Сүрьеэгийн тархалтын түвшин тогтоох урьдчилсан судалгаа хийжээ
Монгол улсын хүн амын дундах сүрьеэгийн тархалтын түвшинг тогтоох урьдчилсан судалгааг 2013 оны 10 дугаар сарын 5-12-ны өдрүүдэд ХУД-ийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт явуулжээ.
Энэхүү ажлын хүрээнд тухайн хорооны судалгаанд хамруулах шалгуурыг хангасан 516 хүнийг (оролцооны түвшин 69%) сүрьеэгийн илрүүлэгт хамруулсан байна. Мөн хүн бүрийн артерийн даралт, биеийн жин болон өндрийг хэмжиж, сүрьеэгийн шинж тэмдгийн талаарх асуумж болон цээжний рентген шинжилгээг ашиглан илрүүлгийг хийжээ. Тус илрүүлгээр сүрьеэгийн сэжигтэй нийт 104 хүн илрүүлсний 101-ээс нь цэрний хоёр удаагийн сорьц авч Сүрьеэгийн Үндэсний Лавлах Лабораторид түрхцийн болон өсгөвөрлөх шинжилгээ хийсэн байна. Эдгээр 101 хүний түрхцийн шинжилгээний хариу гарсан ба уушгины халдвартай хэлбэрийн сүрьеэгээр өвчилсөн хоёр тохиолдол илрүүлэн, харьяа сүрьеэгийн диспансерийн хяналтад авч, эмчилгээнд хамруулсан байна. Цэрний шинжилгээ өгсөн бусад хүмүүсийн өсгөвөрлөх шинжилгээний хариу хоёр сарын дараа гарах аж.
Энэ удаагийн судалгааг Халдварт Өвчин Судлалын Үндэсний төв, Сүрьеэгийн Тандалт Судалгааны Алба, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл болон ХУД-ийн наймдугаар хороо, “Уясах” өрхийн эрүүл мэндийн төвүүд хамтран зохион байгуулжээ.
Монгол улсын ЭМЯ, Глобаль сантай хамтран “Монгол улсын хүн амын дундах сүрьеэгийн тархалтын түвшинг тогтоох судалгаа”-г 2012-2015 онд хийхээр төлөвлөн ажиллаж байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ