Ядуурлын мэдрэмжгүй монголчууд

Энэ оны дөрөвдүгээр сард УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг саяхан “Монгол Улсын эдийн засгийн гадаад, дотоод орчин, хөгжлийн явц байдалд хийсэн судалгаа, дүгнэлт, цаашид баримтлах бодлогын асуудлууд” гэсэн тайлан бэлтгэжээ. Уг ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар ахалж, Н.Батцэрэг, Б.Болор, С.Дэмбэрэл, Д.Ганбат, С.Одонтуяа нарын 14 гишүүн багтсан байна. Ядуурлын гүнзгийрэлт, ядуурлын мэдрэмж гэх мэт нэр томъёо бүхий судалгааны хураангуй тайлангаас энгийн иргэд ойлгох юм ховор, эдийн засагт гялайх үзүүлэлт маруухан бололтой. Чухам энэхүү тайланг танилцуулахаас нааш ээлжит бус чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийг барьж авахгүй хэмээн МАН-ын бүлэг гэдийж байсан нь ч учиртай болов уу. Эрхмүүдийн үзсэнээр монголчууд ядуурлын мэдрэмж багатай (2,7 хувь гэнэ) ард түмэн бололтой.

Тайлангаас харвал, АНУ, Евро бүсийн эдийн засагт нүүрлэсэн хүндрэл үргэлжилж, дэлхийн эдийн засаг, аж үйлдвэрлэлийн өсөлтудаашрах төлөвтэй болов. Зэсийн үнэ 7200 ам.долларт тогтворжиж, ойрын хугацаанд өсөхөөргүй байна. Тиймээс энэ онд манай экспортын нүүрс, төмрийн хүдрийн үнэд мэдэгдэхүйц өсөлт гарахгүй.

2011 оны дөрөвдүгээр улирлаас эхэлсэн эдийн засаг, зах зээлийн орчны таагүй өөрчлөлтийн нөлөөгөөрөнгөрсөн онд эдийн засгийн бодит өсөлт 2011 оны оны 17,5 хувиас саарч 12,3 хувь болжээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оныхоосгадаад худалдааны нөхцөл 19,1 хувиар муудаж, экспорт 7,8 хувиар буурч, гадаадын шууд хөрөнгө оруулалт 12 хувиар багасан хөрөнгө ба санхүүгийн дансны ашиг 3,3 дахин буурснаар урсгал тэнцлийн алдагдлыг бүрэн санхүүжүүлж чадахгүй болов. Төлбөрийн нийт тэнцэл 387,4 сая ам.долларын алдагдалтай гарсан байна.

Монгол Улсын нийт гадаад өр 15,3 тэрбум ам.долларт хүрлээ. Сүүлийн жилүүдэд гадаад өрийн түвшин нэмэгдэхэд Засгийн газрын бонд болон Засгийн газрын баталгаатайгаар олон улсад арилжаалсан бонд, уул уурхайн том төслүүдийн хөрөнгө оруулагчаас авсан зээлийн дүн ихээхэн нөлөөлжээ. Олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог Стандарт энд Пүүр компаниас Монгол Улсын зэрэглэлийг “тогтвортой”-гоос “сөрөг” болгон бууруулав.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт бүтцийн хувьд ихээхэн өрөөсгөл байна. Түүний 85 орчим хувь нь уул уурхайн салбарт орсон нь манай эдийн засаг, экспорт цөөн нэр төрлийн бүтээгдэхүүний бүтэцтэй болсны илэрхийлэл юм. Манай улсын хөрөнгө оруулалтын орчин бусад орнуудтай харьцуулахад дундаж түвшинд байгаа хэдий ч эрсдэлтэй гэсэн ангилалд багтжээ. Иймээс зээлжих зэрэглэлийг ВВВ буюу түүнээс дээш болгож чадвал энэ зэрэглэлтэй төслүүдэд хөрөнгө оруулдаг сангуудын 4,1 их наяд ам.долларын зах зээл нээгдэж, гадаадаас авах санхүүжилтийн өртөг даруй 100-350 пунктээр буурах болно.

Манай хойд, урд хөрш орноос БНХАУ-тай хөгжүүлж буй худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хэт давамгайлж байгаа тул хоёр хөрштэйгээ тэнцвэртэй харилцах зарчим эдийн засгийн чиглэлд биелэхгүй байна. 2012 оны байдлаар экспортын 92 хувь БНХАУ-д, дөнгөж хоёрхон хувь ОХУ-д, 2011 оны байдлаар хөрөнгө оруулалтын 20,4 хувь БНХАУ-д, 0,12 хувь ОХУ-д ногдож байна. Импортын хувьд аль алинд нь 27 хувийг эзэлжээ. Сүүлийн үед гуравдагч хөрш орнуудын дунд манай хөрөнгө оруулалтын орчин тогтворгүй, эрсдэлтэй болсон гэсэн ойлголт бий болов.

Монгол Улсын уул уурхайн салбар нь дунд хугацаанд эдийн засгийн өсөлтийг хангах гол хүчин зүйл болж байгаа. Гэвч тус салбарын цаашдын хөгжилтөд тээвэр, эрчим хүч, ус хангамж зэрэг дэд бүтцийн асуудлыг одоо хүртэл шийдээгүй байгаа нь томоохон саад болж байна. Улсын чанартай 49,2 мянган км автозамын ердөө зургаан хувь нь хатуу хучилттай байгаа нь өнөөгийн хэрэгцээ шаардлагаас хоцрогджээ. Засгийн газраас 2013 онд зургаа, 2014 онд дөрөв, 2015 онд хоёр аймгийн төвийг Улаанбаатартай хатуу хучилттай автозамаар холбохоор төлөвлөсөн. Замын чанар тааруу, засвар арчлалтад хөрөнгө бага тусгадгаас эдэлгээ даахгүй, нас богиносч байна.

Өнгөрсөн онд эдийн засгийн үндсэн үзүүлэлт болох төлбөрийн тэнцэл, төсвийн алдагдал өмнөх жилүүдэд байгаагүй өндөр түвшинд хүрчээ. Энэ нь мөчлөг дагасан төсвийн бодлого, нийгмийн хавтгайрсан халамж, гадаад секторын эрсдэлд өртөмтгий эмзэг байдал, эрдэс баялгийн салбараас хэт хараат байдал зэргээс шалтгаалжээ. Төлбөрийн тэнцлийн урсгал тэнцлийн алдагдал 3,3 тэрбум ам.доллар болсон нь ДНБ-ий 31,3 хувьд хүрч, гадаадын шууд хөрөнгө оруулалтын цэвэр урсгал өнгөрсөн онд 17 хувиар буурч, 3,8 тэрбум ам.доллар болсон. Нэгдсэн төсвийн орлогын хэт өндөр төсөөлөл гадаад таагүй орчноос шалтгаалж тасарсан тохиолдолд төсвийн алдагдал 6-8 хувь болох магадлалтай байна.

Санхүүгийн салбарт тулгарч буй сорилтуудыг нэрлэвэл, нэгдүгээрт санхүүгийн зах зээлийн тэнцвэрт байдал алдагдсан, банкны салбар хэт давамгайлсан, хоёрдугаарт санхүүгийн зах зээл нь эдийн засгийн эрчимт өсөлтөө гүйцэлгүйгээр саад тотгор болох төлөв ажиглагдаж байна. Санхүүгийн зах зээлийн өнөөгийн зохицуулалтын бүтцийг харахад нийт санхүүгийн салбарын 4,4 хувийг Санхүүгийн зохицуулах хороо, үлдсэн 95,6 хувийг Монголбанк дангаараа зохицуулж байгаа юм. Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудын дийлэнх нь алдагдалтай ажиллаж байна. Төрөөс хувийн хэвшлийг дэмжих бодлого тодорхойгүй, төрийн оролцоо өндөр, хүнд суртал, шат дамжлага их байна. Засгийн газраас ЖДҮ-ийг дэмжих чиглэлээр маш олон эх үүсвэрээр хөнгөлөлттэй зээл олгож байгаа нь нөөцийн оновчтой хуваарилалт, үр ашигт сөргөөр нөлөөлжээ.

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны дүнгээр 2012 онд ядуурлын түвшин 27,4 хувь, ядуурлын гүнзгийрэлт 7,1 хувь, ядуурлын мэдрэмж 2,7 хувь болов. Ядуурлын хамралтын хүрээг бүс нутгаар авч үзвэл хангайн бүсэд 38,6, зүүн бүсэд 33,3, баруун бүсэд 32,5, төвийн бүсэд 28,1 хувь байна гэжээ.

Г.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ