Налайх дүүргийн хаагдсан уурхайн 10 га газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Уул уурхайн улмаас эвдэрч орхигдсон Налайх дүүргийн 8 дугаар хорооны 10 га талбайд нөхөн сэргээлт хийхээр болжээ. Уг талбайд ухаалаг хүлэмж, мод үржүүлгийн газар бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах асуудлаар БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Цогтгэрэл, БНСУ-ын Уул уурхайн нөхөн сэргээлт, Ашигт малтмалын корпорацын Монгол дахь Төлөөлөгчийн газрын Гүйцэтгэх захирал Чон Сонү болон холбогдох албаны хүмүүстэй уулзлаа.
Засгийн газраас байгаль орчны нөхөн сэргээлт, тэр дундаа уул уурхайн улмаас эвдэрч орхигдсон газрыг нөхөн сэргээх асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа.
БОАЖЯ-наас тавьсан саналыг хүлээн авч БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-ын санхүүжилтээр тус газарт нөхөн сэргээлт хийж, цогцолбор цэцэрлэгт хүрээлэн байгуулах асуудлыг шийдвэрлэж байгаад талархаж байгаагаа БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Цогтгэрэл илэрхийлээд, Яам болон Ойн газрын зүгээс бүх чиглэлээр дэмжин хамтран ажиллахаа мэдэгдлээ.
БНСУ-ын талаас 5 жилийн хугацаатай 10 орчим сая ам.долларын санхүүжилттэй уг төслийг хэрэгжүүлнэ. Нөхөн сэргээлт хийж ухаалаг хүлэмж, мод үржүүлгийн газар бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж, хүлээлгэн өгөх бөгөөд цаашид ашиглалт үйлчилгээ, менежментийг ямар байгууллага хариуцахыг тодорхой тогтох, саналыг БОАЖЯ-наас гаргасан учир төслийн нэгжийг байгуулахад анхаарал хандуулан ажиллахыг хүслээ.
Налайх дүүрэг дэх төсөл хэрэгжүүлэх 10 га газар төмөр замын онцгой бүс, суурьшлын бүстэй давхцалтай зэрэг асуудлуудад яамны зүгээс анхаарч холбогдох яам, төрийн байгууллага, нутгийн удирдлагатай уг асуудлаар зөвшилцөн шийдвэрлэж өгөхөөр боллоо.
Төслийн ерөнхий зураг төсөл гарсан бөгөөд 2024-2029 онд бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөж байна.
Эх сурвалж: БОАЖЯ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ