Отгонтэнгэрийн тусгай хамгаалалттай газрын ойн туруутан амьтдад зориулж хужир тавьжээ
Отгонтэнгэрийн Улсын Тусгай Хамгаалалттай Газарт/УТХГ/ одоогийн байдлаар цасны зузаан тал газарт 30 см, ойн модонд 60 см орчим болж ойн туруутан амьтдын өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа юм байна.
Иймд байгаль хамгаалагчид ойн туруутан амьтдад зориулж Завхан аймгийн Идэр сумын Ямаатын Алаг хад, Үстийн дэнж зэрэг газарт 200 килограмм хужир тавьжээ.
Уг хоёр цэгт биотехникийн арга хэмжээ/хужир тавих/ хэрэгжүүлэх хугацаанд таван байршилд 44 бүл согоо, найман байршилд 10 буга, хоёр бор гөрөөс бүртгэгдсэн байна.
2023 оны зун ойн туруутан амьтдыг судлах зорилгоор хоёр байршилд хөдөлгөөн мэдрэгчтэй камер байршуулсан бөгөөд халиун буга, бор гөрөөс, чоно, согоо зэрэг ан амьтны дүрс бичигджээ.
Эх сурвалж: Отгонтэнгэрийн Улсын Тусгай Хамгаалалттай Газар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ