“Газрын тосны эрэл, хайгуулын ажилд геофизикийн аргуудыг хэрэглэх нь” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулав
Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны хайгуулын хэлтсээс “ГАЗРЫН ТОСНЫ ЭРЭЛ, ХАЙГУУЛЫН АЖИЛД ГЕОФИЗИКИЙН АРГУУДЫГ ХЭРЭГЛЭХ НЬ” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг эрлийт гэрээт “Коммонмакс” компанитай хамтран 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгууллаа.
Сургалтад Уул уурхай, хүнд үйдвэрийн яам, Үндэсний геологийн алба болон Монголын алт (МАК) ХХК, “Макс Ойл” ХХК, “Шунхлай Энержи” ХХК, “Түмэн Ойл” ХХК, “Капкорп Монголиа” ХХК, “Cмарт Ойл Монголиа” ХХК, “Тэлмэн Ресурс” ХХК, “Жи Өү Эйч” ХХК, “Тахь Ресурс” ХХК, “Метангаз Ресурс”, цооногийн геофизикийн судалгааны “Галакси Жео” ХХК, “Жи энд Ди Эс” ХХК, чичирхийллийн судалгааны “Эрдсан Петролиум” ХХК, “Бичил сейсм” ХХК, “Геосигналс” ХХК, “Татах хүч” зэрэг компаниудын төлөөлөл оролцов.
АМГТГ-ын ГТХХ-ийн мэргэжилтэн C.Пүрэвсүрэн “Газрын тосны талбайнуудад хийгдсэн геофизикийн судалгааны ажлын өнөөгийн байдал’’, Үндэсний геологийн албаны Геомэдээллийн төвийн ажилтан Н.Сайнжаргал “Геофизикийн мэдээллийн сан бүрдүүлэлт, өнөөгийн байдал”, Няфтяники ХХК-ийн геофизикч ,Зөвлөх инженер Р.Галцог “Монгол орны тунамал хурдаст зарим хотгоруудад харимхай долгионы тэсэлгээт эх үүсвэрээр хоёр хэмжээст чичирхийллийн судалгаа гүйцэтгэсэн туршлага ба давуу талууд”, Монгол улсын зөвлөх инженер, доктор Ц. Түдэв “Газрын тосны эрэл, хайгуулын ажилд геофизикийн аргыг хэрэглэх онцлог”, “Монкаротаж” ХХК-ийн ерөнхий инженер Д. Батсайхан “Цооногийн геофизикийн арга, аргачлал”, Геофизик одон орон судалгааны төвийн инженер, доктор Э.Батмагнай “Магнето теллурикийн арга зүй ба хэрэглээ, Монгол оронд хийгдэж буй судалгааны ажлын одоогийн төлөв”, “Ди Кю И интернэйшнл” ХХК-ийн VSP инженер Ван Юу “Цооногийн геофизикийн судалгааны ВСП (VSP-vertical seismic profile) аргачлал”, “Петро Матад” ХХК-ийн Хайгуул ашиглалтын газрын дэд захирал Э.Болор “Гурав хэмжээст чичирхийллийн судалгааны ажлын арга, аргачлал”, “Метангаз Ресурс” ХХК-ийн геофизикч Ч.Чингүн “Хоёр хэмжээст чичирхийллийн судалгааны ажлын арга аргачлал (Bибратор, утасгүй технологи, НДМХ –н хайгуулын Тавантолгой XXXIII)”, “Синожео И энд Пи сервис Монголиа” ХХК-ийн дэд захирал Шин Жиюбин “Cмартсоло утасгүй технологийг ашиглан гүйцэтгэсэн хоёр болон гурав хэмжээст чичирхийллийн судалгааны үр дүн” талаар тус тус илтгэл тавьж, оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа.
Мөн энэ үеэр геофизикийн салбарын цаашдын үйл ажиллагаа, газрын тосны хайгуулын ажилд ашиглаж байгаа техник, технологи арга, аргачлалын талаар харилцан туршлага судалж, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Түүнчлэн мэргэжлийн компани болон Бүтээгдэхүүн хуваах гэрээт компаниудаас цаашид энэ чиглэлийн сургалт хэлэлцүүлгийг уламжлал болгон зохион байгуулах, геофизикийн чиглэлээр хийж гүйцэтгэсэн судалгааны ажлын өгөгдөл, мэдээллийг тодорхой түвшинд олон нийтэд нээлттэй байлгах талаар саналаа илэрхийлэв.
АМГТГ-аас мэдээллийн ил тод байдлыг хангаж, хуулийн хүрээнд авч хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулахын зэрэгцээ сургалт, хэлэлцүүлгийг тогтмол явуулахыг зорьж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ