Уул уурхайн сайд УИХ-д хуулийн гурван төсөл өргөлөө
Уул уурхайн сайд Д.Ганхуяг өнөөдөр УИХ-ын даргад “Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай”, “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай”, "Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барилаа. Дээрх хуулийн төслүүдийг ээлжит бус чуулганаар хэлэлцэх юм.
Оюутолгойн алтыг оруулаад Монгол Улс жилд 38 тн алт олборлох болно. Энэ нь одоогийн ханшаар 1.7 тэрбум ам.доллар юм.
Монгол Улсын Их Хурлаас баталсан “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль” хэрэгжиж эхэлснээр алтны худалдаа далд хэлбэрт орж, Монголбанкинд тушаах алтны хэмжээ эрс багасаж, албан ёсны статистик мэдээллээр 2005 онд 24 тонн алт олборлож байсан нь жил дараалан буурч, 2012 онд зургаа тн болж дөрөв дахин буурсан, мөн алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн хувьд татварын дарамт нэмэгдэж, Монголбанк болон арилжааны бусад банкинд тушааж буй алтны хэмжээ эрс буурч, улсын валютын нөөцийн бүрдүүлэлтэд сөрөг нөлөө үзүүлсэн байна. “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай” хууль батлагдахаас өмнөх дөрвөн жилд 77 тн алт олборлосон бол хууль хэрэгжсэн жилүүдэд 48 тн болж алтны олборлолт 38 хувиар огцом буурчээ.
Алтны дэлхийн зах зээлийн үнэ 2000 оноос хойш тасралтгүй өсч, 2000 онд нэг унци алтны үнэ Лондонгийн металлын бирж дээр 300 ам.доллар хүрэхгүй байсан бол 2012 онд 1800 ам доллар болж зургаа дахин өсчээ.
Зах зээл дээрх алтны үнэ өсөөд байхад манай улсад олборлосон алтны хэмжээ буурч байгаа гол шалтгаан нь “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль” батлагдсанаар татвараас зугтааж хууль бус алтны олборлолт нэмэгдсэн, “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хийх, ашиглахыг хориглох тухай” хуулиар зарим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон, татварын хэмжээ нэмэгдсэнээр зарим ордын эдийн засгийн үр ашиг багассан, татвараас зайлсхийж арилжааны банкинд тодорхой бус хугацаагаар барьцаалах болсон.
Хууль батлагдан гарахтай холбогдуулан алтны нөөц ашигласны төлбөрийг 2,5 хувиар тооцож, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг “0” хувьтай байхаар “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хууль”-ийн төслийг хамтад нь боловсруулсан болно.
Хуулийн төсөлд Монгол Улсын нутаг дэвсгэрт аж ахуйн нэгж, бичил уурхайчдын олборлосон алтыг худалдан авах, экспортлох, олборлосон алтны хөдөлгөөний бүртгэл, тооцоог эрхлэх асуудлыг Монголбанкны бүрэн эрхэд хамааруулснаар нэгдсэн хяналтыг тогтоож, тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд, бичил уурхайчдын олборлосон алтыг нэгдсэн журмаар авдаг системд шилжиж, алтны худалдаанд зуучлагчдын хууль бус далд наймааг зогсоож, алтны олборлолт болон валютын нөөцийг нэмэгдүүлнэ. Монгол Улсын хурамтлалын хэмжээ өсч, эдийн засгийн чадавхи, баталгаа сайжирна.
Хуулийн төсөлд алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх талаарх Улсын Их хурал, Засгийн газар, Монголбанк, Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх, алт олборлогчдын эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой зааж өгсөн.
Алт олборлогчид олборлосон алтыг Монголбанкинд тушаахаар хуулийн төсөлд тусгаж, хууль зөрчсөн компани, аж ахуйн нэгжид зөрчлийн шинж байдлыг харгалзан тусгай зөвшөөрлийг цуцлах, хууль бусаар олборлосон, худалдсан алтыг улсын орлого болгох, 20 хүртэл сая төгрөгөөр торгох, бичил уурхайчдын олборлосон, худалдсан, хил гаалиар нэвтрүүлэхийг завдсан алтыг улсын орлого болгох, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль хүлээлгэж, зөрчил нь Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр бол холбогдох зүйл, заалтаар хариуцлага тооцно.
Урт нэртэй хууль бүрэн хэрэгжих боломж бүрдэнэ
Монгол Улсын Их Хурлаас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”, мөн түүнийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан.
Хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар уг хуулиар хориглосон талбайд хамаарах ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг таван сарын хугацаанд багтаан цуцлах байсан боловч хуулиар хориглосон талбайн хилийн заагийг тогтоох ажил удааширснаас энэ заалт хэрэгжээгүй өнөөдрийг хүрсэн.
Засгийн газраас 2011 оны 174 дүгээр тогтоолоор баталсан хилийн заагт хамаарах алтны шороон ордуудын хувьд цуцлах шийдвэр гарсан боловч нөхөн олговор олгох санхүүгийн эх үүсвэр тодорхойгүй, экологийн хохирлыг дүйцүүлэн тооцох хуулийн зохицуулалтгүй зэрэг олон шалтгаанаас хуулийн хэрэгжилт биелээгүй байна.
Үүний дараа 2012 оны 6 дугаар сарын 5-ны /УИХ-ын сонгуулийн үеэр/ Засгийн газрын 194 дүгээр тогтоол гарч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас /хуучин нэрээр/ тогтоосноор гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газар, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсийг улсын хэмжээнд баталсан.
Эдгээр талбайд хэсэгчлэн болон бүхэлдээ давхцалтай нийт 1336 тусгай зөвшөөрөл тоологдсон. Одоогоор хүчинтэй байгаа хайгуулын 909, ашиглалтын 427 тусгай зөвшөөрлийг 827 аж ахуйн нэгж эзэмшиж байна.
909 хайгуулын, 427 ашиглалтын тусгай зөвшөөрөл тоологдсон. Энэ нь одоо хүчинтэй байгаа хайгуулын тусгай зөвшөөрлийн 44 хувь, ашиглалтын тусгай зөвшөөрлийн 34 хувьтай тус тус тэнцэж байна. Гэвч энэ тогтоосон хилийн заагийн цэг солбицол алдаа мадаг ихтэй, зарим гол энэ хилийн заагт ороогүй, зарим цэг солбицол улсын хилийн гадна гарсан байсан. Алдааны дийлэнх хэсэг нь сумдын Засаг даргаас ирүүлсэн саналаар тогтоосон усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагт хамаарч байна. Учир нь орон нутгаас хилийн зааг тогтоохдоо шинжлэх ухааны үндэслэлгүйгээр, зэргэлдээх аймаг сумдтай уялдаа холбоогүйгээр тогтоожээ.
Иймд дээрх хилийн заагт хамрагдаж буй тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс нөхөн олговрын санал ирүүлэх ажлыг одоогоор зохион байгуулаагүй байгаа хэдий ч, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны тодорхойлолтыг үндэслэн Ашигт малтмалын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас энэ оны геологи хайгуулын болон уулын ажлын төлөвлөгөөг батлаагүй, үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй байгаа.
Монгол улсын төсөвт уул уурхайн салбараас оруулах орлого буурсан нь “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуультай тодорхой хэмжээнд холбоотой юм. Тухайлбал, уул уурхайн салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалт 33 хувиар буурсны 6.6 орчим хувь нь энэ хуультай холбоотой гэсэн судалгаа гарсан. Мөн хуулиар хориглосон талбайд хамаарах алтны шороон ордуудын үйл ажиллагааг зогсоосноор алтны салбараас улсын төсөвт оруулдаг орлого 20 хувиар буурсан. Үйлдвэрлэлийн ач холбогдол бүхий алтны шороон ордын нөөцийн үлдэгдэл 27.4, үндсэн ордын нөөц 96.4, нийт 123.8 тонн байгаагаас хууль бусаар алт олборлогчид үйл ажиллагаа явуулах магадлал бий болов.
Энэ бүх нөхцөл байдлыг дүгнэж үзээд хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулинд өөрчлөлт орохгүй, уг хууль бүрэн хэрэгжих нөхцлийг агуулж байгаа юм.
Хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн гол агуулга нь хууль батлагдан гарч дагаж мөрдөхөөс өмнө олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид тухайн ордыг ашиглаад нөхөн сэргээх баталгааг гаргах болон тодорхой шалгуурт тэнцэж байвал орон нутагтай хамтран гурвалсан гэрээ байгуулан, мэргэжлийн олон нийтийн хяналтын дор ажиллаж, улмаар байгаль орчныг унаган төрхөнд нь оруулж хүлээлгэн өгөхөд оршиж байгаа юм.
Гарах үр дүн нь:
• Хууль бүрэн хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
• Уул уурхайн үйлдвэрлэлд өртсөн байгаль орчин нөхөн сэргээгдэж, хуулиар хориглосон талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шинээр олгогдохгүй болно.
• Уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүд болон байгаль орчны төлөөх иргэний нийгмийн байгууллагууд харилцан ойлголцолд хүрч, хамтран ажилладаг болно.
• Хууль батлагдахаас өмнө олгогдсон 346 ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд олгох байсан нөхөх олговрын асуудал шийдэгдэж төсвийн дарамт тодорхой хэмжээгээр буурна.
• Хуулийн үйлчлэл тодорхой болсноор хүлээсэн байдалтай байсан хөрөнгө оруулагчдын эргэлзээ арилж уул уурхайн салбарт хийгдэх гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Уул уурхайн салбараас улсын төсөвт оруулах орлого өснө.
Хамгийн том үр дүн нь гол мөрний урсац бүрэлдэх эх хамгаалагдах, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагааг зогсоох, цаашдаа ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг зогсоох нөхцөл бүрдэж, хууль улсын төсөвт ачаалал, хүндрэл харьцангуй багатайгаар хэрэгжих боломж бүрдэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ