“Дэлхийн хуримтлалын өдөр-2023” аяныг эхлүүллээ
Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпорац, Монголын банкны холбоо, ХБНГУ-ын Шпаркассэ банкны сан болон арилжааны банкнууд хамтран “Дэлхийн хуримтлалын өдөр-2023” аяныг "Хамтдаа хуримтлуулж, ирээдүйгээ бүтээцгээе" уриатайгаар Төв аймгийн Зуунмод суманд нээлээ.
Монголбанкнаас иргэд олон нийтийн санхүү, эдийн засгийн мэдлэгийг дээшлүүлэх ажлын хүрээнд "Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг Монгол Улсад тэмдэглэхэд жил бүр оролцож байна. Дэлхийн хуримтлалын өдрийг анх 1924 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн жил бүр дэлхий даяар тэмдэглэж ирсэн ба Монгол Улсын хувьд 2012 оноос хойш тэмдэглэж байна.
Аяны нээлтийн үеэр Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, тус аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн болон Хадгаламжийн даатгалын корпорац, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан, арилжааны банкны төлөөллүүд үг хэлж хуримтлалын ач холбогдлын талаар мэдээлэл өгч хүүхдүүдэд хадгаламжийн эрхийн бичгийг гардуулав.
Дэлхийн хуримтлалын өдрийг угтсан хуримтлалын аян нь 10 дугаар сарын турш үргэлжлэх бөгөөд иргэдийн санхүүгийн боловсролыг дэмжих, хуримтлалыг хэвшил болгоход чиглэсэн олон үйл ажиллагаануудыг зохион байгуулна. Тухайлбал, хүүхэд залуучуудын дунд гар зургийн уралдаан, цахим орчин дахь тэмцээнүүдийг зохион байгуулахаас гадна сургалт, уулзалтуудыг хийж, хуримтлалын ач холбогдлыг таниулж, сурталчлах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ