Монголоос ЕАЭЗХ-ны орнууд руу экспортлох 366 нэр төрлийн бараанд татвар ногдуулахгүй байх урьдчилсан тохироог хийжээ

 

Монгол Улсын Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах Ажлын хэсгийн ахлагч, Шадар сайд Л.Гантөмөр өнгөрсөн долоо хоногт Москва хотноо ажиллаж, түр хэлэлцээр байгуулах гурав дахь шатны хэлэлцээг хийгээд иржээ. Уг хэлэлцээгээр Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулагдвал ямар, ямар бүтээгдэхүүн татваргүй нийлүүлэх, эргээд ямар бүтээгдэхүүнийг татварын хөнгөлөлттэй авах зэрэг асуудлыг эцэслэн тохироод ирсэн байна.

Монголын талаас нийт 366 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг татваргүй Евразийн эдийн засгийн холбооны /Орос, Казахстан, Беларусь, Армени, Киргизстан/ орнуудад нийлүүлэхээр тохирсон байна. Салбараар нь задалбал,

1.       Мах махан бүтээгдэхүүний 29 төрлийн бараа татваргүй

2.       Арьс, ширэн бүтээгдэхүүний 60 төрлийн бараа татваргүй

3.       Ноос, ноолууран бүтээгдэхүүний 204 төрлийн бараа татваргүй

4.       ХАА бусад бүтээгдэхүүний 73 төрлийн бараа татваргүй байхаар урьдчилан тохирчээ.

Ингэснээр Монгол Улсын экспортлогч аж ахуйн нэгж байгууллагууд жилд багадаа 16.6 сая ам.долларын гаалийн татвараас чөлөөлөгдөх боломжтой гэж Ажлын хэсэг үзэж байгаа аж.

Түүнчлэн, Монголын талаас дотооддоо үйлдвэрлэдэг, цаашлаад үндэсний үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд 23 барааг татварын хөнгөлөлтөөс хасуулах саналыг ЕАЭЗХ-нд хүргүүлснээс 8 барааг нь хасаж, 11 барааг тарифыг харилцан тохирох нөхцөлөөр зохицуулахаар буулт хийж, 4 барааг хасуулахыг дэмжээгүй байна.

Татварын хөнгөлөлтөөс хасуулах саналыг хүлээн авсан 8 бараа:

  • Шингэн сүү

  • Өтгөрүүлсэн сүү

  • Шар сүү

  • Өтгөн цөцгий

  • Даршилсан өргөст хэмх

  • Сонгино

  • Төмс

  • Шар лууван, манжин гэх найман төрлийн бараанд тарифын хөнгөлөлт үзүүлэхгүй бөгөөд одоо мөрдөж байгаа 5-20 хувийн гаалийн албан татвар хэвээр байх аж.

Тарифыг бүрэн тэглэхгүй ч татварыг бууруулах нөхцөлтэй 11 бараа:

  • Сахартай хуурай сүү – 5 хувийн татвартай байгааг хэлэлцээрийн үр дүнд бүрэн тэглэнэ

  • Сахаргүй хуурхай сүү – 5 хувийн татвартай байгааг ЕАЭЗХ-ны хэлэлцээр үр дүнд бүрэн тэглэнэ

  • Хайлмал бяслаг -15 хувийн татвартай байгааг ЕАЭЗХ-ны хэлэлцээрийн үр дүнд 7.5 хувь болгоно.

  • Цөцгийн тос – 15 хувийн татвартай байгааг ЕАЭЗХ-ны хэлэлцээрийн үр дүнд 7.5 хувь болгоно.

  • Бяслаг - 15 хувийн татвартай байгааг ЕАЭЗХ-ны хэлэлцээрийн үр дүнд 7.5 хувь болгоно.

  • Бусад бяслаг -15 хувийн татвартай байгааг ЕАЭЗХ-ны хэлэлцээрийн үр дүнд 7.5 хувь болгоно.

  • Өндөр - 15 хувийн татвартай байгааг ЕАЭЗХ-ны хэлэлцээрийн үр дүнд 7.5 хувь болгоно.

  • Хатуу улаанбуудай – 5 хувийн татвартай байгааг ЕАЭЗХ-ны хэлэлцээрийн үр дүнд 3.75 хувь болгоно.

  • Зөөлөн улаанбуудай - 5 хувийн татвартай байгааг ЕАЭЗХ-ны хэлэлцээрийн үр дүнд 3.75 хувь болгоно.

  • Шар айраг – 25 хувийн татвартай байгааг ЕАЭЗХ-ны хэлэлцээрийн үр дүнд 18.75 хувь болгоно.

  • Цагаан архи – 40 хувийн татвартай байгааг ЕАЭЗХ-ны хэлэлцээрийн үр дүнд 30 хувь болгоно.

Харин иогурт, амтат жигнэмэг, өрмөнцөр, эрдэст ус зэрэг бүтээгдэхүүнийг хасуулах саналыг хүлээн авахаас татгалзсан байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт -8 хэм хүйтэн
Уржигдар 07 цаг 53 мин