Ачааны машины ардаас портер мөргөж, нэг хүн амиа алджээ

Орон нутгийн зам дээр нэг хүн амиа алдсан хэрэг гарлаа. Тодруулбал, Өмнөговь аймгийн Манлай сумын Өгөөмөр багийн “Хүрэн дэл” гэх газар ачааны автомашины араас бага оврын ачааны автомашин мөргөсөн хэрэг гарчээ.

Улмаар нэг хүн автомашины эд ангид хавчуулагдан нас барсан байна. Энэ талаарх дуудлагыг аравдугаар сарын 12-ны өдрийн 20.19 цагт холбогдох байгууллагууд хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид 157 км зам туулан 00.30 цагт очиход Дорноговь аймгийн Хатанбулаг сумаас Өмнөговь аймгийн Ханбогд сумын  чиглэлд иргэн О-ийн жолоодож явсан зүтгүүрийн араас мөн чиглэлд хоёр зорчигчтой иргэн И-ын жолоодож явсан ‘Портер” загварын бага оврын ачааны автомашин мөргөсөн байжээ.

Улмаар нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны харьяат иргэн 60 настай А нь нас барсан байсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Иймд, иргэд та бүхнийг зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо сонор сэрэмжтэй байж, зай барьж, замын хөдөлгөөний дүрмийн дагуу зорчихдоо хурдаа тохируулж явахыг анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Энхболд.х (172.58.0.175)
    Осол гарсан газрын тэр сум Хоорондын зай нь ямар ч хол юмб дээ.157 км зам туулж очно гэдэг хэцүү л юмаа
    2023 оны 10 сарын 15 | Хариулах