Б.Пүрэвсүрэн: Адуу мал дунд робот гараад ирвэл юу болох вэ
Ая зохиогч Б.Пүрэвсүрэнг “Дулаахан намар”, “Босоо хийморьтой эр хүн”, “Санахгүй л гэсэн юмаа”, “Манай адуу”, “Аялсхийгээд дуулъя даа” гээд олон хит дуугаар нь үзэгчид таних болсон. Түүнтэй уулзаж ярилцсанаа та бүхэнд хүргэж байна.
-Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаас яриагаа эхэлье?
-Сүүлийн үед нэлээд олон уран бүтээл гарсан. Миний урын санд нийт 500-аад дуу байгаа. Дуучин Ж.Сүрэнлхамын “Хайраар чамайгаа чимэлгүй л яахав дээ”, дуучин А.Түмэн-Өлзий “Аавдаа”, Л.Болдбаатарын “Ээжийн минь зөн”, С.Жавхлан “Хайрын сайхныг”, Б.Болд, Э.Чулуунчимэг “Эвлэн дуулах хорвоо”, дуучин П.Жимсээ, Т.Батсайхан “Ханийн дуу”, хамгийн сүүлд ”Намир” медиа группээс эрхэлж гаргаж байгаа нутгийн зон олондоо зориулсан МУГЖ Г.Бямбажаргалын дуулсан Д.Жаргалсайханы шүлэг, миний аялгуугаар бүтсэн “Өмнийн говь нутаг” дуу клиптэйгээ мэндэллээ. Гэх мэтчилэн олон уран бүтээлийн ургац арвин жил өнгөрч байна.Одоо шинэ CD-ний ажилдаа орсон. Энэ удаа залуу уран бүтээлчдийн дууг багтаахыг зорьж байна.
-“Өмнийн говь” дууныхаа талаар яриач, танай нутгийн тухай дуу гэлээ?
-Манай нутаг сүрлэг сайхан уулс ихтэй, Өмнөговь сумыг маань тойрсон есөн нуур байдаг. Хар-Ус, Шар нуур, Хойд шарнуур, Холбоо нуур, Шаазгай гуур, Ногоон цэгээний нуур гэх мэтчилэн. Ийм үзэсгэлэнт байгальтай сайхан нутаг. Манай нутгаас төрийн 10 гаруй сайд төрсөн. Урлаг соёлын алдартай хүмүүс нэлээд их байдаг. Тэгээд сумынхаа 90 жилийн ойд зориулсан энэ дууг саяхан дүрсжүүллээ. Энэ дууг зөвхөн нутгийн түмэндээ үзүүлэх гэж бүтээгээгүй. Мэдээллийн хэрэгслүүдээр маш олон монголчууд орж энэ дуунд дурлан сонсож байгаа. Монгол түмний сонсох дуртай сайхан дуу болосой гэж хүсч байна. Монголын аль ч аймагт байсан хамаагүй бүгд адилхан. Бид нэг нутгийн тухай дуу гэж бөөрөлхөж, харьяалж үзэх хэрэг байхгүй.
-Бага насныхаа тухай дурсаач?
-Миний бага нас Увс аймгийн Өмнөговь суманд өнгөрсөн. Морин дэл дээр, Намирын голын дэнж дээгүүр давхиж өнгөрсөн дөө. Яг л хүүхдүүдийн бага нас яаж өнгөрдөг билээ. Адилхан. Сахилагагүй хүүхэд байсан. Арван жилд байхдаа суруулийн урлаг спортын арга хэмжээнд байнга оролцдог, сургуулийн сурагчдын зөвлөлийг хүртэл байгуулаад явдаг идэвхтэй хүүхэд байлаа.
-Сурлагандаа хэр байв?
-Сурлага сайтай байсан. Манай анги математикийн гүнзгийрүүлсэн сургалттай хамгийн анхны анги болж төгсөж байсан. Бүгд сургууль авч, одоо сайн сайхан явцгааж байна. Бага насны дурсамж бүхэн сайхан. Тэр бүгдийг дурсаад, эргээд бага насаа ярьвал бид хоёрын яриа дуусахгүй байх. Хамгийн үнэтэй, сайхан нас байж дээ.
-Аав ээжийнхээ талаар яриач?
-Манай аав ээж хоёр хоёулаа багш хүн. Аав математикийн багш хийж байна. Ээж сургуульд номын санч хийж байна. Таван дүү маань бүгд сургууль соёлоо төгсөөд ажил амьдралын гараагаа эхлүүлсэн. Уран бүтээлч хүний хамгийн чухал зүйл нь гэр бүл, үр хүүхэд. Гэр бүлдээ анхаарал тавихыг их хичээдэг.
-Таны уран бүтээлээс хит болсон ямар дуунууд байна?
-Түмэн олны мэддэг олон сайхан дуу гарчээ. МУГЖ С.Жавхлангийн “Дулаахан намар”, Л.Болдбаатар “Босоо хийморьтой эр хүн”, А.Мөнхбатын “Манай адуу”, Б.Буянжаргалын “Аяласхийгээд дуулъя даа”, “Санахгүй л гэсэн юм аа”, Т.Батсайхан “Аавын борлог морьд”, “жаргааж амьдрахсан ижийгээ”, Л.Банзрагчийн “Нэг л туулах хорвоо”, Э.Төрмандахын “Сайхан”, Ноён Бондгорын “Миний найз” гэх мэт олон түмний сонсох дуртай, хит болсон олон дуутай болжээ. 100-аад уран бүтээлчтэй хамтарч ажиллажээ. Саяхан хамаг Монгол төслийн үйл ажиллагаанд оролцож явлаа. Халимагаас, буриадаас, Тувагаас, Өвөрмонголоос олон сайхан уран бүтээлчидтэй хамтарч дуу хийж эхэлж байна. Елена Буранхатива гэж Буриадын дуучин надад ээжийн тухай дуу өглөө. Саяхан аялгуу нь бэлэн боллоо.
-Таны уран бүтээлийн онцлог юу вэ?
-Миний уран бүтээлийн хамгийнгол онцлог нь Монголын ая аялгууг мартагдуулахгүй, илүү ойрхоноор гаргахыг хичээдэг. Монгол аялгуугаа үлдээж чадахгүй бол 100 жилийн дараа мнгол аялгуу байхгүй болж ч мэднэ.
-“Таны ирж яваа цаг” CD хамгийн сайн борлуулалттай CD-гээр шалгарсан гэсэн?
-Гурван бие даасан уран бүтээлийн тоглолт хийсэн. Анхны тоглолтоо “Босоо хийморьтой эр хүн” гэж нэрлэж байлаа. Дарагийнх нь “Аяласхийгээд дуулъя даа”, Гурав дахь тоглолтоо “Ирж яваа цаг” нэж нэрлэсэн. Гурван тоглолтоороо CD гаргаж, энэ жилийн хамгийн их борлуулалттай CD-гээр “Ирж яваа цаг” шалгарсан. Миний CD, CD–ний нэр хоорондоо уялдаа холбоотой.
-“Ирж яваа цаг” гэж их гоё дуу байна билээ?
-Энэ дууны үгийг С.Жавхлангийн аав Саманд гуай бичиж, би өөрөө ая хийгээд ятга хөгжимтэй дуулсан. Би чинь өөрөө бас дуулах дуртай. Ирж яваа цаг бид бүхэнд илүү их амжилт бүтээл өгөөсэй. Хуурай сүү уугаад суудаг хүмүүс монголчууд биш. Үхэр, хонь, ямаагаа саагаад , сүүгээр нь цайгаа сүлж уудаг ард түмэн. Энэ цаг үеийг битгий мартаасай гэсэн утга бүхий сайхан дуу.
-Яагаад хөгжмийн зохиолч болох замыг сонгочихов оо, уг нь өөр мэргэжилтэй гэсэн?
-Би дулааны инженер мэргэжилтэй. ШУТИС-ыг төгссөн. Хүний сонирхол их нөлөөлдөг юм билээ. Инженер, хийгээд явах, дууны ая зохиох хоёрт асар их ялгаа бий. Багаасаа урлагийн гэр бүлд өсч, өдий хүртэл явахдаа урлаг гэдэг зүйлээс холдож чадахгүй юм байна гэдгээ ойлгосон. Тэгээд л ая зохиогч болохоор шийдсэн. Энэ олон сайхан дуу миний сэтгэлээс гарч байгаа өнгө аяс, олон сайхан дуучны хоолойгоор олон түмэнд хүрч байна гэдэг хамгийн бахархалтай зүйл.
-Хэрвээ дулааны инженерээ хийж байсан бол та өдийд ямар байх байсан бол?
-Би өөрийгөө дулааны инженер хийж явсан бол гэж хэзээ ч төсөөлж бодож байсангүй.
-Сургуулиа төгсөөд энэ мэргэжлээрээ түр ч гэсэн ажиллаагүй юу?
-Энэ мэргэжлээрээ яг ажиллаагүй. Гэхдээ нэг жил гэрлийн байцаагч хийж явлаа. Тэгэхээр би улсад ямар ч байсан нэг жил ажилласан, төсвийн байгууллагад ажиллах ямар байдаг, өглөөнөөс орой хүртэл ажлын цагаар ажиллаад үзчихсэн хүн.
-Та өөрийн гэсэн продакшн байгуулсан гэсэн?
-Тийм ээ. “Намир” продакшнаа байгуулаад зургаан жил болж байна. Уран бүтээлчдийн дуу, клип, реклам зар сурталчилгаа гээд янз бүрийн л юм хийж байна.
-Орчин үед хийсэн дуу бүр нь хит болж байна гэдэг тухайн уран бүтээлчийн чадвар чансааг харуулдаг байх?
-Дууны уран бүтээл хийгээд, хийсэн уран бүтээл нь олон түмний талархал хүлээж, хит болно гэдэг хамгийн их шалгуур өндөртэй, хэцүү зүйл. Өнөөдөр миний уран бүтээл тодорхой хэмжээнд олон танигдаж, Пүрэвсүрэн гэдэг хүний уран бүтээл шүү гэдгийг ард түмэн мэддэг болж. Энэ миний хувьд бахархмаар зүйл.
-Хөгжмийн зохиолч, яруу найрагч хоёр хоорондоо хэр их уялдаа холбоотой ажилладаг юм бэ?
-Шүлгэнд ая хийнэ гэдэг мэдрэмжийн асуудал. Хөгжмийн зохиолч тухайн яруу найрагчийн бичсэн шүлгийг хараад, тухайлбал ээжийн тухай шүлэг байвал ээжийн тухай бодолд бүрэн шилжих ч юм уу тухайн уран бүтээлчийн онцлогоос шалтгаалж дуу “төрдөг”. Яруу найрагч хүн шүлгээ бичээд ийм дуу болох ёстой гэж хэзээ ч төсөөлөхгүй. Харин хөгжмийн зохиолч хүн яруу найрагчаа, дуучнаа, аялгуугаа ч мэдэрдэг. Энүүгээрээ онцлогтой.
-Нэг дуу бүтээх гэж хэр их хугацаа шаардах вэ?
-1-4 сар дамнаж уран бүтээл хийгдэнэ. Тэгээд янз бүр дээ.
-Дуундаа ая хийчихээд дуучнаа сонгох уу?
-Эхэндээ тэр дуучнаар дуулуулна гэж уран бүтээл хийдэггүй байлаа. 100 гаруй дуу хийгээд эхэлсний дараа больсон. Уран бүтээлийг бүтээл талаас нь хийж эхлэх хэрэгтэйг мэдэрсэн. Дуучин өөрөө дуугаа захиалж, би тухайн дуучны онцлог, характерт тааруулж дууг нь хийж өгдөг болсон. Тэгэхээр талх шиг үйлдвэрлэгддэг байсан дуунууд энэ цаг үеэс эхлэн больж байгаа гэж хэлж болно. Яагаад гэхээр уран бүтээлч бид чанартай уран бүтээл гаргах ёстой. Тэгж байж Монголын ард түмэн дэлхийн хэмжээний аялгуутай, дэлхийн хэмжээний үгтэй бүтээлтэй болох юм.
-Зохиолын дууг хүмүүс их муулдаг шүү дээ, энэ тал дээр таны бодол?
-Ер нь аль ч уран бүтээл адилхан шүү дээ. Нэр сайтай уран бүтээл гэж байхгүй. Монгол хүн адуун дэл дэр исгэрч явахдаа дуу аялж, дуу дуулж, дуу зохиодог. Дууч ард түмэн хэзээ ч зогсохгүй. Дуулдаггүй ард түмэн бол өөр. Монгол түмэн энэ уудам тал нутагтаа уртын дуугаа дуулж өдий хүрч ирсэн. Тийм болохоор нийтийн дууг хичнээн ад үзээд ч тасрахгүй. Ард түмэн дуулсаар байх болно.
-Нийтийн дууны хөгжил ямар түвшинд явж байна?
-Нийтийн дуу хөгжиж байгаа. Энэ төрлийн дуу Монголчуудын сэтгэл зүрхэнд хамгийн их хүрдэг дуу байдаг. Уртын дуу бол тэртээ тэргүй өвөг дээдсээсээ уламжлагдаад дуулагдаад ирсэн. Хэзээ ч тасрахгүй. Дэлхийд гарч эхэлж байна. Бид одоо зохиолын дууг дэлхийн хэмжээний дуу болгох ёстой. Тийм учраас тэр орон зайг мэдэрч, хөгжүүлэхийн төлөө явж л байна. Зохиолын дуу 100 жилийн дараа уртын дуунаас илүү болчихсон байж магадгүй. Рок поп, хип хоп гээп дууны ямар ч төрөлд сайхан уран бүтээлүүд бий. Аль алинд нь сайхан аялуу бий. Энэ сайхан аялгууг мэдэрч чаддаг хүмүүс нь Монголчууд бид.
-Нийтийн дууны клипний өнгө аяс их шүүмжлэл дагуулдаг. Голын хөвөөнд дээл өмсөж зогсож байгаад дуулчихдаг гээд?
-Шинэчлэлт хийгдээд л явж байгаа. Монголчууд өөрсдөө байгальтай холбоотой нүүдэлчин ард түмэн болохоор зохиолын дуунд тиймэрхүү өнгө аястай клип хийхээс өөр арга байхгүй. Байшин дотор зохиолын дуу дуулахаар нэг л зохицохгүй харагдаад байдаг. Гэр, байгаль хоёртоо үнэнч улсууд юм бид. Хүнд сайхан харагдах талаасаа сайн хийгдээгүй уран бүтээл хүмүүст тийм сэтгэгдэл төрүүлдэг байх. Ямарч байсан нийтийн дуу гэр, байгалаасаа хэзээ ч салахгүй. Гэхдээ шинэчлэгдэж байгаа. Нийтийн дуу дуулаад, адуу мал гарч байгаад гэнэт робот гараад ирвэл юу болох бол. Ямар харагдах вэ. Монгол хүн хүлээж авч чадахгүй.
-Өөр жанрын дуу хийдэг үү?
-Би рок дуунаас бусдыг нь хийж байгаа. Поп дуундууд зөндөө. Тухайлбал Ноён Бондгорын дуу байна. Хамгийн сүүлд л гэхэд дуучин Амархүү надад нэг дуу хийх санал тавьсан. Би янз бүрийн чиглэлийн дуу хийж чадна. Хип хопыг бичиж магадгүй. Хийж үзье ч гэж бодож байгаа.
-Б.Амархүүтэй хамтарч ямар уран бүтээл хийхээр болсон юм?
-Монгол аялгуутай, бүжигтэй нэг сайхан уран бүтээл хийе гээд ерөнхийдөө ярьчихсан байгаа. Б.Амархүү өөрөө шүлгээ авчраад, өөрийнхөө өнгө аясыг илэрхийлж хэлэх байх. Уран бүтээл нь гарсны дараа та бүхэн сонсох биз дээ.
- Гэр бүлийн хүнээ танилцуулаач, хэрхэн танилцаж байв?
-Эхнэр хоёр охинтойгоо амьдарч байна. Эхнэр маань хуульч мэргэжилтэй. Одоо мэргэжлээрээ ажилладаг. Би чинь наймдугаар сарын найманд төрсөн. Тэгээд төрсөн өдрөө тэмдэглээд такси бариад зогсож байгаад эхнэртэйгээ танилцаж байлаа. Өнөөдрийг хүртэл найман жил хамт амьдарч байна.
-Уран бүтээлд тань хэр их тусалдаг вэ?
-Манай эхнэр миний уран бүтээлийн хамгийн анхны сонсогч гэх үү дээ. Энэ дуу гоё болж, энэ дуу тиймэрхүү болж гээд шүүмжлэнэ шүү дээ. Уран бүтээлч хүн шиг л болчихсон. Өөрийнхөө мэдрэмжийг надад хэлж, зөвлөдөг.
-Монгол орноо бүтэн тойрч үзсэн үү, хэр их аялдаг вэ?
-Аялах гэхээсээ илүү тоглолт, уран бүтээлийн ажлаар Дорнотоос бусад бүх аймгаар явсан. 100-аад суманд очиж үзсэн. Хамгийн энгийнээр хэлэхэд хамгийн тансаг байгальтай улс бол манайх л байна. Саяхан Ховд аймгийн Цэцэг суманд очиж хэд хоног амраад ирлээ. Сутай хайрханы ёроол их сайхан байлаа. Цэцэг нуурын хөвөөнд бас нэг сайхан уран бүтээл хийсэн.
-Уран бүтээлч хүмүүсийн сэтгэл хөдлөл бусад хүнийхээс илүү байдаг юм шиг ээ. Таны хувьд?
-Сэтгэл хөдлөлгүй бол уран бүтээл гарахгүй гэж би ойлгодог. Сэтгэл хөдлөл маш өндөр байж, уран бүтээлийн олз, омгоо тэндээс олж авдаг. Гутарсан хүн чамд харагдвал муухай биз дээ. Миний хувьд маш их сэтгэлийн хөөрөлтэй. Баярладаг, уурладаг, уйлдаг, гомддог, сайхан үг хэлэхээр амархан баярладаг. Уран бүтээлч хүний дотоод сэтгэл тэр чигтээ цагаан байх ёстой. Би арчаагүй, дорой, хар бараан зүйл бодож уран бүтээл хийвэл надаас гоё уран бүтээл хэзээ ч гарахгүй. Уран бүтээлч хүн цагаан байхгүй л бол хийсэн уран бүтээл нь ард түмний сэтгэлд хүрэхгүй байх.
-Зүүдэндээ ая зохиодог гэж сонссон, үнэн үү?
-Унтаж байхдаа ая зохионо гэж байхгүй л дээ.Хүн сэрүүн тунгалаг байж л ая аялгуу орж ирнэ шүү дээ(инээв). Зүүдэн дунд гоё сайхан газар, дуу дуулж байгаагаар зүүдлэгдэнэ. Би ер нь өөрт таатай байгаа үедээ л уран бүтээлээ хийдэг.
-Таны ээлжит уран бүтээлийн тоглолт хэзээ вэ?
-Жилийн жилд өөрийн уран бүтээлийн тоглолтоо хийдэг. Энэ жил ч гэсэн тоглолт хийх бодол байгаа. Миний тоглолтыг үзэхийг хүсч хүлээдэг хүмүүс олон болсон. Тэгэхээр ямар ч байсан ирэх оны эхээр тоглолт хийх санаа байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ