Засгийн газар замрах араандаа оров уу
Засгийн газар нь тогтвортой байдаг азтай ард түмний эгнээнээс бид аль хэдийнэ гарчээ. Засгийн газар нь байгуулагдсан өдрөөсөө л замарч эхэлдэг, тэгэх шалтгаан нь хэвлийдээ бүрэлддэг хачин үзэгдэл бий болсоор бүр хэвших нь ээ. Бид ч дасах янзтай. Байгуулагдсан өдрөөс нь энэ Засгийн газрын хувь заяаны тухай ярьсан гэхэд бараг хэтрэхгүй. Хэд хоног болов уу, үгүй юу дараагийн Засгийн газрын талаар яриа гарсан биздээ. Альц геймерийн өвчин/мартамхай/ тусчихаагүй бол ард түмэн санаж л байгаа. Төдөлгүй бүр он, сар, өдөртэй нь хэлдэг болсон билээ. Н. Алтанхуягийн Засгийн газар ирэх сард огцорно. Долоо хоногийн дараа зайгаа тавина. Төдний өдөр тэгнэ ч гэх шиг. Ираны зөн билигч Мехди л ингэж хэлэх болов уу гэмээр шүү. Тэгсэн хэдий ч Засгийн газар өнөөдөө байж л байна.
Яг юу нь болохоо байчихав гэхээр олон юм байх. Сайн шүүрдвэл хоёр л зүйл дээр яригдах бололтой. Нэгд, хамгийн хатуу бас эмгэнэлтэйг нь хэлье. АН-ын даль жигүүрийн аюул юм. А.Мурат тэргүүтэй нөхөд өнгөрсөн сонгуулиар бялуу байтугай печень ч үгүй үлдсэн нь ингэхэд хүргээд буй. Хүн л юм болохоор ямар нэг “зөөлөн юм” хүсдэг л байлгүй яав гэж. Суудлын төлөөх ийм үзэгдэл уг нь аль ч Засгийн газарт байдаг л даа. Монголчууд түүнийг дотоод шалтгаантай буюу “дотроосоо өтөх” гэдэг. Бүр тостой зүйрлэсэн ч байдаг. Тун осолтой үзэгдэл. Нөлөө ихтэй, өсийн сэдэлтэй гээд яривал их юм гарна. Хоёрт, энгийн гэхээр проблём орно. Засгийн газрынх нь баталсан төсөв хөөстэй, арай хатуухан хэлчихвэл “авлигажсан төсөв” болов гээд л... Хориод жил ийм төсвөөр явж ирсэн гэх ч, тэр нь энэхүү азгүй Засгийн газрын үед илэрдэг нь нэг тиймэрхүү.
Бас нэгэн зүйл бол бүтэн нэг хагас их наяд төгрөгийн алдагдал гээч юм буй. Зарим нь хоёр хагас их наяд ч гэдэг. За тэгээд, арилжааны банкууд мөнгөний хомсдолд орж өндөр хүү зонхилсон. Уул уурхайгаас Хүний хөгжил санд олгосон богино хугацаатай зээлийн дарамт. Валютын болон экспортын дутагдал. Дотоод зах зээлийн царцалт гээд яривал нөлөө, шалтаг, шалтгаан мундахгүй. Энэ зэргээс болоод сэгсрэгдчих гээд байна, эл Засгийн газар. Бусад Засгийн газрыг бодвол дотроосоо “дайсан”-тай бас юу ч вэ. Жинхэнэ журмын нөхөд нь болох УИХ-ын гишүүн Р.Амаржаргал өөрөө огцрохоо хэлэв. УИХ-ын гишүүн Ж.Батзандан Ерөнхий сайдыг огцрохыг шахан шаардав. Өмнө нь МАН, АН хоёрын түүхэнд ийм зүйл тохиож байгаагүй. Бүр болохоо байгаад, үнэнд гүйцэгдээд ингэж байгаа бол дуусаа гэсэн үг.
Ер нь энэ мэтээс өнгөцхөн харвал, “Засгийн газар замрах араандаа оров уу” хэмээн асуумаар санагдана. Засах арга байхгүй биз. Эрдэмтэн, судлаачид юу харж байгааг нь мэдэхгүй юм. Иргэн би ганц л юмыг тод харж байна даа. Одоо тоймлоё. Н.Алтанхуяг ингэхэд Ерөнхий сайд байх хүн мөн үү. Хэн ч хашиж болох улстөрийн албан тушаал гэвэл тэр чадах ёстой. Заавал мэргэжлийн буюу эдийн засагч байх албагүй гэсэн байхаа. Н.Алтанхуягийн хувь хүнийг шинжвэл, нас тогтсон, мэргэжил боловсролтой, бас ч гэж ажлын туршлагатай гэхэд хилсдэхгүй. За, бага сага зальтай, хэлсэндээ хүрдэггүй, ядмаг, худал юм ярьдаг, амиа аргацаадаг, мааз талдаа гэвэл маргах нэгэн гарахгүй.
Тэр нь төр, засагт тэгтлээ нөлөөлөхгүй. Учир нь ганцаар тонгочдог алба биш. Тэгэхээр Н.Алтанхуяг Ерөнхий сайд хийх боломжтой нэгэн бус уу. Засгийн газрынх нь бүрэлдэхүүнийг сонжвол тийм ч ядарсан сайд байхгүй. Хэн нь ч нэг яам аваад явчихаар аавын хүү, ээжийн охин харагддаг. Харин хэрэгжүүлэгч агентлаг, яам руу нь өнгийхөөр биш болоод явчихдаг билээ. Тэдгээр сайдын бүрдүүлсэн гэх баг нь даанч өрөвдөлтэй. Аль ч яамнаас үүнийг харж болно. Хаанаас олж ирсэн юм бол гэмээр нөхөд даанч олон.
Товчхондоо, нам эвсэл, нутаг нуга, дов жалга, ахан дүү, хамаатан садан, танил тал, чих зөөлөн гэхчлэн хамаад, цуглуулчихсан баг шүү дээ, тэд. Тэдэн дотор чадвартайгаасаа үгүй нь хавьгүй олон гэдэг юм билээ. Тэр үнэн байх. Тэгэхээр тэнд ажил яаж явах вэ. Яамны ажил нь явахгүй болохоор Засгийн ажил нь хөдлөхгүй. Засгийн ажил нь хөдлөхгүй аваас толгойд нь суугаа Ерөнхий сайдын алба нь бүтэхгүй. Тэгээд л хуйд өртсөн ил газрын бургас шиг савчаад байхгүй юу. Ийм л нэг эсэргэн хамаарал үүсчихээд байгаа хэрэг. Одоо ч өнгөрөө биз ээ.
Г.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ