Б.Бадамцэцэг: Манай эдийн засаг хямраагүй, харин ч өссөн
ҮСХ-ноос гаргасан тоон үзүүлэлт эдийн засгийн байдал хүнд биш харин ч өсөлттэй байгааг харуулжээ. Гэтэл бид эдийн засаг хямралтай гэж байнга шахуу ярьцгааж байдаг. Тодруулбал, Энэ оны эхний хагас жилийн байдлаар манай улсын эдийн засаг 11.3 хувийн өсөлттэй гарчээ. Харин АНУ-ын эдийн засаг 2.5 хувийн өсөлттэй байхаар урьдчилсан тооцоо гарч. Мөн Европын бүсийн орнуудын хувьд 0.4, ОХУ 1.4, БНХАУ 7.6 хувийн өсөлттэй байх дүр төрх гарсан байна. Түүнчлэн тухайн орны эдийн засгийн байдал ямар байгааг улирлаар тооцоолон гаргадаг аргачлал байдаг аж. Тодруулбал, гурван улирлын тооцооллыг үндэслэн тухайн улсын эдийн засаг хямралтай байна уу үгүй юу гэдгийг тооцоолдог гэсэн үг. Энэ аргаар тооцоолж үзэхэд сүүлийн гурван улирлын дүнгээр Хятад улс 0.2, 1.6, 1.7 гэсэн эерэг өсөлтэй, ОХУ 0.5, -0.2, 0.3 гэсэн бага зэрэг буурсан үзүүлэлттэй гарчээ. Харин манай улсын хувьд 3.1, 1.9, 3.8 гэсэн өсөлттэй гарсан байна. Өөрөөр хэлбэл, дараалсан гурван улирлын үзүүлэлт нэмэх гарсан гэсэн үг. Тиймээс манай улсын эдийн засаг хямарсан гэж хэлэх үндэслэлгүй гэдгийг ҮСХ-ныхон онцолж байна.
Энэ талаар тус хорооноос “11.3 хувийн өсөлт нь дан ганц ХАА-н салбараар хангагдахаар тооцоо гарч байгаа. Манай улс энэ жилийн хувьд урьдчилсан тооцоогоор 46 орчим сая толгой мал тоолуулах тооцоо гарсан. Энэ нь өнгөрсөн оныхоос тав орчим сая толгой малаар илүү байх юм. Бойжуулж байгаа төлийн тоо ч гэсэн сая орчимоор өсөх тооцоо гарсан. Тэгэхээр мал аж ахуйн салбараас нэлээд өндөр өсөлтийг хүлээж байна. Мөн энэ жил 430 орчим мянган тонн үр тариа авахаар тооцоо гарсан. Энэ нь мөн ХАА нь манай эдийн засгийн үндсэн салбар болсоныг илтгэж байгаа” гэсэн. Мөн Оюутолгойгоос хамааралтайгаар гадны хөрөнгө оруулалт бурсан ч гэсэн манай аж үйлдвэрийн салбарын голлох бүтээгдэхүүн болох алт, зэс, цайр, газрын тосны үйлдвэрлэл өссөн. Манай экспортын гол орлого олдог бүтээгдэхүүний үйлдвэрлэл өгссөн нь эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг ч онцолж байна.
ҮСХ-ны Макро эдийн засгийн статистикийн газрын дарга Б.Бадамцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Чанаргүй зээлийн хэмжээ өссөн гэсэн. Энэ нь эдийн засагт хэрхэн нөлөөлж байна вэ?
-Мөнгөний статистик бол макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн нэг. Манай улсын хувьд найдугаар сарын эцэст нийтдээ 8.4 териолон төгрөгийн мөнгөний нийлүүлэлттэй байгаа. Зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад нэмэгдсэн байна. Зээлийн үлдэгдэл 9.8 териолон төгрөгт хүрсэн.Зээлийн үлдэгдэл бараг 50 орчим хувиар нэмэгдэхийн хэрээр чанаргүй болоод хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ дагаж нэмэгдсэн. Хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн хувь хэмжээ тоон утгаараа нэмэгдэж байгаа хэдий ч олгогдож байгаа нийт зээлийн масс их байна. Тийм учраас чанаргүй болоод хугацаа хэтэрсэн зээлийн нийт зээлд эзэлж байгаа хувь хэмжээ харьцангуй бага гарсан. Тухайлбал, өмнөх оны мөн үед 6.2 байсан одоо 6.7 хувийн жинтэй байна. Мөн дээрээс нь валютын ханш сүүлийн гурван сарын хугацаанд нэлээд хурдацтай нэмэгдлээ. Төгрөгийн ам доллар, евро, юаньтай харьцах ханш нэлээд өндөр уналттай гарсан. Нэг жилийн өмнөхтэй харьцуулахад 15-20 орчим хувийн уналттай байна. Өнөөдрийн байдлаар манай улсын валютын нөөц хоёр тэрбум хүрэхгүй доллар болсон байна. Жилийн өмнөхтэй харьцуулахад 500 сая доллараар буурсан дүнтэй байна. Оны эхэнд валютын нийт нөөц импортын барааны 20 гаруй долоо хоногийн нөөцийг хангаж чадахаар байсан. Харин одоо 16 долоо хоног болж буурсан.
-Энэ онд эдийн засгийн үзүүлэлт ямар байх бол?
-Цаашдаа эдийн засаг хэдэн хувиар яаж өсөхийг статистикийн байгууллага хэлэх боломжгүй. Эхний найман сарын үзүүлэлтийг нийлүүлэлт талаас нь хараад үзвэл оны төгсгөл хүртэл цаг агаарын гэнэтийн хүндрэл бэрхшээл гарахгүй бол ХАА салбарын өсөлт боломжийн түвшинд харагдаж байна. Уул уурхайн салбар ч гэсэн зэс, цайрын баяжмал, алтны үйлдвэрлэл нэмэгдэж байна. Алт гэхэд 3.3 тонноор нэмэгдсэн.Энэ мэтчилэн аж үйлдвэрийн салбар хэвийн явагдаж чадвал эдийн засгийн өсөлт муу үр дүнтэй гарна гэж хүлээгдэхгүй л байна.
-Тэгвэл өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэлээд өсөөд байгаа нь юутай холбоотой юм бэ?
-Өргөн хэрэглээний барааны үнэ наймдугаар сард нэмэгдсэн. Ялангуяа сургалтын төлбөр 27 хувиар өссөнтэй холбоотой. Улсын дунджаар өнгөрсөн сард бараа бүтээгдэхүүний үнэ 1.7 хувиар өсөхөд, 74 хувь нь зөвхөн сургалтын төлбөр нэмснээс хамааралтай байсан. Энэ оны нэгдүгээр сард ганцхан махнаас хамааралтай инфляци 1.8 хувь байсан. Түүнээс хойш инфляци саарах хандлагатай байсан. Харин өнгөрсөн сард сургалтын төлбөрөөс хамааралтайгаар инфляци нэмэгдсэн. Дээрээс нь нэг кб цахилгааны үнэ 4-22 хувиар, гэрийн үнэ 6.4 хувиар өссөн. Мөн цайны газрын хоолны үнэ хүртэл дөрвөн хувиар нэмэгдсэн. Энэ бүх дүнгээравч үзвэл инфляци 1.7 хувьтай байна. Гэхдээ өнгөрсөн жилийн наймдугаар сард инфляцийн түвшин 11.1 хувьтай байсан.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ