Өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдад улсын нөөцөөс өвс тэжээл хүргэж эхэллээ
Өвөлжилт нэн хүнд байгаа аймаг, сумдад Улс, аймгийн нөөцөөс 20 мянга орчим тн өвс, тэжээлийг үнэгүй олгохоор болсны дагуу өнөөдрөөс орон нутаг руу тээвэрлэлт хийгдэж эхэллээ. Малчдад туслах шуурхай 6 бүлгийг Засгийн газрын сайд нараар ахлуулан байгуулж, орон нутгуудад ажиллахаар замдаа гарч байгаа бөгөөд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр Дундговь аймагт ажиллана.
Монголын нийгэм, эдийн засгийн гол түшиц тулгуур болсон мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан Зудын эрсдэлийг бууруулахад чиглэсэн бүх талын арга хэмжээг Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй.
Тухайлбал, отор нүүдэл хийж буй малчдад эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг тасралтгүй хүргэх, байгалийн гамшигт үзэгдлийн үед эрэн хайх аврах ажиллагааг шуурхай зохион байгуулахад шаардлагатай автомашин, шатахуун болон бусад бараа материалын зардал, аймгуудад улсын нөөцөөс өвс, тэжээл хямдруулан олгох, хаагдсан зам, давааг нээх, айл өрхийг нүүлгэн шилжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ