Монгол Улсын соёлын өв үлэг гүрвэлийн олдворуудыг буцаан авчирчээ

Монголын соёлын өв зургаан төрлийн үлэг гүрвэлийн 16 олдворыг АНУ-аас 2024 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод авчирч, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ.

Тэдгээрийн дунд “Tyrannosauridae” бүлд хамаарах “Alioramus” үлэг гүрвэлийн олдвор байгаа нь зөвхөн Монголын нутаг дэвсгэрээс олддог байна.

​Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яам АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам болон гааль, хил хамгаалах байгууллагуудтай нягт хамтран ажилласны дүнд талууд “Өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцөлөөр хүлээлгэн өгөх тухай гэрээ”-г 2023 оны 5 дугаар сарын 23-нд байгуулж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дээрх үлэг гүрвэлийн олдворуудыг буцаан авах ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн оролцсон.

​Монгол Улс, АНУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын хилээр 2012 оноос хууль бусаар гарган худалдаалагдсан үлэг гүрвэлийн олдворуудыг монголын тал 2013, 2014, 2016, 2019 онд тус тус хүлээн авсан юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ