Дахин тэрбум хүний хэрэг байна уу

Чарльз Дарвин нэгэнтээ “Хүний хөгжлийг хэмжихэд боломжтой боловч тэдний үржлийн хурдыг хянахад төвөгтэй” юм хэмээн хэлж байв. Хүн төрөлхтөн бид 2011 оныг долоон тэрбумуулаа угтаж байлаа. 2050 оныг бид арван тэрбумуулаа угтана хэмэээн тооцоолчихоод байна. Хүн нэмбэл хүнс нэмнэ гэдэг ч хэт олон хүн ам цаашдаа толгойн өвчин болох нь ээ.

Судлаачдын тооцоолж буйгаар 12 жилийн дараа дэлхийн хүн ам найман тэрбумд хүрнэ гээд байгаа. Тэгэхээр бид жилд 31.7 саяар үржиж байна гэсэн үг. Хүн амын энэ өсөлт нь цөөн хүн амтай улсуудаас бус нэгэнт хэдэн зуун саяаар тоологдох хүн амтай орнуудаас нөлөөлж буй хэрэг. Өнөөдрийн байдлаар дэлхий дээр нийт 600 гаруй угсаатан оршин байгаа бөгөөд зургаан хүн тутмын нэг нь хятад, энэтхэг болж таараад байна. Нэгэнт өсч үрэжсэн тэдгээрт буруу байхгүй. Цаашдаа ч өснө, учир нь үр удмаа үлдээнэ гэдэг хүний мөн чанар билээ.

Хүн амын өсөлт ийнхүү нэмэгдэж байгаа нь үндсэн хэд хэдэн шалтгаантай бөгөөд хүмүүсийн дундаж наслалт уртсаж байгаатай холбоотой. 50 жилийн өмнө хүмүүсийн дундах өвчлөл, гэнэтийн үхэл одоогоос харьцангуй цөөн ч тэдний дундаж наслалт бага байсантай холбоотой хэмээн тайлбарлаж болохоор байгаа юм.

Дэлхийн хүн амын тооны байдал 1950 онд одоогийнхоосоо их өөр байлаа. Тэр үед Европод л гэхэд 2.5 тэрбум буюу нийт хүний 22 хувь нь амьдарч байж. Герман, Их Британи, Итали, Франц улсууд дэлхийн хамгийн олон хүн амтай 12 орны тоонд ордог байжээ. Харин сүүлийн хорин жилийн турш Азийн эдийн засгийн хурдацтай өсөлт, Африкийн хүн амын өндөр өсөлт зэрэг нь дэлхийн хүн амын бүс нутгийн хуваарилалтад ихээхэн өөрчлөлт оруулчихсан юм.

Хүн төрөлхтний дэлхийд учруулж буй хор хохирол их. Бидний үүсгэж байгаа асуудал нь хүний хэрэгцээнээс үүдэлтэй. Дэлхийг бохирдуулж буй үйлдлүүд, хүмүүсийн дуусашгүй хэрэгцээ, дэлхийн баялгийг барж байгааг хэлж болохоор байна. Мөн хүмүүсээс илүү гарсан хог хаягдлыг ч мартаж болохгүй. Үүний зэрэгцээ хүний хэрэгцээнд тулгуурлагдаад байгаа үндсэн хэрэгцээний эрэлтэээс үүдэлтэй хомсдлын асуудлууд бий болсон. Эдгээр асуудлыг ухаалгаар шийдэж чадахгүй бол дахин тэрбум хүний хэрэг байна уу даа хэмээн CNN агентлагийн нийтлэлч Ален Вайсмен хэлэв. Тэрбээр хүний хөгжлийн талаар олон бүтээл гаргасан судлаач билээ.

Гэхдээ ирээдүйд хэний ч санаачилсан дүрэм журам, тооцоо судалгаа нөлөөлж чадахгүй. Идэж ууж, амьсгалж байдагтай л адил үр удмаа үлдээнэ гэдэг хэнбэ гуайн ч хүслээр хязгаарлаж болохгүй хэрэгцээ байх нь маргаангүй. Тухайлбал, хятадуудын баримталдаг "нэг хүүхэд" бодлого ч нэмэргүй нь батлагдсан билээ.

Э. Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ