Цанхийн баруун уурхай нүүрсний экспортоо эхлүүллээ

“Эрдэнэс Таван Толгой“ ХК 2013 онд Цанхийн зүүн уурхайгаас 4.5 сая тонн, Цанхийн баруун уурхайгаас гурван сая тонн, нийт 7.5 сая тонн нүүрс олборлох зорилт тавин ажиллаж байна. Ингэснээр 2012 онд олборлон, экспортолсон нүүрсний хэмжээг гурав дахин нэмэгдүүлэх юм.

Уул уурхайн яамныхан Цанхийн Баруун хэсгээс гурав орчим сая тонн нүүрс олборлон борлуулснаар экспортын орлого 120-150 сая ам.доллараар нэмэгдэнэ, мөн Хятадын Чалко компанид нүүрс нийлүүлэх гэрээний дагуу зээлийн өрийн үлдэгдэл болох 170 сая ам.долларыг энэ онд багтаан нүүрсээр төлж дуусгана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна.

“Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн Цанхийн баруун талбайд уулын ажлын үйлчилгээ үзүүлэх гэрээт олборлогчоор “Хишиг Арвин Индиусртал”, “Мера”, “Монголын Үндэсний олборлогч” компанийн “Монгол уурхайчид” түншлэл шалгаран олборлолтыг чанартай гүйцэтгэж байна. Цанхийн баруун уурхай буюу Баруун Цанхи 1,2 тэрбум тонн нүүрсний нөөцтэйг тогтоосон. Цанхийн баруун уурхайн нүүрсний экспорт энэ сарын 5-ны өдөр эхэлсэн бөгөөд энэ сарын 22-ны байдлаар 636 машин нүүрс буюу 63,754 мянган тонн нүүрс тээвэрлэсэн байна. Нүүрс экспортлох гэрээг БНХАУ-ын Вэнсвэй, Пушин зэрэг таван компанитай хийжээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ