Д.ОТГОНСҮРЭН: МОНГОЛ УЛС НАЙМАН БАЙРШИЛД ХУУРАЙ БООМТ БАЙГУУЛАХ БОЛОМЖТОЙ
Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргааны дарга Д.Отгонсүрэнтэй ярилцлаа.
-Монгол Улс хоёр том их гүрний дунд оршдог далайд гарцгүй улс. Бусад улсын далайн боомтуудаас ачаа тээврээ татдаг. Ер нь хэчнээн улсын далайн боомттой хэлэлцээртэй ажилладаг вэ?
-Монгол Улс далайд гарцгүй хөгжиж байгаа 32 орны нэг. Гэхдээ бидэнд далайд гарах гарцууд олон улсын хууль тогтоомжийн хүрээнд бий болсон байдаг.
Тухайлбал, Монгол Улс олон улсын худалдаанд оролцохын тулд хөрш орнуудын нутаг дэвсгэрээр дамжин далайгаар бараа бүтээгдэхүүнээ тээвэрлэн зах зээлд хүргэж экспортолж, өргөн хэрэглээнийн бараа бүтээгдэхүүнийг мөн хөрш орнуудаар дамжуулан импортлодог. Энэхүү харилцааг БНХАУ-тай 1991 он, 2014 онуудад “Монгол Улс Хятад Улсын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийг, ОХУ-тай 1992 оны Засгийн газар хоорондын хэлэлцээрээр баталгаажуулсан.
-Тяньжинаас гадна ямар боомтуудтай хамтран ажилладаг вэ?
-БНХАУ-ын Тяньжин, Циньхуандао, Цаофэйдянь, Далянь, Жиньжөү, Инкоу, Дандун боомттой, ОХУ-ын Ванино, Восточный, Находка, Владивосток, Посьет, Зарубино далайн боомтуудтай хамтран ажилладаг.
НҮБ-ын АНДЭЗНК-оос Азийн болон хөрш бүс нутагтай хамтран бараа тээвэрлэлтийн үеийн хил нэвтрэх болон транзит хугацааг богиносгох, олон улсын нэгдсэн холимог тээвэр болон логистикийн тогтолцоог хөгжүүлэх, хөхүүлэн дэмжих зорилгоор Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталсан. Энэхүү хэлэлцээрт Монгол Улс 2016 онд нэгдэн орсноороо далайд гарах гарцаа нэмэгдүүлэх боломж бий болгож байна гэж ойлгож болно.
-Байгууллагынхаа талаар танилцуулаач. Олон нийт тэр бүр үйл ажиллагааны чиглэлийг мэддэггүй байх?
-Далайн захиргаа нь 2007 онд байгуулагдсан. Далай ашиглах тухай болон усан замын тээврийн тухай Монгол Улсын хууль, Олон улсын гэрээ, конвенц, дүрэм журам, стандарт зөвлөмжид нийцүүлэн ажиллах үүрэг бүхий байгууллага юм.
Монгол Улсын Засгийн газраас Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын хооронд байгуулсан “Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т заасан олон улсын хуурай боомт байгуулах шалгуурыг хангах байршлыг тодорхойлж боомт байгуулах чиглэлээр эрчимтэй ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн яаманд үүрэг болгосны дагуу Далайн захиргааны бүтцэд Хуурай боомт, далай тээврийн хэлтэс байгуулан ажиллаж байна.
-Манай Улс “Хуурай боомтын тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэгдэж орсоны ач холбогдол, давуу тал юу вэ?
-Монгол Улс далайд гарцгүй орон учир олон улсын худалдаанд хөрш орнуудын далайн боомтоор дамжин оролцдог гэж дээр би хэлсэн. Азийн хөгжлийн банкнаас хийсэн Монгол Улсын тээвэр, логистикийн салбарын хөгжлийн талаар хийсэн судалгаагаар бараа, бүтээгдэхүүний үнийн бүтцийн 30 орчим хувийг тээвэр, логистикийн зардал эзэлж байна гэсэн дүгнэлт байдаг.
Үүнд тээвэрлэлтийн хугацаа урт, дамжин өнгөрөх хил, гаалийн хяналт шалгалт, хязгаарлалттай байдал болон техник технологийн нөхцөл, далайн тээврийн чингэлэг түрээсийн төлбөр өндөр зэрэг байдал ихээхэн нөлөөлдөг.
Тээвэрлэлтийн урт хугацаа нь худалдаанд торгууль хүлээх, улмаар их хэмжээний валютын алдагдал хүлээхэд хүргэдэг. Тээвэр, логистикийн дээрх хүндрэл бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэж, худалдааг хөнгөвчлөхөд “Хуурай боомтын тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээр чухал ач холбогдолтой юм.
Хуурай боомт нь аливаа нэгэн сонгогдсон далайн боомт дээр эхлэл цэгийг үүсгэн байгуулж дунд нь холбогдох дэд бүтцээр ачааны урсгалыг саадгүй, тогтмол, чөлөөтэй, тогтмол тээвэрлэж байх мөн ачаа барааг шууд хүлээн авч боловсруулалт хийхэд хүрэлцэхүйц хангалттай талбай, дэд бүтэц, тоног төхөөрөмжийн хүчин чадалтай байх үндсэн шаардлагыг хангасан байна.
-Хуурай боомт хариуцсан хэлтэстэй болсон байна. Тодорхой ямар ажил хйиж байна?
-Хуурай боомт, далайн тээврийн хэлтэс нь Засгийн хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд олон улсын хуурай боомтуудыг байгуулан хөгжүүлэх зорилгоор бодлогын хэрэгжилтийг хангах, оролцогч талуудын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх уялдуулан зохицуулах ач холбогдлыг сурталчлан таниулах, хуурай боомтыг амжилттай хэрэгжүүлсэн далайд гарцгүй улс орнуудын туршлага судлах, хамтран ажиллах ажлыг үе шаттай хийж байна.
-Манай улсад хэчнээн цэгт хуурай боомт байгуулах вэ?
-Монгол Улс найман байршилд олон улсын хуурай боомтууд байгуулах боломжтой. Төвийн коридорт Замын-Үүд, Сайншанд, Улаанбаатар, Хөшигийн хөндий, Алтанбулаг, баруун коридорт Ховд, зүүн коридорт Бичигт, Чойбалсан зэрэг байршлуудад олон улсын хуурай боомт, логистикийн төв байгуулах судалгаа төлөвлөлтийг эхлүүлээд байна.
-Манай улсын ачаа тээвэр Тяньжин боомтоор дамжин ирдэг. Өөр гарцтай болох боломж бий юу?
-Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын БНХАУ-ын Ляонин мужид хийсэн ажлын айлчлалын бүрэлдэхүүнд миний бие ажилласан.
Айлчлалын хүрээнд Зүүн хойд Азийн тээврийн зангилаа болох зорилготой Ляонин мужийн Жиньжөү далайн боомтоос Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин ОХУ, цаашлаад Европын холбоо руу гарах хамгийн дөт зүүн коридорыг бүтээн байгуулахад тээвэр логистик, аж үйлдвэр, худалдааг өргөжүүлэх чиглэлээр өргөн хүрээнд хамтран ажиллах, хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцсон.
Мөн түүнчлэн Ляонин мужийн хувьд 43 сая хүн амтай, аж үйлдвэржилт, эдийн засгийн үзүүлэлтээрээ улсдаа тэргүүлдэг далайн боомт, өндөр зэрэглэлийн төмөр зам, хурдны замтай хамгийн дэвшилтэт нэгдсэн тээврийн сүлжээ бүхий хөгжлийн давуу талуудтай.
Ажлын айлчлалын үр дүнд бид Ляонин мужийн Жиньжөү хоттой хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр, Жиньжөү боомттой Монгол Улсын Зүүн бүсэд байгуулах хуурай боомтуудыг бүтээн байгуулалтад хамтран ажиллахын зэрэгцээ Далайн захиргааны байнгын төлөөлөгч албан ёсоор ажиллахаар тохиролцсон.
Үүний үр дүнд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин ОХУ, цаашлаад Европын холбоо руу гарах хамгийн дөт зүүн коридорыг бүтээн байгуулахад түлхэц өгнө гэж үзэж байна.
-Цаашид төлөвлөгөөний тухайд?
-Олон улсын хуурай боомт, логистикийн төв байгуулах чиглэлээр эрчимтэй ажиллах, судалгаа төлөвлөлтөө эхлүүлэх, гадаад харилцаагаа өргөжүүлэх, олон улсын сүлжээнд таниулан, ач холбогдлыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарна. Мөн хуурай боомтуудын байршилд НҮБ-ын Худалдаа болон тээврийн байршлын код UNLOCodе-ийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ