ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооны чуулган эхэллээ
Дэлхийн Эруул Мэндийн Байгууллагын Номхон далайн баруун бүсийн хорооны 64 дүгээр чуулган 10 дугаар сарын 21-ний өдөр Бүгд Найрамдах Филиппин Улсын нийслэл Манила хотноо Бүсийн хорооны төвд эхэллээ.
Энэхүү чуулганд бүсийн гишүүн 37 улс орны эрүүл мэндийн сайд тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Эрүүл мэндийн сайд Н.Удвал, ЭМЯ-ны ХШҮДАГ-ын дарга С.Төгсдэлгэр, ГХАХ-ийн дарга Б.Янжмаа нар оролцож байна. Энэ жилийн хувьд Бүсийн захирлын сонгууль явагдахтай холбогдуулж Бүсийн хорооны чуулганыг Бүсийн хорооны төвд зохион байгуулж байгаа юм.
Чуулганы нээлтэнд ДЭМБ-ын Ерөнхий захирал Др. Маргарет Чан оролцож, бүсийн гишүүн улсуудад хандаж үг хэлэв. Тэрбээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг өргөжүүлж, бүх нийтийг хамруулахын чухлыг онцлон тэмдэглэж, шинэ болон сэргэж буй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд онцгой анхаарал хандуулж ажиллахыг хүслээ. Др. Чан ДЭМБ-ын зургаан бүсийн хэмжээнд улс орнуудын эрүүл мэндийн тогтолцооны үнэлгээ хийгдэж байгаа талаар дурьдаж, өнгөрсөн 8 дугаар сард Монгол Улсад айлчлахдаа Ази, номхон далайн ажиглалтын төвөөс Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоонд хийсэн үнэлгээг хүлээлгэн өгөх арга хэмжээнд оролцож, Монгол Улсын Ерөнхий сайдтай эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн асуудлаар илэн далангүй ярилцсанаа дурьдаад, салбарын шинэчлэлд Засгийн газрын зүгээс ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байгаа талаар онцлов.
Ерөнхий захирал нээлтийн үг хэлсний дараагаар дүрмийн дагуу хурлын дарга болон захиргааны бусад ажлыг гүйцэтгэх албан тушаалтнуудыг сонгосон юм. Хурлын даргаар Самоагийн Эрүүл мэндийн сайд сонгогдсон бол дэд даргаар Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Н.Удвал сонгогдлоо. Түүнчлэн манай төлөөлөгчид чуулганы Итгэмжлэлийн хороонд сонгогдон ажиллалаа.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ