүчирхийлэлд өртсөн ч бай хамаагүй, эр нөхрөөсөө өөр хүнтэй ойртсон л бол хөөрхий бүсгүйчүүдийг олон хөлийн газар дөрвөн мөчийг нь гинжилж, чулуугаар нүүлгэж хороодог. Ард нийтээрээ тэр эмэгтэйг жигшин зэвүүцэж, хажууд нь овоолсон чулуунаас хүүхэд, хөгшидгүй авч шидэлдэг. Энэ бол байж боломгүй тамлал гэдэг нь мэдээж.

Өөрөөс нь болж хэн ч хохироогүй хүүхнүүдэд ийм цээрлэл хүлээлгэж чадаж байхад хоёрын хоёр хүүхний амьдралаар тоглож, бүлтгэр үрсийг нь өнчрүүлж, ар гэрийнхнийг нь дээлтэй нь хатаасан тэр "гоё" залууд үүнтэй адил хандсан ч харамсаад байх хүн байхгүй биз. Гэвч ийм хууль, дүрэм манайд байхгүй учраас яалтай билээ. Дэлхий нийтэд иймэрхүү нөхдүүдийг хашраадаг янаглан хорлох арга хэмжээнүүд байдаг юм билээ. Нэлээд хэдэн жилийн өмнө АНУ-д болсон нэг жишээг дурдъя. О.Ж.Симпсон гэж Америкийн алдартай хөлбөмбөгчин байж. Тэрээр АНУ-ын мэргэжлийн хөлбөмбөгийн шигшээ багт тоглодог.

Энэ хугацаандаа чамгүй нэр алдарт хүрч, хөрөнгө мөнгөтэй болж авсан нэгэн. Тиймээс Америкийн баян одуудын тоонд багтаж, тансаг амьдардаг цуутан байлаа. Харамсалтай нь тэр 1994 онд эхнэрээ хөнөөсөн байдаг. Эхнэрээ өөрийн найзтайгаа хардсан учраас тэднийг хутгалж хороосон түүхтэй. Гэхдээ Симпсон энэ хэргээс ямар ч ял зэмгүй мултарч чадсан. Яагаад гэвэл мөнгөний хүчээр Америкийн хамгийн алдартай, нэр цуутай өмгөөлөгчдийг хөлслөн авсан учраас тэр. Эхнэрээ хороосныг илчлэх бүх баримтуудыг устгаж, шүүхийн өмнө нээнтэгт орох нэг ч нотолгоогүй болсон учраас түүнийг, суллаад явуулсан гэдэг.

Хэдийгээр тэр хэргээс цэвэр мултарч, хуулиар цээрлэл хүлээгээгүй ч Америкийн нийгэм түүнийг амьдралаас шахаж, хэн ч биш болгосон байдаг. Учир нь Америкийн иргэн болон тэнд амьдарч байгаа хүн бүхэн кредит оноо цуглуулдаг ёстой. Бид дунд сургуульд арван жил сурахдаа хувийн хэрэг хөтлүүлдэг шиг. Хувийн хэрэг дээрээ ангийн багшаараа сайнаар бичүүлж, дүгнүүлэх гэж хичээлээ таслахгүйг хичээж, онц сурахын төлөө чармайдагтай л адил. Үнэндээ хүүхэд байх үеийн тэр тодорхойлолт ирээдүйд зөв хүн болж төлөвших эсэхэд өгсөн дүн байдаг. Үүнтэй адилхан хувийн хэргийг америкчууд "бөглүүлж" байдаг гэсэн үг. Нэг ёсондоо ямар нэгэн гэмт хэрэгт орооцолддоггүй, ажил төрлөө тасалдаггүй, цаг баримталдаг, авсан зээлээ цагт нь төлдөг, согтуугаар жолоо барьдаггүй, соёлтой, боловсон америк хүний кредит оноо өндөр байна. Эхнэр, нөхрөө хуурдаггүй, гэр бүл үймүүлдэггүй, садар самуун явдалгүй байх нь ч америк хүний хувийн хэрэгт том ач холбогдолтой.

Хэрэв хулгай дээрэм хийж, худлаа ярьж, гэмт хэрэг үйлдсэн бол ямар ч америк хүний кредит оноо хасагдана. Тэр тохиолдолд түүний өмнө бүх боломж хаагдана. Ажил хийж байсан бол халагдана. Ажилд орох гэж байгаа бол хөөгдөнө. Зээл олдохгүй, амьдрах газар ч хомсдоно. Орон байртай болъё гэхэд түрээс нь өндөр. Зээлээр худалдаж авъя гэвэл урьдчилгаа нь дийлдэхгүй гэх мэтээр гишгэх газаргүй болж хувирна. Америк орноос түүнд өгдөг бүхэн татарч, авдаг татаас нь нэмэгдэнэ. Унаж яваа машин, амьдарч байгаа байрнаас нь дээд хэмжээний татвар, даатгал авна. Ийм зарчмаар эхнэрээ хөнөөчихөөд ял зэмгүй үлдсэн Симпсонд эцэстээ тэнгэр хол, газар хатуу болж, амьдрах орон зай үлдээгүй гэдэг. Ширэн бөмбөг хөөцөлдөж олсон, хуримтлуулсан эд хөрөнгөө өндөр татвар, даатгалд,, зарцуулж байдгаа барж, гудамжинд гарсан гэдэг. Сайн өмгөөлөгчдийн буянаар шоронгийн хаалга татаагүй ч түүнийг нийгэм нь хүлээж авах бэлтгэлгүй, иргэд нь нэгэнт хайрлах сэтгэлгүй болчихсон байсанд асуудал байгаа юм. Хэдийгээр тэр америкчуудын хайртай тамирчин байсан ч авааль эхнэрээ алсан аймшигтай араатан гэдэг төсөөллөөр сэтгэлд нь үлдэж, хүндэтгэл хүлээхээ байжээ. Энэ нь Симпсоныг амьдрах итгэлгүй болгож, сэтгэл санааны хувьд мөнхийн "шоронд" хоригджээ.

Энэ л арга манайд тохирох юм байна. Хоёр бүсгүйн амьдралаар тоглосон увайгүй эртэй ийм маягаар хариуцлага тооцъё. Ийм хууль дүрэм гаргаж, олон нийтэд сурталчилъя. Эдийн засаг бол хүнийг ямар ч багшаас илүү хүмүүжүүлдэг гэдэг. Тэгвэл архи уугаад ажлаа хийдэггүй, авгай хүүхэн эргүүлж, айл гэр үймүүлдэг нөхдүүдийн хоолтой нь ярьдаг болъё. Баян тарганаараа гайхагдаж, амрагууддаа үнэтэй машинаар бэлэг барьж, өөр хооронд нь алалцуулж, эмэгтэйчүүдээр тоглож яваа энэ мэт Дон Жуануудыг ингэж л шийтгэе. Ямар мал шиг хөнгөлнө гэлтэй биш. Хөнгөмсөг энэ эртэй битгий гэрлээрэй гэж уриалалтай нь биш. Эдийн засгаар нь хавчиж, хашилтанд оруулах нэг арга байна. Ингэж амьдарч болдоггүй юм гэдгийг нь ийм байдлаар л ойлгуулъя гэж хэлэх гэсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ