"Дэлхийн хуримтлалын өдөр 2023" аянд оролцохыг урьж байна
Жил бүрийн 10 дугаар сарын 31-ний өдөр тохиодог "Дэлхийн хуримтлалын өдөр"-ийг улс орнyуд хадгаламж, мөнгөн хуримтлалыг нэмэгдүүлэх зорилгоор өргөн хүрээнд тэмдэглэдэг уламжлалтай. Монгол Улсын хувьд 2017 онд хуримтлалын бэлгэ тэмдэгтэй болсноор албан ёсоор нэгдсэн билээ. Аяны үйл ажиллагаа нь хүүхэд залуучуудад түлхүү чиглэж, тэднийг санхүүгийн сахилга бат, мөнгөн хуримтлал хийх дадал хэвшилд суралцуулахад зорьдог. Мөн санхүүгийн хэрэглэгчийн эрх зөрчигдөхөөс сэргийлж банк, санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг тайлбарлан таниулах сургалт, зөвлөгөө, мэдээллээр хангаж ажилладаг бөгөөд тус үйл ажиллагаанд банк, санхүүгийн байгууллагууд өргөн хүрээнд хамтран ажилладаг.
Уг аян нь 10 дугаар сарын турш үргэлжилж, иргэдийн санхүүгийн боловсролыг дэмжих, хуримтлалыг хэвшил болгоход чиглэсэн олон талт үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг онцлогтой. Тухайлбал, хүүхэд залуучуудын дунд гар зургийн уралдаан, цахим орчин дахь тэмцээнүүдийг зохион байгуулахаас гадна сургалт, уулзалтуудыг хийж, хуримтлалын ач холбогдлыг таниулж, сурталчлах юм.
Энэхүү аянд Монголын хүүхэд, залуучуудыг бүрэн хамруулж, зохион байгуулахад хамтрагч байгууллагуудын оролцоо, идэвх санаачилга чухал байгаа тул албан байгууллага, аж ахуйн нэгж та бүхнийг нийгмийн хариуцлагаа ухамсарлан дараах байдлаар бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна.
Үүнд:
- Ерөнхий зохион байгуулагч Монголбанктай хамтран үйл ажиллагааны нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хамтран зохион байгуулах;
- Нэгдсэн байдлаар бэлтгэсэн контентыг нийгмийн цахим сүлжээнд болон бусад сувгаар санхүүгийн боловсролын мэдээ мэдээллийг түгээн ажиллах, түүнд дэмжлэг үзүүлэх, өөрсдөө бүтээх;
- Оролцогч байгууллага үйл ажиллагаагаа иргэдэд таниулах, аяны хүрээнд нээлттэйгээр санхүүгийн мэдлэг олгох арга хэмжээг зохион байгуулах;
- Дотооддоо /ажилтнууд болон зорилтот бүлгүүдэд зориулсан санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх сургалт семинар зохион байгуулах/ Монголбанкны зүгээс сургалт авах боломжтой;
- Иргэд олон нийт тэр дундаа залуусын санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээ, уралдаан тэмцээн зохион байгуулж, нийгмийг уриалан манлайлах;
Иймд танай байгууллагаас аянд нэгдэж, санхүүгийн мэдлэг, боловсролтой Монголын ирээдүйн төлөө хүчин чармайлт гарган хамтран ажиллахыг хүсвэл 2023 оны Аравдугаар сарын 13-ны өдрийн дотор и-мэйлээр ирүүлэхийг урьж байна.
Бидэнтэй холбоо барих: Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн мэргэжилтэн Д.Намуун
Утас: 11-311240,
И-мэйл хаяг: namuun.d@mongolbank.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ