ДЭД САЙД Л.ХАЛТАР ХЯТАД-ЕВРОПЫН ГАЛТ ТЭРЭГНИЙ ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМД ОРОЛЦЛОО

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар БНХАУ-ын Жянсу мужийн Ляньюнганг хотноо 2023 оны есдүгээр сарын 15-нд “Хятад-Европын галт тэрэгний олон улсын хамтын ажиллагааны форум”-д оролцлоо.

Чуулга уулзалтаар БНХАУ-ын дарга Ши Жиньпингийн 1993 онд гаргасан “Бүс ба зам” санаачилгын хүрээнд хийгдсэн Хятад-Европыг холбосон чингэлгийн төмөр замын холболтуудын дэлхийн улс орнуудын аж үйлдвэрлэл, бараа бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтийн сүлжээний тасралтгүй байдалд оруулсан хувь нэмэр, үр дүнг танилцууллаа.

Арга хэмжээний нээлтэд Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар Монгол Улсын Засгийн газраас Ази, Европыг холбосон ачаа тээврийн урсгалыг сайжруулж, транзит тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр гаргасан урт ба дунд хугацааны бодлого, стратеги төлөвлөлт, энэ хүрээнд хэрэгжиж байгаа баруун, зүүн босоо тэнхлэг, хэвтээ тэнхлэгийн эдийн засаг, тээвэр худалдааны коридоруудыг бий болгоход чиглэгдсэн томоохон төслүүдийн хэрэгжилтийн явц, төлөвлөлтийн талаар товч танилцуулсан юм.

Мөн “Эксресс төмөр зам ба Усан тээвэр” сэдэвт салбар хуралдаанд дэд сайд Л.Халтар Ази-Европыг холбосон үр ашигтай, олон төрөлт тээврийн холболтуудыг нэмэгдүүлэхэд түлхэц зорилгоор хоёр хөрштэйгөө харилцан ашигтай, хамтын ажиллагааг өргөжүүлж, баруун болон зүүн босоо тэнхлэгийн төмөр замын төслүүдийг эрчимжүүлж, төмөр замын хилийн өртөөний хүчин чадлыг нэмэгдүүлж Ази-Европ чиглэлийн дамжин өнгөрөх чингэлэг тээврийн хэмжээг бодитоор нэмэгдүүлэх бодит боломжийг бүрдүүлэх томоохон төслүүдийн талаар танилцуулга хийж, дараах саналуудыг дэвшүүллээ.

Тодруулбал,   

Хятад-Европын чингэлэг тээвэр болон Монгол Улсын импорт, экспортын тээврийн нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Ляньюнган-Эрээн-Замын-Үүд чиглэлд хатуу зурмагт галт тэрэг аялуулахад бүх талаас дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллах,

Замын-Үүдийн нарийн царигийн өртөөний техникийн шинэчлэлийг хоёр талаасаа хамтарч, ойрын хугацаанд шийдвэрлэх саналыг дэвшүүлэв.

Форумын төгсгөлд зохион байгуулах хорооны санаачилгаар байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөллүүд Ази-Европыг холбосон төмөр замын тээврийг коридорын хөгжлийг урагшуулах тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа.

Ташрамд дурдахад, Ляньюнганг боомт нь Ази, Европыг холбосон логистикийн нэг том зангилаа ба Шар тэнгисийн баруун хэсэгт орших Хятадын Жянгсу мужид байрладаг, зүүн тэнгисийн замыг баруун хуурай замтай холбодог боомт юм.

Уг боомт нь хятад улсдаа 10 дугаарт, дэлхийд 30-д эрэмбэлэгддэг томоохон боомтын нэг юм. Төмөр зам, авто зам, далайн тээврийн олон төрөлт тээврийн холболтуудтай. 70 гаруй чингэлгийн хөлөг онгоцны маршрут, задгай ачааны хөлөг онгоцны 20 гаруй маршрут, Хятад-Солонгосын зорчигч болон ачаа тээврийн хөлөг онгоцны 2 маршруттай юм. Хятад, Европыг холбосон хоёр коридортой, дотоодын галт тэрэг хуурай газрын томоохон зангилаа хотуудыг дамжин өнгөрдөг.

Мөн Хятад-Казахстаны ложистикийн төв, паркийг хөгжүүлж, бүтээн байгуулснаар усан боомт, далайн маршрут, олон улсын чингэлгийн галт тэрэг зэрэг хуурай газар, далайг холбосон хосолсон тээврийг тасралтгүй холбоосыг бий болгож чадсан боомт юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ