Н.Энхболд: Ардын намын гишүүдийг асуудалтай юм шиг харагдуулж байна
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Тэд энэ долоо хоногт УИХ-аар шийдэх гол асуудал бол 2013 оны төсвийн тодотгол бөгөөд төсвийн тодотголоо баталсны дараа 2014 оны төсвийн төслийг хэлэлцэх ёстой гэж үзэж байна. МАН-ын бүлгийн дарга Н.Энхболдтөсвийн тодотголын хэлэлцүүлгийн үеэр Ерөнхий сайдын зүгээс хэд хэдэн ноцтой мэдэгдэл хийснийг мэдээллийн эхэнд онцлов. Тухайлбал, МАН-ын бүлэг оролцолгүй баталсан 2013 оны төсвийг авлигажсан төсөв байсан, тийм учраас үүнийг засч залруулах ёстой гэж Ерөнхий сайд хэлсэн нь ноцтой асуудал хэмээн тодотголоо. Тэрбээр "Төсвийн гүйцэтгэлийн байдлаас харахад 80 гаруй хувийн биелэлттэй байгаа ч хийх ёстой ажил нь 30 орчим хувьтай байна.Мөн 2013 онд ихээхэн хэмжээний мөнгө төсөвлөгдсөн ажлуудыг огт хийгээгүй мөртлөө 2014 оны төсвийн төсөлд мөнгөн дүнг нэмэгдүүлсэн цоо шинэ зүйл нэмж тусгасан нь анхаарал татаж байна. Энэ талаар бид Ерөнхий сайд, Засгийн газраас тайлбар авах шаардлагатай гэж үзэж байгаа аж.
Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга Н.Энхболдоос зарим зүйлийг тодруулсан юм.
-Ардын намын бүлэг Засгийн газарт хариуцлага тооцох ёстой гэж үзэж байгаа. Энэ шаардлагаа дахин тавих уу?
-Дахин тавихаас өөр аргагүй нөхцөл байдал үүсч байна. Төсвийн гүйцэтгэл 80 хувийн биелэлттэй байхад төлөвлөсөн ажлууд яагаад хийгдэхгүй байгаа, өөрсдийнхөө баталсан төсвийг ямар учраас авлигажсан төсөв гэж нэрлэж байгаа, энэ талаар шүүмжилсэн Ардын намын бүлгийн гишүүдийг нэг нэгээр нь онилж, эргээд тэр хүмүүсийг асуудалтай юм шиг харагдуулах сурталчилгаа нэвтрүүлгийг ямар зорилгоор цацаад эхлэв гэдэгт хариулт авах шаардлага бий болоод байна. УИХ-ын ээлжит бус чуулганы эхэнд манай намын бүлэг мэдэгдэл хийж, Засгийн газарт хариуцлага тооцох шаардлагыг эрх баригчдад тавьсан ч хариу ирээгүй. Үүний дараа дахин бичгээр шаардлага тавьсан ч одоо болтол хариу ирээгүй байна. Гэтэл төсвийн гүйцэтгэл хэлэлцэх үед дээр дурдсан ноцтой зүйлүүд яригдаж байгаа учраас Засгийн газарт хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна.
Б.Тэнүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ