Х.Болорчулуун: Малын түүхий эд, бүтээгдэхүүнийг гадаадад гаргах, үнийг нэмэгдүүлэх арга хэмжээ авна

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2023.10.13/ үдээс хойших нэгдсэн хуралдаан 65.3 хувийн ирцтэй эхэлж, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайханаас 2023 оны тавдугаар сарын 26-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад тавьсан Малчдын өмнө тулгамдаж буй асуудлын талаарх асуулгын хариуг сонссон юм.

Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, "Мал аж ахуй салбарын бодлогын үр дүнг тооны бус чанарын шалгуураар хэмжих зорилтыг хэрэгжүүлж байна. Засгийн газрын шийдвэрээр баруун гурван аймаг (Баян-Өлгий, Увс, Ховд) бүхэлдээ, Хөвсгөл аймаг бүтнээр нь, Булган, Дорнод, Хэнтий аймгийн зарим сумдад мал эмнэлгийн дэглэм бүхий тусгаарлагдсан эрүүл бүс байгуулахаар бэлтгэл хангаж байна. Харин бусад аймгуудад мал бордож бэлтгэн нийлүүлэх хамгаалалттай аж ахуйнуудыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтад тулгуурлан байгуулах боломж бүрдүүлэх Хөдөө аж ахуйн бүсийн тухай хуулийн төслийг шинээр боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.

Тусгаарлагдсан эрүүл бүс, хамгаалалттай аж ахуй байгуулахтай холбогдуулан Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд холбогдох өөрчлөлт оруулахаар санал тусгаж байна.

Эдгээр эрүүл бүс, тусгаарлагдсан аж ахуйнуудад бордох мал сүргийг олон улсын шаардлагын дагуу ялган тэмдэглэж бүртгэлжүүлэн түүхий эд, бүтээгдэхүүнийг мөшгих тогтолцоог бүрдүүлэх замаар гадаадад гаргах, үнийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм.

Ийнхүү Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, шаардлагыг хангасан малын өвчнөөр тайван бүс, байгууламж бий болсноор мал аж ахуйн салбараас үйлдвэрлэх түүхий эд болон боловсруулсан бүтээгдэхүүнийг нэмэгдүүлж, гадаадын зах зээлээс валютаар орлого бүрдүүлж салбарын хөгжилд төдийгүй малчид, иргэд, аж ахуйн нэгжүүд ашигтай ажиллах эрх зүй, эдийн засгийн таатай орчин бүрдэнэ гэдгийг Х.Болорчулуун сайд мэдээлэлдээ дурдахын зэрэгцээ Монгол Улсын Их Хурлын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоол, Засгийн газрын 2023 оны “Хүнсний хангамж, хөдөө аж ахуйн салбарын технологит ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай” 63 дугаар тогтоолын хүрээнд дээрх аж ахуйн нэгжүүд Мал, аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зээлд хамрагдаж байна. Тухайлбал, мах, сүү, тахианы мах, өндөг үйлдвэрлэлийн чиглэлээр 12 иргэн, аж ахуйн нэгж 29.7 тэрбум төгрөгийн зээлд хамрагдсан бөгөөд одоо үйлдвэрлэлээ өргөтгөх ажлыг хийж байна" гэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ