“Жаст”-д барьцаалагдсан “Эрдэнэт”-ийн өр
Манай улсын саалийн ганц үнээ Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр Африкийн нэгэн банкинд 103,9 сая ам.долларын өрөнд оржээ. Аваагүй мөнгөний төлөөсөнд нэг л мэдэхэд ийн өрөнд орсны учир нь даварсан “Жаст” группын өмнөөс тус үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзориг зээлийн баталгаа гаргаж өгснөөс үүдэлтэй.
Бүр хоёр дахин санхүүжилтийн гэрээ байгуулж, дөрвөн удаа нэмэлт өөрчлөлт оруулсан эдгээр баримт бичигт тэрээр албан ёсоор гарын үсгээ зурж, тамгаа дарсан байгаа юм.
Харин “Жаст”-ын босс Ш.Батхүү шоронд шомбойхынхоо өмнө би гэрээг хуурамчаар үйлдсэн хэмээн хар толгойгоороо даахыг хичээсэн нь цагдаагийнхны зэвүү, дургүй хоёрыг зэрэг хүргэв.
Цагтаа цалгиж явсан “Жаст” групп 2009 оны долдугаар сарын 8-ны өдөр “Стандарт” банкнаас 36 сая ам.долларын зээл авахдаа зээлээ төлж чадахгүйд хүрвэл “Эрдэнэт” үйлдвэр холбогдох бүх төлбөрийг өмнөөс нь хариуцан барагдуулна гэсэн гурвалсан гэрээ байгуулжээ. Үүнийхээ баталгаа болгож, “Жаст” группээс “Стандарт” банкинд төлсөн банкны шимтгэл, зуучлалын төлбөр зэрэг санхүүгийн бүхий л зардлыг тус группт нөхөн төлөх, түүгээр ч зогсохгүй “Жаст”-ын охин компани “Меркентайл хаус” ХХК-д ачуулсан зэсийн баяжмалын төлбөрийг “Стандарт”-д тусгай данс нээлгэн байршуулахаар тогтсон байна. Ийнхүү үнээ нь манайх ч сүү нь хүнийх болж эхлэв.
Дараа нь 2010 оны наймдугаар 5-ны өдөр дахин 27 сая ам.доллар нэмж зээлэхдээ “Эрдэнэт” үйлдвэр батлан даагчаар оролцож, “Стандарт”-ын дансан дахь зэсийн баяжмалын төлбөрөө барьцаалуулах тохиролцоог нэмж хийсэн байна. Тухайлбал “Эрдэнэт”-ийн “Меркентайл хаус” компанид нийлүүлсэн зэсийн баяжмалын үнийн дүнгээс “Жаст” группын “Стандарт” банкинд төлөх ёстой санхүүжилтийн зардлыг нөхөн төлөхөөр болжээ. Түүгээр ч зогсохгүй банкны шимтгэл, зуучлалын төлбөрөөс гадна үндсэн өр, зээл, торгууль зэрэг бүгдийг нь барагдуулах үүрэг хүлээж, “Эрдэнэт” үйлдвэр дахин баталгаа гаргаж өгснөөр Африкийн банкны өмнө байдгаа барих есөн шид нь бүрдэв.
Мөн 2011 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр “Жаст” дахин 34 сая ам.долларыг “Стандарт” банкнаас нэмж авч, “Эрдэнэт”-ийн“Меркентайл хаус” компанитай байгуулсан зэсийн баяжмал нийлүүлэх гэрээний дагуу эдлэх ёстой бүх эрхийг “Стандарт” банкинд шилжүүлж орхилоо. “Меркентайл хаус”-ын зэсийн баяжмалын төлбөр “Стандарт”-ын дансанд байршсаар. Ийнхүү “Эрдэнэт”-ийн хүлээсэн эрт эдүгээгийн бүх үүрэг “Жаст”-ын зээлийг бүрэн төлж дуусах хүртэл хүчинтэй байхаас гадна уг үүргийг эцэст нь зэсийн баяжмал нийлүүлэх замаар гүйцэтгэхээр заажээ.
Гэтэл 2012 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр яагаад ч юм “Жаст”, “Эрдэнэт, “Стандарт” болон бусад оролцогч талууд эрх үүрэг шилжүүлэх гэрээ байгуулж, зээлийн үндсэн өр, хүү болон бусад төлбөрийг авах эрхийг Өмнөд Африкийн Стандарт банк Ко Лимитед-д шилжүүлсэн нь санхүүгийн нууцлаг учир шалтгаан дагуулж байна. Шинэ зээлдүүлэгч болсон дээрх банк “Жаст”-ыг өрөө огтхон ч төлөөгүй учраас зээлийн бүхий л батлан даалт гаргасан “Эрдэнэт” үйлдвэрээс одоо 103,9 сая ам.долларыг өдөр шөнөгүй нэхэж байна.
Хар хүний өмнөөс шар хүн гэгчээр яахаараа Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэр нэг муу хувийн компанийн өмнөөс гадаадын банкинд тавьсан өр ширийг нь хамаг нэр нүүрээ тахлан байж барагдуулах ёстой үүргийг анхнаасаа хүлээдэг юм бэ. Энэ бол Ц.Ганзориг яаж ч том толгой гаргаад зүрхэлж хийж чадахгүй, хийх боломжгүй асуудал. Тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр болон Сү.Батболд нарын заавар, шахаасаар хийгдсэн гэх учир мэдэх хүмүүсийн яриа оргүй биш. Тэдний баруун гар Ц.Мөнх-Оргил гэрээ байгуулах бүхий л шатанд хууль зүйн туслалцаа үзүүлж, гар бие оролцжээ.
Хэрвээ Оросын тал хамтарсан үйлдвэр нь хувийн компанийн гадаадын банкинд тавьсан өр зээлэнд дур мэдэн баталгаа гаргаснаас ашиг дундрахад (мэдээж багасна) хүрвэл сайнаар хандахгүй нь ойлгомжтой. Улаанбаатар төмөр зам, Монросцветмет зэрэг хувь нийлүүлсэн газруудынхаа үйл ажиллагааг эргэж харах ч энүүхэнд. Дашрамд дурдахад Улаанбаатар төмөр замаар бас баталгаа гаргуулж, мөнөөх “Стандарт” банкнаас 50 сая ам. доллар авч хэдхэн хүн халаасаа түнтийлгэсэн гэх хэрэг одоо хараахан сөхөгдөөгүй байгаа. “Эрдэнэт”-ийн шинэ удирдлага “Жаст”-ын өрийг төлөхгүй гэж гүрийдэг юмаа гэхэд Лондонгийн арбитрын шүүхийн хаалга татна. “Стандарт” банк Их Британийнх учраас хэн ялах нь тодорхой. Нэгэн цагт “Буян”-гийн өмнөөс “Марубени”-тай үзэлцсэн Ц.Мөнх-Оргилын дадлага туршлага ч хэрэг болохгүй.
Томчуудын тоглоом том юм. Ц.Ганзориг одоо албаа өгсөн ч Японд эрүүл мэндийн шинжилгээ хийлгүүлж, бие хаагаа үзүүлж харуулж яваад ирсэн гэнэлээ. Уламжлалт анагаах ухаанд аливаа өвчний үндэс нь эс шингэх гэдэг. Өвчин даамжирвал толгой цустдаг. Монголдоо эс шингэвэл харьд оддог.
Х.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ