Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн төслийг бизнес эрхлэгчдэд танилцууллаа
Монголбанкнаас “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг боловсруулан УИХ-д өргөн бариад байгаа бөгөөд Төв банкны хувьд төслийг батлагдахаас нь өмнө олон нийтэд нээлттэй танилцуулж, мэргэжлийн хүрээнийхний санал, зөвлөмжийг тусгахыг чухалчилж байна. Энэ хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг, мэдээлэл өгөх уулзалтуудыг үе шаттай зохион байгуулж, өнөөдөр /2023.10.17/ төслийг бизнес эрхлэгчдэд нээлттэй танилцууллаа.
Энэ жилээс УИХ жил бүрийн Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөг холбогдох байгууллагуудаас санал авч нэгтгэн, баталдаг болсонтой холбоотойгоор Монголбанк ч мөн адил энэ удаагийн үндсэн чиглэлийн төслийг хуульд заасан өөрийн үндсэн зорилт, чиг үүргийнхээ хүрээнд тодорхойлж боловсруулаад байгаа юм.
Хэлэлцүүлгийг нээж, УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Монгол дахь АНУ-ын Худалдааны танхимын захирал О.Адъяа, Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван нар үг хэлэв. Мөн Мөнгөний бодлогын газрын Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд оролцогчдод “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төсөлд тусгагдсан заалт, зорилтуудыг дэлгэрэнгүй танилцууллаа.
Ирэх оны Төрийн мөнгөний бодлого нь инфляцыг тогтворжуулах замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах суурь нөхцөлийг бий болгоход дэмжлэг үзүүлэхийг зорьж байна. Энэ хүрээнд Монголбанк инфляцыг онилох мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх суурь дэд бүтцийг дараагийн шатанд гаргах замаар дунд хугацааны инфляцыг 6+/-2 нэгж хувийн интервалд тогтворжуулахаар тусгалаа. Мөн инфляцын хүлээлтийг аргамжих, олон нийтийн Төв банканд итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор инфляцыг онилох мөнгөний бодлоготой нийцтэйгээр Төв банкны олон нийттэй харилцах харилцааг хөгжүүлэх зорилтыг тусгаад байна. Түүнчлэн гадаадын банкны бие даасан салбар, нэгжийг дотоодын санхүүгийн салбарт оруулахад дэмжлэг үзүүлэх, банкны салбарын ногоон зээлийн үр дүнг хэмжих, тайлагнах, баталгаажуулах, их өгөгдөлд суурилсан нэгдсэн системийг хөгжүүлэх томоохон зорилтыг ч тусгав.
Инфляцын зорилтыг хангахад эдийн засгийн суурь хүчин зүйлс, Төв банкны хараат бус, бие даасан байдал, төсвийн сахилга бат, нийлүүлэлтийн шалтгаантай үнийн хэлбэлзлийг багасгах дэд бүтэц, логистикийн нөхцөл байдал ихээхэн нөлөөтэй. Иймд Төв банкны зүгээс дээрх чиглэлээр төрийн холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллахыг зорьж буй юм.
Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс төсөв, мөнгөний бодлогыг уялдуулах, төсвийн хэт их тэлэлтийн үед өөр бусад сул чөлөөтэй эх үүсвэрийг ашиглах замаар бодлогын хүүг бууруулах боломжийг эрэлхийлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх замаар ханшийн тогтвортой байдалд анхаарлаа хандуулах зэрэг санал зөвлөмж хэлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ