E-Mongolia хүүхдийн шинэ цэстэй боллоо

E-Mongolia-гийн нүүрэнд “Хүүхдээр нэвтрэх” шинэ цонх өнөөдрөөс нээгдлээ. Тодруулбал, Хүүхэд регистрийн дугаараа оруулахад QR код гарч ирнэ. E-Mongolia-гийн хэрэглэгч эцэг эхийн аль нэг нь бүртгэлээрээ нэвтрэн хүүхдийнхээ QR кодыг уншуулна. Ингэснээр хүүхэд сургуульдаа ирсэн, гэртээ харьснаа ганц товчлуураар аав, ээждээ мэдэгдэх боломжтой болж байгаа аж.

Түүнчлэн E-Mongolia-д хүүхэд хамгааллын Ekids шинэ цэс хөгжүүлж байна. Аюул эрсдэл тохиолдвол 102, 103, 108 утсанд шууд дуудлага хийх, эцэг, эхдээ мэдэгдэх боломжтой. Хүүхэд хамгааллын технологийн шинэ цэс Ekids-ээр цахим орчинд хүүхдээ хэрхэн хамгаалах, гэмт хэргээс сэргийлэх, яаралтай тусламж яаж авах талаарх заавар зөвлөгөө байршуулж эхэлсэн байна.

ЦХХХ-ны сайд Н.Учралын санаачилгыг үүрэн холбооны “Мобиком”, “Юнител”, “Скайтел”, “Жи Мобайл”, “Ондо” компани дэмжиж, E-Mongolia, Ekids ашиглахад датаны шаардлага хэрэггүй, иргэд E-Mongoila, Ekids-т үнэ төлбөргүй нэвтрэх боломжтой болжээ.

Мөн ЦХХХЯ-наас Google компанид Google Family Link аппликэйшнээ монгол хэлээр ашиглах боломжтой болгохыг хүссэн захидал илгээсэн байна. Эцэг, эхчүүд Google Family Link татан хүүхдийнхээ байршлийг утсан дээрээсээ харах, хэдэн цаг интернэтэд орох зэргийг нь тохируулах зэргээр ашиглаж байгаа юм.

Энэ талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал хэлэхдээ "Өнгөрсөн долоо хоногт мэдээлж байсны дагуу E-Mongolia системд Ekids цонхыг нээж байна. Монгол Улс хүүхэд, залуусын орон. Тиймээс хүүхэд хамгааллын асуудалд ЦХХХЯ өөрсдийн эрхлэх чиг үүргийн хүрээнд Ekids цонхыг гаргаж байна. E-Mongolia-руу нэвтрэхэд 16-гаас доош насны хүүхэд бүртгэл үүсгэх боломжтой. Ekids цонх руу ороход байршил шууд гарч ирэх бөгөөд ямар ч км зайгүй шууд мэдээлнэ. Ингэснээр эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийг хаана явааг шууд харах боломж бүрдэж байна.Хүүхэд ямар нэгэн асуудалд орсон тохиолдолд яаралтай тусламж дуудах, цагдаагийн байгууллагад хандах эрх нээж өгсөн. E-Mongolia системд нийт 1.6 сая хүн бүртгэлтэй байдаг. Алслагдсан сум, суурин газарт ашиглах болох уу гэдэг зүйл мөн яригдана. Ойрын 3-4 жилд энэ асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Сүлжээ харгалзахгүйгээр интернэтэд шууд холбох ажлыг мөн эхлүүлж байгаа. Одоо сүлжээнд холбогдоогүй нийт 191 баг байна. Эдгээр багуудыг хоёр жилийн хугацаанд сүлжээнд хамруулах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийхээр ирэх оны улсын төсөвт санхүүжилтийг тусгасан" гэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ