Ж.Чинбүрэн: Анхан шатны тусламж, үйлчилгээний төсвийг хоёр дахин нэмсэн ч иргэдийн сэтгэл ханамж тааруу байна

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнтэй ирэх оны төсвийн талаар болон эрүүл мэндийн салбарын асуудлаар ярилцлаа.


-Одоо ид яригдаж байгаа сэдэв бол ирэх оны төсөв байна. Таны хувьд ирэх оны төсвийг хэр болсон гэж харж байна вэ?

-Нэгдүгээрт, Монголын төр далд эдийн засаг, элдэв хулгайтай тэмцэж чадаж байгаа байдал нь ирэх оны төсвийг өөдрөгөөр төсөөлөх боломж олгож байна. “Нүүрсний хулгай”-тай тэмцэж чадсаны хүчинд энэ онд тэтгэврийг нэмж чадсан. Ирэх онд нийтдээ бараг 25 орчим их наяд төгрөгийн төсөв батлах гэж байна. Эдийн засаг цар тахлын үед байсан хасах тав байснаасаа нэмэгдээд ирлээ. Мөн хөрөнгө оруулалтыг бүтээн байгуулалтдаа зарцуулах боломж гарч ирж байна. Энэ бүхэн дотроо эрүүл мэндийн салбарыг төлөөлж байгаа хүний хувьд харахад, манай салбарт сүүлийн хэдэн жил хийгдээгүй бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт хийгдэхээр болсон.

Тухайлбал, Эд, эс шилжүүлэн суулгах эмнэлэг, Зүрх судасны төв, Халдвартын хоёрдугаар эмнэлэг, Хавдрын хоёрдугаар эмнэлийг барих зэрэг асуудлууд туссан. Сүүлийн үед ийм том хөрөнгө оруулалтаар үндэсний хэмжээний эмнэлэг байгуулах, асар их хөрөнгө шаардагддаг дэд бүтцийг хийх ажил хийгдээгүй байсан. Дараагийн нэг чухал ажил бол Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийг жил бүр нэмж байгаа. Ингэснээр 2020 онд эхлүүлсэн Гүйцэтгэлийн санхүүжилтээ дэмжиж байгаа юм. Олон хүнийг зөв сайхан эмчилснээр нь санхүүжилтийг нь шийддэг энэ байдлыг улам амь оруулах ёстой юм. Ингэхийн тулд даатгалын сан өөрөө багтаамж нь сайн, чадамжтай байж, сайн гүйцэтгэлийг худалдаж авна. Жишээлбэл, 200 мянган төгрөгийн үнэтэй зүйлийг 150 мянгаар авна гээд байхаар ямар ч эмнэлэг түүний төлөө ажиллахгүй. Эрт илрүүлгийн үйл ажиллагаанд бид анх удаа ноднин жилийн тавдугаар сараас 67 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсөвт суулгаж, иргэдээ өвчнөөс урьдчилан сэргийлж чаддаг Монгол болох гэж үзсэн. Ингэхэд дурангийн оношилгоо 60 мянга төгрөг гэхээр ямар ч газар хийхгүй байна. Яагаад гэхээр алдагдалтай болохоор тэр шүү дээ. Тийм болохоор алдалгүйгээр, хийх сонирхол төрүүлэхүйц төсөв тавиад л худалдаж авдаг байгаач гээд нэхээд байгаа юм. Энэ бол ганцхан жишээ. Тийм болохоор даатгалын сан өндөр дүн тавьж өгөх ёстой. Ирэх онд даатгалын сангийн төсөв анх удаагаа хоёр их наяд төгрөгийг давах төлөвтэй байна. Энэ бол чанарын төлөөх өрсөлдөөн. Түүнээс биш хувийн болон төрийн эмнэлэг өөр, өөр дүн зарлаж байгаа хэрэг биш. Даатгалын сан бүгдээс нь ижил үнээр худалдаж авна. Олгойны хагалгаа гэхэд л 2.5 сая төгрөг байгаад тэр нь өгөөжтэй байх юм бол төр, хувь гэлтгүй би хийе гэж өрсөлдөнө. Өвдөж сандарсан хүн эмнэлэг хайж явах биш, эмнэлэг нь тэр хүнээ тосож эмчилдэг зарчмын шинэчлэлт хийж байгаа юм. Үүнийг ажил хэрэг болгоход тийм ч амархан байдаггүй юм байна. Цаг хугацаа нэлээд орж байна. Дээрээс нь даатгалын сан маань чадамжтай байх хэрэгтэй.  Үүнтэй холбоотой бас нэг зүйл бол төрөөс дааж байгаа тусламж, үйлчилгээ байна. Тухайлбал, хорт хавдарын тусламж үйлчилгээг төрөөс дааж, хамтын төлбөргүй болгосон. Үүнтэй холбоотойгоор төр, хувийнх байх нь хамаагүй, аль чадамжтай багтай Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар гэрээ хийж, тусламж үйлчилгээг үзүүлж байгаа. Энэ нь бас давхар төвлөрлийг сааруулж байна. Хавдрын тусламж үйлчилгээг аваад үзвэл улсын эмнэлгүүд жилд бараг 90 гаруй тэрбум төгрөгийн үйл ажиллагаа явуулсан байгаа юм. Харин хувийнх 20 орчим тэрбум төгрөгөөр санхүүжсэн буюу үүнтэй дүйх эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн байна. Энэ нь хими эмчилгээ, бай эмчилгээ болон мэс заслыг ганцхан Хавдар судлал гээд овоороод байлгүй улсын болон хувийн эмнэлгүүд хийдэг болж байна. Гагцхүү чанартай хийж байна уу гэдэг үр дүн шаардана.

-Гүйцэтгэлээр санхүүждэг болчихоор эмнэлгүүд чанарт бус тоонд анхаараад байгаа юм биш биз гэсэн хардлага гарч байна. Яагаад гэхээр ярьж байгаа мөнгөн дүн үнэхээр өндөр болсон. Хүний шүдэнд ломбо хийсэн ч тэр нь чанартай байх эсэх тухай ярьж байна. Энэ тал дээр яаж анхаарах вэ?

-Гүйцэтгэлийн санхүүжилтийн гол зүйл бол чанар. Эрүүл мэндийн даатгалын сангаас зарим мөнгийг нь өгөхгүй байна гээд хэл ам гараад байгаа чинь чанарыг хянаад байгаа хэрэг. Тэр хүнийг эмчлээд давхар төлбөр авсан уу, үгүй юу. Жишээлбэл, хүүхдийн өвчлөл, хорт хавдар, эд, эс шилжүүлэн суулгах чинь төрөөс дааж байгаа. Энэ бүхэнд давхар мөнгө авч байна уу гэдгийг хянадаг. Ингэж байвал торгох маягаар санхүүжилтийг өгөхгүй. Хоёрдугаарт, чанаргүй эмчилсэн, түүнээс улбаатай хүндрэл гараад байвал яах юм гэдэг асуудал. Баг нь чадамжтай юу гэдгийг хянахыг даатгалын тогтолцоондоо оруулсан. Эд нар маань хянаад байгаа юм. Гэрээ хийхдээ эмчилдэг баг нь аль юм, эмч чинь хоёр газар ажилладаг уу, тоног төхөөрөмж чинь стандарт хангаж байна уу гэдгийг үздэг. Уушгины хатгалгааг чагнуураар үзчихээд оношлоод байж болохгүй. Орчин цагийн бүхий л тоног төхөөрөмжөөр баталгаажуулж байж тэр үнэтэй антибиотик эмчилгээнд орох ёстой.

-Сайн эмчээ сонгодог байж болох уу. Хүүхдүүдийн шүд үзүүлээд явахад л хандлагаас нь харагддаг л даа?

-Шүдний салбар бол илүү их хувийн салбар давамгайлсан. Гэхдээ хүүхдийн шүд дээр жилдээ 1-2 шүдийг улсаас дааж эмчилнэ гэсэн ерөнхий тоо бий. Харин ерөнхий зургаар нь аваад үзвэл одоо байгаа энэ тогтолцоо чинь эмчээ сонгох боломж олгохгүй байна. Жишээлбэл, 13А маягт гээд бөөн хэл ам дагуулсан. Уг нь энэ бол өөрөө эрүүл мэндийн тусламжийн гол бичиг баримт юм. Өвчтэй хүмүүсийг ангилаад аль шатлалын эмнэлэгт үйлчлүүлэх вэ гэдгийг тогтоодог хөшүүрэг. Үүнийг буруу ойлгоод байгаа юм. Та эхлээд өрхийн эмнэлэгтээ очиж үзүүлэх ёстой. Хөнгөн байвал гэрээр эм, тан өгөөд эмчилнэ. Нарийн эмчилгээ, оношлогоо хэрэгтэй бол дүүрэг, аймгийн эмнэлэг рүү чинь явуулна. Үүнээс тэр хүнийг эмчлээд, гүйцэтгэлээрээ санхүүжилтээ аваад тэр эмнэлэг оршин тогтнох ёстой. Харин эмчилж чадахгүй бол лавлагаа шатлалын эмнэлэг рүүгээ явуулдаг ёстой юм. Ингэж үе шат, дарааллаараа явах ёстой. Харин та ийм шатлалыг дамжмааргүй бол бас боломжтой. Ингэхийн тулд илүү төлбөрөө л төлөх ёстой. Яагаад гэхээр тухайн эмнэлэгт илүү ачаалал үүснэ шүү дээ. Ханиад хүрсэн болгон алгасч ирээд байж болохгүй. Энэ мэтчилэн тогтолцооны алдаа бий. Өөрийн чинь хэлээд байгаа чанартай, сайн эмчийг сонгох биш эмчээ голдоггүй байх тогтолцоог бий болгох ёстой. Тухайлбал, өрхийн эмнэлэг байна. Дөнгөж сургууль төгссөн хүүхдүүдийг өрхийн эмнэлэгт ажиллуулах сонирхол байгаа. Уг нь туршлагатай эмч байж болно. Тийм ч болохоор бид ирэх оны төсөвт анхан шатны тусламж үйлчилгээний төсвийг хоёр дахин нэмсэн. Нэг иргэнээр тооцож 30 мянган төгрөгөөр санхүүжилт өгдөг байсан бол энэ оноос 60 мянга болгосон гэсэн үг. Тэгэхээр 10 мянган хүнтэй өрхийн эмнэлэг жилд 300 сая төгрөг авдаг байсан нь хоёр дахин нэмэгдэнэ. Ингэхээр тэнд байгаа эмч, ажилчдынхаа цалинг хангалттай өгөх боломжтой. Дээрээс нь өрхийн эмнэлэг дээр даатгалаас нэмэлт санхүүжилт авах боломжтой.

-Тэтгэврийн нас нь хүрэхээр тэтгэвэрт нь шууд суулгачихаж байна. Энэ нь туршлагыг халсан үйлдэл биш үү?

-Миний хэлэх дуртай үг бол “Эмч хүн хэзээ ч тэтгэвэрт гардаггүй”. Яагаад гэхээр эмч хүний ажилласан жил, туршлагаар үнэ цэн нь нэмэгдэж байдаг юм. Тэгэхээр тэтгэвэрт гардаг салбар биш. Харин тэтгэвэрт гарсан эмч нарыг маань хувийн салбарынхан маш сайн ашиглаж байгаа. Туршлага, мэдлэгт нь сайн цалин өгч байна. Гэтэл бид өрхийн эмнэлэг дээрээ дотрын сайн эмчээс зөвлөгөө ч авч чадахгүй л байна шүү дээ. Уг нь залуу эмч нартаа зөвлөгөө өгөөд байж болно. Ер нь анхан шат дээр эмч тогтвортой ажиллах нь чухал. Танай гэр бүлийг нэг эмч байнга үздэг байх, хүүхдүүдийг чинь том болтол мэддэг байх нь чухал юм. Энэ тогтолцоог хийх гээд бид санхүүжилтийг нь нэмээд байгаа. Гэтэл хэрэгжихгүй байгаа нь тогтолцоо буруу байгаатай холбоотой. Тийм учраас Эрүүл мэндийн тухай хуульдаа өрхийн эмнэлэг гэдэг юу вэ гэдгийг яаралтай оруулж өгөх ёстой. Үүнийг Эрүүл мэндийн яам өргөн барина гэсэн ч одоо хүртэл алга л байна. Гэтэл цаг хугацаа яваад, ард түмэндээ гологдоод л байна.

-Эрүүл мэндийн салбарын гол дутагдал нь сүүлийн үед олон сайдын нүүр үзэж байна. Тэгэхээр удирдлагын түвшинд ажил жаахан муу байна гэж хардаг?

-Өөртэй чинь санал нэг байна. Удирдлага солигдохоор яаманд ажиллаж байсан төрийн албан хаагчдын байр суурь тогтворгүй болчихоод байгаа юм. Энэ нь өөрөө бодлого, салбараа мэдэхгүй шинэ хүмүүсийг тавиад байгаа нь хөгжлийг боомилж байна. Гэтэл дэлхийн хөгжлийн гол үзэл санаа нь тогтвортой хөгжил болчихсон. Гэтэл нэг хүн ирээд дөнгөж ажилтайгаа танилцаад байж байтал солигддог. Дахиад өөр хүн ирээд танилцах гэж уддаг. Ямар сайндаа энэ бүхнээ танилцуулж явсаар байтал “Хавдартай тэмцэх үндэсний хөтөлбөр” байсныг дэд хөтөлбөр болгочихсон. Уг нь бол ямар өвчин монгол хүнийг удаан наслуулахгүй байна вэ гэдгийг ярих ёстой. Тогтвортой байх, тэр дундаа төрийн албан хаагчид тогтвортой байх нь чухал байна. Тийм болохоор шинэ сайд нар надад хэн итгэлтэй байх вэ биш хэн чадвартай вэ гэдэг шалгуур чухал.

-Үүнийг ярихаар л баахан тогтолцоо руу орчих гээд байна?

-Өөрийн чинь анзаарсан зүйл үнэн л дээ. Аливаа нэг салбарын хөгжил нь манлайлал, тогтвортой байдал, бодлогын “Хар хайрцаг”-тай байх ёстой юм. Уг нь манай салбар чинь их ойлгомжтой. Нэгдүгээрт, нийгмийн эрүүл мэнд, хоёрдугаарт, эмнэлгийн тусламжийн асуудал байдаг. Эмнэлгийн тусламжийн асуудлаа бид 2018 онд эмнэлгүүд бие даасан үйл ажиллагаа явуулдаг болгох гээд хуулиар их гоё дэвшил гаргасан юм. Төлөөлөн удирдах зөвлөлтэй байх, сайн менежерээ өөрсдөө сонгох, даргаа сонгодог байхаар шийдсэн. Нэг яамны өмнө очоод гарын үсэг гуйж байхыг нь болиулсан. Гэтэл энэ хууль одоо хэрэгжихгүй байна. Тийм болохоор Нийгмийн хамгааллын байнгын хороон дээр М.Оюунчимэг гишүүнээр ахлуулсан Ажлын хэсэг гаргаад энэ хууль яагаад хэрэгжихгүй байгааг шалгуулахаар болсон.

-Ирэх жилийн төсөвт эрүүл мэндийн салбарт нэлээд том хөрөнгө оруулалт тавигдсан. Гэтэл сонгуулийн амлалт гэж үзэх хэсэг байна. Ер нь энэ төслүүд бүрэн хэрэгжих боломжтой юу?

-Аливаа том бүтээн байгуулалт эхлэх нь л чухал. Эхэлж чадвал дуусна. Энэ парламент бол их хүнд байлаа. Бүтэн хоёр жил нь цар тахалтай байсан. Хажуугаар нь бүс нутгийн геополиткийн асуудал ч байлаа. Хэдий ийм ч гэлээ Монгол Улс төвийг сахисан зөв байр суурьтай байна. Эдийн засгаа хөгжүүлэх бодитой зүйлсийг хийж байна. Дээрээс нь хээл хахууль, авлигатай тэмцэх бодитой зүйлсийг хийж байна гэж харж байгаа. “Нүүрсний хулгай”, Хөгжлийн банк, “Ногоон автобус” гээд жишээ байна. Энэ болгонтой тэмцэж чадаж байгаа нь төр маань илүү их тунгалаг болох тийшээ явж байна. Энэ чинь өөрөө хөгжил. Үүний үр дүнд бид нэмэлтээр санхүүжилт хийх боломж гарсан. Тийм болохоор төсөвт орох нь чухал.

-Ирэх жилийн төсвөөс гурван жилд хуваагаад бүтээн байгуулалтыг дуусгана гэж байгаа юм билээ?

-Төсвийн тухай хуулиа шинэчилсэн. Энэ дотор чинь зураг төсөлтэй, эдийн засгийн тооцоотой гэх мэт шалгууруудыг тавьж өгсөн. Тэрэнгүй хуучин шиг нэг гишүүн нь юм санаачлаад, түүнд нь мөнгө тавьдаг юм байхгүй болсон.

-Энэ эмнэлгүүд дээрх шалгуурыг хангасан уу?

-Хагасан учраас анхан шатны санхүүжилтийг хийж байгаа. Зүрх судасны төв л гэхэд Люксенбург улсын дэмжлэгээр 2-3 орчим сая еврогийн хөрөнгөөр зураг нь хийгдсэн. Гэтэл төсөв санхүү хийгдэхгүй байсан, одоо тавигдсан. Энэ бол III эмнэлгийн өргөтгөл болоод баригдана. Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах эмнэлэг ч гэсэн I эмнэлгийн өргөтгөл болно. Мөн сүүлийн үед эмнэлгийн эзэмшил газар алдагддаг байдал хөндөгдлөө. Тэгвэл сайн жишээ ч байна. Хавдар судлалын эмнэлэгт 10га газар авч өгсөн. Энэ бол амаргүй ажил байсан. Үүнд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэд баярлалаа гэж хэлмээр байна. Олон нийтийн эрх ашгийн төлөөх ийм ажилд яамдууд, сайд нар идэвх чармайлтдаа ажиллаж байгаа нь үнэхээр сайн хэрэг. Мөн Хавдар судлалын төв өөрийн гэсэн талбайгаа 3000 метр квадратаар тэлэхэд миний оролцоо ч байсан. Ийм эмнэлэг одоогоор байхгүй. Энэ бол сайн жишээ. Ингэснээрээ бид эмнэлгийн үйл ажиллагааг илүү тав тухтай, машины зогсоолтой болгох боломж бүрдсэн. Илүү тунгалаг болсон. хэн нэг нөхөр ганцаараа шийдээд хулгай хийдэг үе өнгөрсөн.

-Ямар ч байсан монголчууд эмнэлгээ өргөтгөе, шинээр барья гэдэг зүйл рүү явж байна уу?

-Энэ бол цаг хугацааны шаардлага. Хүн ам өсөж байна, хүн амын дундаж наслалт ихсэхээр хорт хавдрын өвчлөл ихэсдэг юм. Дээрээс нь байгаль орчны нөлөөлөл байна.  Дээрээс нь эмнэлэг гэдэг чинь хуучин шиг ердийн орон сууцны барилга байхаа больчихсон. Саяын цар тахлаас бид ойлгосон. Агааржуулалт, халдвар хамгаалалтын дэглэм, дэд бүтэц ямар чухал вэ гэдгийг үзлээ. Хаалга онгойход агаар гарах биш ордог байх гээд олон нарийн зүйл бий. Хог хаягдлаа хүртэл яах вэ гээд асуудал байна. Гэхдээ бид хөгжлийнхөө замд л яваа. Харин аль болох богино болгох гээд л хүсэж, хичээж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    DR. ADITY (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2024 оны 08 сарын 09 | Хариулах