Л.Раднаасүрэн: Шатахууны үнэ ойрын хоёр сард нэмэгдэхгүй

Шатахуун түгээх станцууд АИ-92 бензинийг хөнгөлөлтийн карттай иргэдэд л олгож байна гэх гомдол сүүлийн үед их гарах болов. Энэ талаар Газрын тосны газрын Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн хэлтсийн дарга Л.Раднаасүрэнгээс тодруулахад “Манай улс шатахууны хомсдолд орох хэмжээнд хүрээгүй байна. Шатахууны нөөц хангалттай бий. Тухайлбал, А-80 бензин 33, Дизель түлш 30, АИ-92 бензин 43 хоногийн нөөцтэй байна. Шатахуун түгээх станцуудын тухайн өдрийн ачилтаар ирсэн бензин нь дуусах гээд карттай үйлчлүүлэгчдэдээ өгөх зэргээр түр зуурын зохицуулалт хийсэн байж магадгүй.

Харин олон хоногоор ийм байдалтай байвал арга хэмжээ авах ёстой. Ийм тохиолдол удаан үргэлжилбэл зориудаар хомсдол үүсгэсэн гэж арга хэмжээ авах болно. Ам.долларын ханш нэмэгдсэнтэй холбогдуулан Уул уурхайн яам, Монголбанк хамтран шатахуун импортлогч компаниудын худалдан авалтын зөрүү мөнгийг төрөөс олгох хэлцэл хийсэн. Тиймээс ам.долларын ханшийн чангаралт шатахууны үнийн өсөлтөд нөлөөлөхгүй гэсэн үг. Бензиний үнэ хоёр сарын хугацаанд нэмэгдэхгүй байх бололцоотой. Сири дахь нөхцөл байдал юм уу дэлхийн хэмжээний эдийн засгийн хямралаас шалтгаалж нэг баррель нефтийн үнэ өссөн тохиолдолд л нефтийн бүтээгдэхүүний үнэ өсөх болно” гэлээ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ