Шатар сонирхогчдын улсын аваргууд тодорлоо

Монгол Улсад шинэ Үндсэн хууль баталсан түүхэн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах 12 дахь удаагийн тэмцээн Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж, өнөөдөр (2024.01.07) аваргуудаа шалгарууллаа.

Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын шатрын холбоо хамтран зохион байгуулсан Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнд 21 аймаг, нийслэлээс нийт 4864 тамирчин оролцсоноос шигшээ тоглолтод 145 тамирчин шалгаран үлдэж, оюун ухаанаа уралдуулав. Ингээд эрэгтэй ангилалд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн тамирчин Н.Батмөнх 7.5 оноогоор тэргүүн байр, Дорноговь аймгийн тамирчин Э.Жаргалан  7 оноогоор хоёрдугаар байр, Архангай аймгийн тамирчин Б.Цогт-Очир мөн 7 оноогоор гуравдугаар байрт тус тус шалгарлаа.

Харин эмэгтэйчүүдийн төрөлд Монголын хуульчдын холбооны тамирчин Б.Ургамалцэцэг 6.5 оноогоор тэргүүн байр, Дархан-Уул аймгийн тамирчин Б.Баттуяа 6.5 оноогоор хоёрдугаар байр, Сэлэнгэ аймгийн тамирчин О.Цагаанбаяр 6.5 оноогоор гуравдугаар байрт тус тус шалгарсан юм.


Түүнчлэн эрэгтэй ангиллын IV, V, VI байранд Б.Цогтбаяр (6.5 оноо), Х.Жамбалцамц (6.5 оноо), Н.Очирваань (6.0 оноо), эмэгтэй ангиллын мөн IV, V, VI байранд Э.Мягмарсүрэн  (6.0 оноо), А.Саруулзаяа (6.0 оноо), Н.Мөнгөнсарнай (5.0 оноо) нар тус тус шалгарав. Мөн шилдэг ахмад эрэгтэй тоглогчоор Батбазарын Ганбат (50+), Цэндхүүгийн Давааням (65+), шилдэг ахмад эмэгтэй тоглогчоор Бавуусүрэнгийн Цэцэгчимэг (50+), Гүнсэнгийн Нямсүрэн (60+) нарыг тодруулсан юм.

Тэмцээний эрэгтэй ангилалд Цэвээндоржийн Эрдэнэбат (1700-аас доош), Галсанжамцын Цогнийсүрэн  (рейтинггүй), эмэгтэй ангилалд Батхүүгийн Энхдэлгэр (1500-аас доош), Намнанбаярын Даваасүрэн (рейтинггүй) нар тусгай шагналын эзэд боллоо. Шагналыг Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Улсын Их Хурлын Тамгын Тэргүүн дэд дарга М.Үнэнбат, дэд дарга Ц.Батбаатар нар гардуулсан юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ