МҮБХ зарим бөхчүүдийн барилдах эрхийг хязгаарлалаа
МҮБХ-ны Ёс зүй, сахилга, хариуцлагын зөвлөл 2024 оны 8-р сарын 30-ны өдөр хуралдлаа. Хурлаар олон нийтийн зүгээс болон МҮБХ-ны Ажлын албанаас ирүүлсэн мэдээлэл, баримт, бичлэгийг хянан үзэж ёс зүйн зөрчил гаргасан байж болзошгүй бөхчүүдийн асуудлыг авч хэлэлцэж, дараах дүгнэлтийг гаргав.
Нэг. Доорх нэр дурдсан бөхчүүдээс 2024 оны 9-р сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд бичгээр тайлбар авахыг МҮБХ-ны ажлын албанд даалгав.
Үүнд:
1. Төв аймгийн Баянцагаан сумын 100 жилийн ойн барилдаанд барилдсан аймгийн начин Г.Болдбаатар, М.Баасанцэнд, сумын заан М.Баасан;
2. Завхан аймгийн Отгон сумын 100 жилийн ойн барилдаанд барилдсан Улсын харцага Т.Бэгзсүрэн;
3. Увс аймгийн Зүүнхангай сумын 100 жилийн ойн барилдаанд барилдсан Улсын харцага Ц.Мөнхбаяр;
4. Дорнод аймгийн баяр наадамд барилдсан аймгийн заан Ц.Заяатүшиг, сумын заан Э.Ганболд;
5. Нийслэлийн үйлчилгээний ажилчдын баярт зориулсан барилдаанд барилдсан улсын начин Б.Батжаргал;
6. Төв аймгийн улсын шинэ цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаанд барилдсан улсын начин Б.Чимэдвандан;
Хоёр. Дээрх нэр дурдсан бөхчүүдийг Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурлаар ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг хэлэлцэн шийдвэрлэх хүртэл МҮБХ-ноос болон аймаг орон нутагт зохион байгуулагдах барилдаануудад бүртгэн барилдуулахыг түдгэлзүүлэхийг МҮБХ-ны ажлын албанд даалгав.
Гурав. Булган аймгийн баяр наадмын бөхийн бүртгэлийн асуудлаар Улсын заан Д.Баасандоржид холбогдуулан бөхчүүд, олон нийтээс гаргасан санал гомдлуудын талаар, Төв аймгийн Баянцагаан сумын 100 жилийн ойн барилдааныг дундаас нь орхиж явсан Улсын харцага Г.Ганхуягийн асуудлаарх тайлбарыг есдүгээр сарын 10-ны өдрийн дотор авахыг МҮБХ-ны Ажлын албанд даалгав.
МҮБХ-НЫ ЁС ЗҮЙ, САХИЛГА,
ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨЛ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ