О.Чинбаяр: Уран зохиолын төлөө амьдралаа золих залуусыг олмоор байна
Модернист уран зохиолын “Загалмайлсан эцэг” хэмээн дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн ирланд эр Ж.Жойс Монголд “хөл тавиад” дөрвөн жил өнгөрчээ.
Түүний алдарт зохиолууд болох “Үлисс” 1992 онд, “Дүблинчүүд” 1925 онд хойд хөршийн уншигчдын хүртээл болсон бол монголчуудад энэ боломж саяхан буюу 2009 онд тохиосон юм. “Үлисс” өдгөө дэлхийн 14 хэлээр дуун хөрвүүлэгдсэн билээ.
Түүнээс гадна өнгөрсөн хавар Америкийн нэрт зохиолч Хэрман Мэлвиллын “Моби Дик” буюу Цагаан халим хэмээх романыг мөн л эх хэлнээ орчуулсан нь уншигчдын анхаарлыг зүй ёсоор татаж байна. Дээрх бүтээлүүд дэлхийн утга зохиолын ертөнцийг өнгөлсний учрыг тайлж, оюуны “цангаа”-гаа дарах гэсэн мянга мянган уншигчийн хүслийг биелүүлсэн нэгэн бол Монголын Орчуулагчдын Эвлэлийн ерөнхийлөгч, МЗЭ, Д.Нацагдоржийн нэрэмжит болон “Алтан Өд” шагналт О.Чинбаяр. Өнөөдрийг маргааштай холбож дэлхийг эх Монголтойгоо нэгтгэх эрдэмт орчуулагчдын залгамж халаа болсон түүнийг “Амьдралын тойрог” буландаа урьсан юм.
АЙЛЫН БОСГО ДАВСАН ХЭДЭН ХОРОМ
Орчуулагч эрхмийг танилцуулахын өмнө түүний өвөөгийн тухай цухасхан сөхье. Олон Улсын Олимпийн Хорооны хүндэт гишүүн, Соёлын гавьяат зүтгэлтэн Шагдаржавын Магваны анхны ач нь манай нийтлэлийн гол баатар. Магван гуайг 44 насандаа ид хийж бүтээж байхад том хүү Онон нь бүл нэмж олондоо “Олимпийн өвөө” хэмээн алдаршсан түүнийг амьдралын өвөө болгосон түүхтэй. Эмээ Жигжиджавын Намсрай нь 26 жил “Хөдөлмөр” сонинд бичээч хийсэн, бас л бичиг цаасны ажилд амьдралаа зориулсан нэгэн. О.Чинбаярын амьдралд өвөөгийнх нь шаргуу хөдөлмөрч, дайчин зан, эмээгийнх нь бичиг цаастай ойр зан чанар нь ихээхэн нөлөөлжээ. Тийм ч учраас нэг барьсан ажлаа дуусгаж байж санаа амардаг, уран зохиолд бие сэтгэлээ зориулж яваа нь буянт буурлынх нь ерөөл болов уу.
Ер нь тэрээр арван жилдээ хамгийн томоотой цөөхөн хүүхдийн нэг байж. Ээж нь нягт нямбай, хатуу шаардлагатай багш хүн байсны дээр өөрөө айлын том хүү учир томоотой хариуцлагатай зан багаас нь өвлөгджээ.
Түүний аав М.Онон 1970-аад оны үед ЗХУ-ын Ленинград хотод холбооны инженер мэргэжлээр суралцаж төгссөн бөгөөд тэтгэвэрт гартлаа жирийн техникчээс байгууллагын дарга хүртэл дэвшин ажиллаж байв. М.Онон гуайд очиж үзээгүй аймаг, сум гэж үгүй. Тэрээр радиотелевизийн хүлээн авах станц байгуулах ажлаар хөдөө гадаагүй явж, Монголын холбооны салбарын төлөө 38 жил нойр, хоолгүй зүтгэсэн ахмад холбоочин юм. Аав нь О.Чинбаярт “Амьдралд бид янз бүрийн хүнтэй учирдаг. Дарга, цэрэг байна уу, худалч, хулгайч нэгэн байна уу бүгдтэй нь ижил төвшинд харьцах хэрэгтэй. Чамд байхгүй авууштай зан чанартай хүн олон бий шүү. Хамгийн гол нь ухаантай л бай” хэмээн захидаг байжээ.
Харин О.Чинбаярын ээж О.Чимэдцэрэн мөн л холбооны эдийн засагч, багш мэргэжилтэй бөгөөд Холбооны сургалтын төвд багшаар ажиллаж олон мянган шавь төрүүлсэн нь өдгөө манай орны өнцөг булан бүрт мэргэжлээрээ ажиллаж байна.
О.Чинбаяр өвөөдөө ойр байх гэсэндээ Зайсанд гэр бүлээрээ нүүн иржээ. Хүүхдүүддээ агаар салхи сайтайг нь ч бас давхар тооцсон нь энэ гэнэ. Тэднийд ороход хүүхдүүд наадсан халуун дулаан орчин угтав. Дөрөв, таван настай болов уу гэж таасан тэрсхэн хүү, охин хоёр нь хүүхэлдэйн кино үзэж, дуулж, тоглож наадна. Нүдэнд дулаахан, сэргэлэн цовоо гэрийн эзэгтэй С.Алтанзул биднийг ирнэ гэж дуулаад өдрөөс эхлэн цай, хоол бэлджээ. Тэрээр нөхрийнхөө баруун гарын туслах бөгөөд ном бүтээлүүдийг нь олонд хүргэх ажилтай. Харин гэрийн эзэн ажлын хажуугаар хүүхдүүдээ цэцэрлэгт нь хүргэж өгөх бас авчрах алба эрхэлж байна.
Хананд эвтэй дөрвөн амьтны сийлбэр, Далай багштай хамт авахуулсан гэрийн эзний зураг байна. Үүдний өрөөнд нүүрэн талдаа тольтой ханын шүүгээ тавьжээ. Зочны өрөөнд хар эрээн буйдан ханын шүүгээтэйгээ хосолж харагдав. Гэрийн эзэн номын цуглуулгаа ажил дээрээ хадгалсан тул биднийг олон арван номын сан угтсангүй. Ойрын хугацаанд энэ тавилгаа сольж оронд нь номын цуглуулгаа нүүлгэн ирэхээр гэрийн эзэн төлөвлөж байгаа гэнэ. Нэг насны ая даах чансаатай эд авахаар сонголтоо ч хийчихсэн гэнэ лээ. Тэднийд зохиолч Г.Аюурзанын бэлэглэсэн шүлгийн сийлбэртэй дун, найз нөхдийн дурсгасан зааны баримал тэргүүтэй зурагтын тавиур бүхий ханын шүүгээн дэх цуглуулга байна. Шүүгээний шилэн хоргон дотор Далай багшийн шилмэл зохиолуудыг орчуулан хөрвүүлсэн номоо бас хүндэтгэн залжээ.
ЯРУУ НАЙРАГТ СЭТГЭЛЭЭ ӨГСӨН БАГА НАС
О.Чинбаяр нийслэлийн уугуул. 23 дугаар сургуулийг төгссөн түүнд орос багш нар хичээл заадаг байсан нь гадаад ертөнцийг эх нутгийнхаа хөрсөнд буулгах суурь болжээ. Ш.Нарантуяа хэмээх монгол хэлний багш нь түүнийг шүлэг, зохиол бичихэд нь дэмжиж, урамшуулж ирсэн нь өнөөдрийн амжилтын эхлэл байв.
Монгол хэлээ дээдэлж уран зохиолд сэтгэлээ өгөх ирээдүй нь гуравдугаар ангиас нь илэрсэн байна. Ингэхдээ “Миний эх орон“ зохион бичлэгийн даалгавраа их зохиолч Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлэгт хөглөгдөн яруу найраг болгон бичжээ. Шүлгийг нь үзсэн багш “Танай ангиас яруу найрагч төрөх нь ээ” гээд “Онц нэмэх” гэсэн тухайн үед үзэгдэж харагдаагүй дүн тавьсан нь бяцхан хүүд ихийг бүтээх урам хайрлав.
Үе үехэн мөр холбож онгодоо хөглөсөн бүтээлүүдийг нь Цэндийн Нямаа агсан үзчихээд “Чи яруу найрагч болоод хэрэггүй байх. Харин богино өгүүллэг бичвэл яасан юм” гэж зөвлөсөн гэдэг. Бараг л яруу найрагч болно гээд шийдчихсэн байсан хүүд энэ таатай сонсогдоогүй нь мэдээж. Гэхдээ л багшийн үг алт болохоор зөвлөснийх нь дагуу богино өгүүллэгэд шамджээ. Ингээд хэдэн өгүүлэл бичээд “Пионерийн үнэн” сонинд илгээх болсноор есдүгээр ангидаа тус сонины орчуулгын өгүүллийн уралдааны хоёрдугаар байрт шалгарч өсвөрийн сурвалжлагч болсон байв. Энэ цагаас эхлэн түүнд ОХУ-д М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд сурах ховорхон тохиол ойртсоор байжээ. Хичээл зүтгэлтэйг нь анзаарсан хичээлийн эрхлэгч нь түүнд энэ сургуулийн хуваарь удахгүй ирэх гэж буйг дуулгаж, өрсөлдөөнд бэлтгэхийг зөвлөсөн байна. Ингэснээр Зохиолчдын эвлэлийн орчуулгын дугуйлан болон Пионерийн ордны Утга зохиолын дугуйланд сурч 130-аад хүүхдээс шигшигдсэн таван ялагчийн тоонд багтаж чадсан юм. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Соёлын гавьяат зүтгэлтэн орчуулагч Х.Мэргэн, зохиолч Цэндийн Нямаа агсан гээд үе үеийн алдартнууд О.Чинбаярт хичээл зааж байсан юм.
Энэ олон багшаасаа нэг юм сонсч, бичвэрээ улаан эрээн болтол нь засуулж байж түүний санаа сая нэг амардаг байсан гэдэг. Хатуу ширүүн шүүмжлэл, зэмлэлээс айх биш харин “Намайг улам сайжруулах гэж өгч буй урам юм” хэмээн хүлээж авч, өөрийгөө хурцалдаг зантай байж. “Миний орчуулгыг буруу, муу болсон байна” гэж багш шүүмжлэхэд “Би буруу л хийсэн юм байна. Тэгвэл засаад болчих юм байна даа” гэж хандаж байснаас биш би чадахгүй юм байна гэж шантарч явсангүй. Ийм болохоор би багшийн заасан эрдэм номын буянаар өдий зэрэгтэй явна гэж боддог юм” гэж тэрээр хуучлав.
1989-1994 онд тэрээр М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд уран зохиолын орчуулагч мэргэжлээр суралцан дүүргэснээр мөрөөдлөө биелүүлж явна. Тэр сургуульд суралцана гэдэг монголчуудын хувьд алдаж боломгүй боломж. Өнөөдрийг хүртэл тэнд Монголоос хоёр удаа л орчуулгын мэргэжлээр оюутан элсүүлжээ.
ЦЭНДИЙН НЯМААГИЙН ХАЙРТАЙ ШАВЬ
1994 онд сургуулиа төгсч ирмэгц О.Чинбаяр “Ардын эрх” сонины “Хоёр нарны хооронд” албанд туршилтаар ажиллаж эхэлжээ. Энэ албанд орсон хойно нь Цэндийн Нямаа багш нь Сэлэнгээс утсаар мэдээ дамжуулдаг болсноор олон жилийн дараа тэд мэнд мэдэлцжээ. Харилцуурын цаанаас “уулздаг” багш нь нэг өдөр хот орж ирэхдээ бэлэг сэлт болсоор шавьтайгаа уулзав. “Би Пионерийн ордны Утга зохиолын дугуйланд 300 шавь төгсгөсөн. Ганц чи л миний төгссөн сургуулийг дүүргээд ирлээ” гэж шавьдаа урам, омгорхол, хүндэтгэлээ хайрласан гэдэг.
О.Чинбаяр “Ардын эрх” сонинд ажиллаж байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдорж агснаас номын дуу сонсч, сонины халуун тогоонд чанагдсан он жилүүдийг үдсэн. Тухайн үед сонинд ажилд орохын тулд туршилтаар явна гэдэг айхтар өндөр даваа байв. Ямар сайндаа л “Чиний сууж байгаа ширээнд өнгөрсөн жил хэдэн хүн суусан гэж бодож байна даа” хэмээх ёжтой асуулттай таарч л явж. Эрүүл мэндийн сайд асан С.Сонингоос авахуулаад олон томчууд өнөөх туршилтын сурвалжлагчдын ширээг тойрч өнгөрөөгүй байв. Ингээд туршилтаа арай чамай амжилттай даваад Гадаад мэдээний албанд мэдээний орчуулагчаар томилогджээ.
Үүний дараа тэрээр чөлөөт хэвлэлд хөл тавьсан юм. Ингэхдээ “Ардын эрх” сонины дэргэдэх “Ням гариг” сонинг гаргаж байсан Б.Цэдэнтэй хамтран “Толь” сониныг 1996 онд хөл дээр нь босгож тав хоног тутмын сонин болгосон түүхтэй. 12-13 мянган хувь хэвлэгддэг, нэг ч буцаалт ирдэггүй байсан болохоор энэ хэвлэл тухайн үеийнхээ амьд гэрч байлаа. 1997 оны дундуур яруу найрагч Ц.Буянзаяатай хамтран “Маш нууц” сониныг эрхлэн гаргаад, 2001 онд эрхлэгчийн ажлаа дүү О.Чинзоригт хариуцуулж, өөрөө сүүлийн арав гаруй жил Далай багшийн есөн ботийн орчуулга, уран зохиолын сонгодог бүтээлүүдийн орчуулга дээр ажиллажээ. Дээрхийн гэгээнтний бичсэн “Шинэ мянганы хүмүүн төрөлхтөний ёс зүй” хэмээх номыг орчуулах саналыг түүнд Ю.Цэдэнбал даргын хүү Зориг тавьсан гэдэг. Тэдний танилцсан түүх бас их сонин. М.Горькийн сургуульд О.Чинбаяртай нэг ангид сурч байсан Р.Дариймаа хэмээх буриад бүсгүй Ц.Зоригтой ханилж, Монголд хуримаа хийх үеэр нь танилцсан гэнэ. “Угаасаа л нийгэм маань буддын шашны ном зохиолоор цангаж, энгийн ойлгомжтой бичсэн ном зохиолоор дутаж байсан. Би шүтлэггүй ч ард олондоо хэрэгтэй номыг нь орчуулбал буян болох байх гэж санасан” хэмээн О.Чинбаяр Далай багшийн номыг эх хэлнээ хөрвүүлснээ учирлав. Бас 2001 онд эмээ нь бурхан болсон тул эмээгийнхээ дурсгалд зориулан эдгээр бүтээлээ олонд хүргэх ажилдаа шамджээ.
КАРАОКЕД ТАНИЛЦСАН ХОЁР
Гэрийн эзэгтэй С.Алтанзул нягтлан бодогч мэргэжилтэй. Номын эрдмээр сэтгэлээ чимсэн энэ хосын танилцсан түүхийг сийрүүлье. Тэрээр найзуудтайгаа караокед дуулж яваад амьдралын ханьтайгаа учирчээ. Тэдний хоёр том хүүхэд нь Канадын Торонто хотод суралцдаг бөгөөд том хүү Ч.Буянцогт нь Улс төр судлал, сэтгэл судлалын хос мэргэжлээр, том охин Ч.Чинхүслэн нь арваннэгдүгээр ангид суралцаж байна. Бага охин Ч.Чинсэцэн, хүү Ч.Чинбилэг нар цэцэрлэгийн алба хашдаг аж.
“Миний хань анх харахад ном бичдэг, их намбалаг нүдэнд дулаахан залуу байсан. Энэ занд нь үргэлж татагдаж, бас бахархаж явдаг даа” хэмээн гэрийн эзэгтэй ярив. Бөхчүүд дасгал сургуулилт гээд цаг завгүй явдагтай адилаар орчуулагч хүн ширээний араас өндийх сөхөөгүй ном шагайдаг. Гэр орон, үр хүүхэд гэж санаа зовох ч цаггүй уран бүтээлдээ уусчихдаг онцлогтой. Ийм болохоор гэр орны өдөр тутмын ажил, үр хүүхдээ асарч өсгөх нүсэр үүрэг гэрийн эзэгтэйд ногджээ.
Ялангуяа “Үлисс”-ийг орчуулахад О.Чинбаяр хоёр жил гаруй хугацааг тасралтгүй зориулсан байна. Хэр баргийн хүн энэ зохиолыг ойлгохын тулд 2-3 удаа унших шаардлага тулгардаг бол энэ зохиолыг орчуулах нь хэчнээн хүнд хөдөлмөр болох нь ойлгомжтой.“Орчуулагчийн ажил маш хэцүү. “Үлисс”-ийг орчуулахад өдөрт 12 цаг суудаг байсан. Би ч бүр дасчихсан. Энэ зохиолд шинжлэх ухааны олон хүнд үг хэллэг байсан. Ядаж л орчуулгыг нь хэсэгчилж тусалж чаддаггүй юм гэхэд ганц хоёр үг ч болтугай “тольдож” өгье гэж хичээдэг байсан даа” гэж С.Алтанзул ярьсан юм. Нөхөр нь өглөө ажилдаа гарахдаа мэдэхгүй үгнүүдээ улаанаар тэмдэглээд орхидог байжээ. Гэрийн эзэгтэй бие давхар, бас гэрээ сахидаг байсан болохоор өнөөх тэмдэглэсэн үгсийг орчуулж бичих ажилтай болсон байна. Ингэхдээ 10 гаруй мянган үгийг толь бичигнээс хайж, “Үлисс”-ийн орчуулгад хувь нэмрээ оруулжээ.
“Сайн хань, ар гэрийн санаа зовоохооргүй амьдрал ахуй л хүнд амжилт гаргах боломж олгодог юм байна. Би гэр орон гэж санаа зоволгүй барьж авсан бүтээлүүдээ эх барьж чадсан. Энэ бол ханийн минь хичээл зүтгэлийн гавьяа” гэж О.Чинбаяр ярьж байна. Үнэхээр л чансаатай бүтээл туурвия гэвэл сэтгэлээ чөлөөлж байж л сая нэг бүтдэг билээ. Ямар сайндаа л Оросын нэрт зохиолч Владимир Набоков зохиолоо бичихийн тулд ганц байсан машинаа зарж, олсон хэдэн цаасаар нь амьдарч, бүтээл туурвилаа үргэлжлүүлэн романаа дуусгаж байхав...
“БИ ХЭЗЭЭ Ч ГУЙЛГЫН НОМ ОРЧУУЛЖ БООЛЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХГҮЙ”
Сургуулиа төгсч ирснээс хойш О.Чинбаярт ном зохиолын ажлаа эхлэх эрмэлзэл эртнээс байжээ. Гэвч туршлага бага, ахуй амьдрал нь цэгцрээгүй үе байсан болохоор дан уран бүтээлдээ шамдах боломж олдоогүй юм. Ер нь өнөөдрийн Монголын нийгмийг харахад уран бүтээлчид ахуй амьдрал, санхүүгийн бэрхшээлдээ дарагдаад цэвэр уран бүтээл, чансаатай зохиол туурвих боломж хомсхон байгаа нь үнэн. Ийм болохоор өнгөрсөн хугацаанд монголчуудын оюуны царааг нэмэх дэлхийн сонгодог зохиолуудын орчуулга нэг хэсэгтээ тасраад харин ч арилжааны буюу адал явдалт, элдэв зөвлөгөө, бизнесийн ёс дүрэм, эрүүл мэндийн зэрэг номын болсон болоогүй орчуулга ноёрхох болсон. “Номын орлогоор амьдрахад болохгүй юм байхгүй. Энэ бол шууд хувь хүнтэй холбоотой. Ямар зардал гаргана түүнийгээ давах чансаатай орчуулга, ном зохиол гаргах нь л чухал. Гэхдээ ямар ч тохиолдолд тодорхой хэмжээний бизнес буюу санхүүгийн хөшүүрэгтэй байж л чанартай бүтээл хийнэ” гэж О.Чинбаяр ярьсан. Түүний хувьд захиалгын ном орчуулаад борлуулалтыг нь харж амьдарна гэдэг өөрийгөө доромжилсон хэрэг. “Би хэзээ ч гуйлгын ном орчуулж, боолын хөдөлмөр эрхлэхгүй гэж боддог. Ингэлээ гээд муу юм байхгүй. Миний бизнес, сонин хэвлэлийн ажил дампуураагүй, дандаа цэцэглэж байсан. Эхнээсээ л зорьсондоо хүрэхийн төлөө тэмцдэг бага ч атугай хөдөлмөрч зан чанар минь эрхэлсэн ажилд маань тусгалаа олсон болов уу” гэж Ш.Магваны ач ярьж байна. Орчуулагчийн анги, элдэв курс төгсөгчид болсон болоогүй янз бүрийн ном гаргаж, найруулга, үг үсгийн наад захын алдааг тоомжиргүй хэвлэх болсон нь өнөөгийн Монголын хөгжлийн асуудал болоод байгаа билээ. Үүнийг цэгцлэхийн тулд яах аргагүй О.Чинбаярын хэлсэнчлэн уран бүтээлд сэтгэлтэй залуусын арми хэрэгтэй байна.
ҮРГЭЛЖИЛСЭН ҮГИЙН ЗОХИОЛ БИЧИХЭЭР ШИЙДЖЭЭ
Тэрээр сүүлийн арав гаруй жилд томоохон хэмжээний үргэлжилсэн үгийн зохиол бичье гэсэн бодлоо сэтгэлдээ тээж явна. Энэ бүтээл нь ойрын 1-2 жилд багтан уншигчдад хүрэх бололтой. “Хүмүүс “Үлисс”, “Моби Дик”-ийг уншаад надаас дараагийн орчуулгыг маань хүлээж байгаа байх. Уншигчдадаа орчуулгын бүтээлээс гадна анхныхаа үргэлжилсэн үгийн зохиолыг өргөн барих бодол бий. Дандаа хүний зохиол хөрвүүлнэ гэдэг нэг бодлын уйтгартай шүү дээ” гэж тэр ярьсан. 1997 онд түүний гаргасан “Ганцхан чамдаа” яруу найргийн номыг эс тооцвол түүний бичихээр зэхэж буй бүтээл нь анхны томоохон хэмжээний үргэлжилсэн үгийн зохиол болох юм.
Үүнээс гадна түүний дараагийн төлөвлөсөн ажил нь хэдэн сайхан шавьтай болох гэнэ. Монголд мэргэжлийн уран зохиолын орчуулагч тасарч буй энэ үед сайн дурын уран сайханчдаас илүү жинхэнэ орчуулагчдыг төрүүлэх цаг ирснийг тэр олж харжээ. “Уран зохиолын төлөө амьдралаа золиослох эр зоригтой залуус байж гэмээнэ орчуулгын уран зохиол хөгжинө. Ийм сэтгэлтэй залуусыг ганц хоёр ч байсан олох юмсан. Ер нь ч ойрын үед ийм залуучууд олдох байх гэж бодож байна” гэж тэрээр ярилаа. Одоогоор О.Чинбаярт шавь болъё гэсэн хүн хандаагүй байгаа гэнэ. Монголчуудын нэрэлхүү, өөрийгөө голдог зантай нь ч энэ нь холбоотой байж мэдэх л юм.
БЛИЦ:
- 1971 онд нийслэл хотод төрсөн
- 1989 онд арван жилийн 23 дугаар дунд сургууль төгссөн
- 1989-1994 онд М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль төгссөн
- 1994-1996 онд “Ардын эрх” сонинд сурвалжлагч
- 1996-1997 онд “Толь” сонины ерөнхий эрхлэгч
- 1997-2001 онд “Маш нууц” сонины ерөнхий эрхлэгч
- 2000-2010 онд Монголын Чөлөөт Сонинуудын Холбооны ерөнхийлөгч
- 2013 онд Монголын Орчуулагчдын Эвлэлийн ерөнхийлөгчөөр томилогдсон
47 ТӨГРӨГИЙН “ЦАЛИН”-ТАЙ АХЛАХ ТОГООЧ ЯВЖЭЭ
О.Чинбаяраас зарим асуултад хариулт авлаа.
-Аав тань танд юу гэж захидаг вэ?
-Амьдралдаа хүн янз бүрийн хүнтэй учирдаг. Тиймээс дарга, цэрэг байна уу, худалч, хулгайч нэгэн байна уу бүгдтэй нь ижил төвшинд харьцдаг байх хэрэгтэй. Тэдгээр сайн, муу, алдаж оносонхүмүүсийн дотор чамд байхгүй авууштай зан чанартай хүн олон бий шүү. Энэ бүхнийг сайтар эргэцүүлж, тунгааж яв гэж хэлдэг дээ.
-Тэгвэл аавын тань хэлсэн сэтгэлд үлдсэн үг?
- Хамгийн гол нь ухаантай л бай!
-Гадаадын хэдэн орноор аялсан бэ?
- 14-15 орноор аялсан юм байна.
-Багын сэтгэлд хоногшсон дурсамжаасаа хуваалцана уу?
-Надад нэг сайхан дурсамж бий. Бүр цэцэрлэгт байхдаа “Хөдөлмөр” сонинд очоод эмээгийнхээ бичгийн машиныг оролдож тоглодог байсан миньсанаанаас гардаггүй. Бичгийн машины дуу сонсч өссөн болохоор уран зохиолд дуртай болсон юм болов уу.
Бас наймдугаар анги төгссөн жил Батсүмбэрийн сангийн аж ахуйн минж үржүүлэх фермийн хашааг ангиараа барьж байсан юм. Тэгэхэд явсан 27 хүүхдийн хоолыг хийх ахлах тогоочоор томилогдон ажиллаж, хүний хүүхдүүдийг өлсгөлгүй авчирсан. Тэгээд хүүхэд болгон 47 төгрөгний “цалин” авч байлаа. Түүгээр нь дэлгүүр орж гэртээ түргэн буцалгагч, хоёр ширхэг барааны саван, бага дүүдээ тоглоомон машин авч байсан маань одоо санахад инээд хүрмээр байдаг юм.
-Таны хобби юу вэ?
-Чөлөө заваараа тархиа амрааж хөгжим сонсч, сэтгэлээ сэргэтэл дуулах дуртай.
-Тэгвэл мөрөөдөл тань?
-Цагийн аясаар мартагдахааргүй чанартай сайн роман бичих.
-Залуус, дүү нартаа хандаж ямар зөвлөгөө хэлэх бол?
-Хамгийн гол нь эрүүл байх хэрэгтэй. Эрүүл байвал бүх зүйл бүтнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ