Төмрийн хүдрийн эрэлт өсөх хандлагатай байгаагаас ханшийн төлвийг нэмэгдүүллээ
Дэлхийн төмрийн хүдрийн эрэлт өсөх хандлагатай байгаагаас “Morgan Stanley” банкнаас төмрийн хүдрийн ханшийн 2014 оны эхний хоёр улирлын төлвөө нэмэгдүүллээ. 2014 оны эхний улиралд гангийн түүхий эд нэг тонн нь дунджаар 130 ам.доллар байна гэж шинжээчид таамаглаж байна. Энэ нь өмнөх таамгаас таван ам.доллараар ахиулсан хэмжээ аж. Харин ирэх 2014 оны хоёрдугаар улирлын ханшийн төлвийг гурван ам.доллараар нэмэгдүүлж, 120 ам.долларт хүргэжээ. Ингэснээр 2014 оны турш нэг тонн төмрийн хүдэр дунджаар 120 ам.доллар байна гэж “Morgan Stanley” банкны шинжээчид үзэж байгаа юм. Төмрийн хүдрийн ханш өнгөрсөн тавдугаар сарын сүүлээс хойш бараг 20 хувиар сэргээд байна. Энэ нь төмрийн хүдрийн хамгийн том хэрэглэгч болох БНХАУ шавхагдаад байсан нөөцөө өнгөрсөн гуравдугаар сараас эргэн огцом нэмэгдүүлж эхэлсэнтэй холбоотой ажээ. Цаашид БНХАУ-ын төмрийн хүдрийн эрэлт өсөх хандлагатай байгаа нь гарцыг нэмэгдүүлж, улмаар дэлхийн зах зээл дээр илүүдлийг үүсгэж магадгүй гэж Австралийн эрдэс баялаг, эрчим хүчний эдийн засгийн товчооноос таамагласан байна. Мөн 2014 оны төмрийн хүдрийн ханшийн төлвөө метр тонныг нь 119 ам.долларт хүргэж нэмэгдүүлсэн талаараа өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн юм. Шинжээчдийн хувьд дан ганц БНХАУ биш Энэтхэг, Зүүн Ази болон Хойд Америкийн төмрийн хүдрийн зах зээл болон гарц ирэх 2014 онд өндөр өсөлт үзүүлнэ гэж харж байгаа юм. Түүнчлэн төмрийн хүдрийн далайн тээвэрлэлтийн зах зээл 2014 оны эхний хагас жил хүртэл гурван жил үргэлжилсэн алдагдалтай байдлаа хадгална гэж таамаглаж байна. Гэхдээ хоёрдугаар хагасаас илүүдэлтэй байдал руу шилжих төлөвтэй байгааг онцолжээ. Үүнээс гадна төмрийн хүдрийн хамгийн том олборлогч компани болох “Vale”-ийн шинжээчид нийлүүлэлтийн өсөлт эрэлтээ давна гэж таамаглаж байгаа талаар мэдээлсэн нь олны анхаарал татаж байна. Шинжээчдийн таамаглаж байгаагаар 2018 оны эхэн үеийг хүртэл БНХАУ-ын эрэлт саарч, олборлогчид гарцаа нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор нийлүүлэлт, эрэлтийн зөрүү 5-6 хувь байхаар байна. Гэхдээ ханш метр тонн нь 100 ам.доллараас дээш түвшинд урт хугацаандаа хадгалагдах төлөвтэй байгааг шинжээчид онцолж байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ