ЯРУУ НАЙРАГЧИД ЧУУЛЖ ЭХ ТҮҮХЭЭ ЭРГЭН САНАЛАА

 

Монгол Улсын Их Хурлаас Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэснээс хойш 28 дахь жилтэйгээ золгож байна. Эл өдрийг угтаж Монголын Зохиолчдын эвлэл, Сонгинохайрхан дүүргийн утга зохиолын нэгдлийн “Сүүн бэх” ТББ-тай хамтран "НЭРГҮЙ БААТРУУД" яруу найргийн наадмыг уламжлал болгон гурав дахь жилдээ зохион байгууллаа.

Тус яруу найргийн наадмаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн энгийн иргэн, эгэл баатрууд, эх орончдын гавьяаг мөнхлөн сурталчлах, үндэсний бахархлыг түгээн дэлгэрүүлэх, залуу авьяастнуудыг тодруулах, эх оронч үзэл, санааг түгээн дэлгэрүүлэх зорилготой билээ.

Уг наадамд 60 гаруй шүлэг, яруу найраг сонирхогчид бүтээлээ ирүүлснээс хоёрдугаар шатны шалгаруулалтад 25 яруу найрагч шалгарлаа. Тэргүүн байранд МЗЭ-ийн гишүүн Болор цомын эзэн яруу найрагч М.Амархүү, хоёрдугаар байранд Цагаан уул яруу найргийн наадмын тэргүүн Г.Хашбаатар, гуравдугаар байранд залуу яруу найрагч А.Анхбаатар, тусгай байранд МЗЭ-ийн гишүүн Б.Түмэнбаяр, Сүүн бэх утга зохиолын нэгдлийн гишүүн А.Анхбаяр нар тус тус шалгарлаа. Бараан түүхийн хуудсыг сүүн бэхээр сийлж өнгөрсөнд буй хагацал гунигийг яруу найрагтай сүлж ирээдүй хойч үедээ таниулж байгаа уран бүтээлчдэдээ гүн талархал илэрхийлье.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ