Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар шилжүүлсэн ХЭРЭГ ШҮҮХЭД ШИЛЖЛЭЭ
Нийслэлийн прокурорын газраас “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн 49 хувийг хууль бусаар бусдад шилжүүлсэн албан тушаалтнуудад холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ.
Тодруулбал, "Эрдэнэт үйлдвэр" ТӨХК-ийн ОХУ-ын эзэмших 49 хувийг тэргүүн ээлжинд МУ-ын Засгийн газарт худалдан авах давуу эрхээсээ татгалзаж, “Монголиан коппер корпрейшн” ХХК-д давуу байдал бий болгосон, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хөрөнгө оруулалтын болон концессын гэрээг байгуулахдаа “Кью Эс Си” ХХК-д давуу байдал бий болгосон, “Хөтөлийн Цемент шохой” ТӨХК-ийг хэт үнэгүйдүүлэн хувьчилсан, Төв аймагт тавигдсан автозамуудын шинэчлэлийн ажлын төсвийг зохиомлоор нэмэгдүүлж, тухайн ажлыг гүйцэтгэсэн компанид давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 21.1 /Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах/, 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 18.6 /Мөнгө угаах/, 22.5 /Хахууль өгөх/, 20.3 /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Тус хэрэгт тухайн үеийн Аж үйлдвэрийн сайд, Сангийн сайд, Зам тээврийн хөгжлийн сайд, Төрийн өмчийн хорооны дарга, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж байсан нэр бүхий албан тушаалтнууд болон “Худалдаа хөгжлийн банк”, “Кью Эс Си” зэрэг ХХК-ийн удирдах албан тушаалын 20 хүн, 2 хуулийн этгээд яллагдагчаар татагдсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ